Б.Батзориг сайдын суудлаасаа салсан ч гишүүний бүрэн эрхтэйгээ үлдлээ

Б.Батзориг сайдын суудлаасаа салсан ч гишүүний бүрэн эрхтэйгээ үлдлээ

Маргааш хуралдах товтой байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Учир нь маргааш Чингис хааны мэндэлсэн өдөр буву Монгол бахархлын өдөр. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэнтэй холбоотойгоор асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх учиртай.

Тиймээс өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг мөн Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар танилцуулж, гишүүндийн байр суурийг нэгтгэн өнөөдрийн дотор шийдвэрлэх ёстой. Тиймээс УИХ-ын чуулганын нэгдсэн өнөөдөр хуралдсан юм.

Хуралдаанд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцлоо. Тэрбээр “Энгийн иргэнийг шалгах, УИХ-ын гишүүнийг шалгах шал өөр асуудал. Б.Батзориг гишүүний холбогдсон хэргийн гүйцэтгэгчид нь хоригдчихсон шалгагдаж байна. Гэтэл хамаг эрх мэдлийг нь эдэлж, чиглүүлж байсан хүн нь энд сууж байна. Хүний эрх, тэгш байдал үүнээс эхлээд зөрчигдөж байна. Үүнийг тэгшитгэх байдлаар Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг би гаргасан” хэмээн үндэслэлээ тайлбарлалаа.

Харин чуулганы хуралдаанд нийт 75 гишүүний 55 оролцож, түүний эрхийг түдгэлзүүлэх эсэхэд саналаа өгсөн юм. Санал асуулгыг цахим хэлбэрээр нууцаар хураасан бөгөөд гишүүдийн 87.8 хувь нь түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг байр сууринд нэгдлээ.

Ийнхүү Б.Батзориг сайдын суудлаасаа салсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэхээр боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.