С.Чинзориг: Жирэмсэн, 0-5 настай хүүхэдтэй ээжүүдийг сувилалд амраах асуудлыг хэлэлцэнэ

С.Чинзориг: Жирэмсэн, 0-5 настай хүүхэдтэй ээжүүдийг сувилалд амраах асуудлыг хэлэлцэнэ

Утааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл ихсээд байна. Эцэстээ эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд чиглэл өглөө. Тодруулбал, жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг амралт сувиллын газарт амраах санал гаргасан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Манай яам Сангийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад тогтоол боловсруулж нөгөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр санал нэгдсэн. Үүнд хэд хэдэн арга хэмжээг төлөвлөөд байна.

Нэгдүгээрт, утааны оргил үед хамгийн их бохирдолтой байгаа бүсүүдэд амьдарч байгаа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн тоог нарийвчлан гаргах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулан ажилладаг амралт, сувиллын газруудын хэд нь өвлийн улиралд ажиллаж байгааг судална. Улмаар жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангаас зардлыг нь гаргаж гэрээтэй амралт, сувиллын газруудад тав хоног амраана. Урьдчилсан тооцоогоор үүнд найман тэрбум төгрөг зарцуулна гэж үзэж байгаа.

Гэхдээ хамрах хугацааг нь багасгаад арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25-ны хооронд амраахаар таван тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна. Нэг тэрбум гаруй төгрөгийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үлдсэн хэсгийг нь Халамжийн сангаас зарцуулахаар төлөвлөж байгаа" гэлээ. Ийнхүү эх, хүүхдийн эрүүл мэндийг  хамгаалах уг асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаа хэлэлцэх юм байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.