Засгийн газрын ээлжит хуралдаанаар юу шийдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар юу шийдэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, 

-Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.

-Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын үндсэн тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажил 96-100 хувь, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 97 хувьд хүрчээ. Дулааны станц, Дулааны цахилгаан станцууд 10-26 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлээд байна. Цаашид эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав.

-“Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулав. Компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр, төлбөр 61.3 тэрбум төгрөг, сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ. Хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийж байна.

 -Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.