Маргааш “МАНАН” бүлэглэлийг нураах бүх нийтийн жагсаал болно

Маргааш “МАНАН” бүлэглэлийг нураах бүх нийтийн жагсаал болно

М.Энхболдыг эсэргүүцэгчид буюу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар маргааш улстөрийн жагсаал зохион байгуулахаар товложээ. Тиймээс өнөөдөр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Ингэхдээ бүх нийтийн жагсаалын зорилгоо танилцуулж, аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдлөө.

Тодруулбал, тэд маргааш "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал"-ын үеэр аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газруудтай хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийг хүслээ. Жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг, согтууруулах ундаа хэмжих, камержуулах зэрэг аюулгүй байдлыг хангадаг. Одоо ч энэ бэлтгэлийг хангасан байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалын үеэр цүнхтэй хүн оруулахгүй байх, эмх замбараатай хийх шаардлагатай байна. Жагсаалд ирж байгаа иргэд ч аюулгүй орчинд үгээ хэлэх нь гэсэн ойлголт, жишгийг тогтооё гэж хүсч байна. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллахыг хүслээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга хурандаа, Ж.Амгалан: Маргаашийн жагсаал зохион байгуулагчдаас хуулийг чандлан биелүүлэх, олон нийтийг турхирах үйлдэл гарвал зохион байгуулагчид хариуцах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Жагсаал, цуглааны зөвшөөрөл бол тодорхой цэг, цаг хугацаатай байдаг. Сүхбаатарын талбайд зөвшөөрөл аваад, Төрийн ордныг тойрох гэх мэт асуудал үүсдэг. Тиймээс энэ чиглэлд зохион байгуулагчид онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл: Маргааш зохион байгуулах жагсаал хуулийн хүрээнд явагдах арга хэмжээ гэдгийг хүсэлтээрээ илэрхийлснийг холбогдох байгууллага хүлээж авсан. Мөн зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг хангах, харилцан ярилцах ёстой. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг маш сайн хангах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байх шиг байна.

Манайд зохион байгуулдаг бүх жагсаал Сүхбаатарын талбай, Төрийн ордны өмнө байдаг. Тиймээс төрийн тусгай хамгаалалттай газар байдаг учраас холбогдох байгууллага арга хэмжээ авч ажиллана. Миний хувьд 2016 оноос хойш Цагдаагийн байгууллагатай хамтран жагсаал, цуглаан зохион байгуулах ажилд анхаарч, зохион байгуулж, аюулгүй байдлаа хангаж ирсэн гэдгийг онцолж хэлмээр байна.

“МАНАН” бүлэглэлийг нураах үүднээс УИХ-ын зарим гишүүдийн санаачлагаар бүх нийтийн жагсаал маргааш Төрийн ордны урт талбайд болохоор боллоо. Албаны хүмүүсийн хэлж буйгаар албан ёсоор зөвшөөрөл авч, хүчний байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа анхны жагсаал болж байна гэх боловч хүмүүс “Нийгмийн уур, бухимдал эцэстээ хүрч, улстөрийн байдал хурцадсан учраас тэнд юу ч болж мэднэ” гэх айдастай байгаагаа цахим сүлжээнд илэрхийлсээр байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.