Төрийн албыг шалны алчуур болгосон Б.Цогоог зайлуулаач

Төрийн албыг шалны алчуур болгосон Б.Цогоог зайлуулаач

Монгол Улсын төрийн албаны зөвлөл гэж ямар ажил хийдэг нь тодорхойгүй, төрийн албаныхандаа хараа хяналт тавьж чаддаггүй хэцүүхэн газар байх шиг ээ. Урьд нь мэдлэг боловсрол, ёс суртахууны хувьд хувьд хамгийн шилмэл хүмүүс л төрийн албанд ордог байлаа. Одоо энэ зөвлөлийн хараа хяналт сул, мөн албан тушаалын наймаа цэцэглэснээс болж хэн дуртай нь төрийн албанд шургалж хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийдэг болж дээ хөөрхий.

Төрийн албаныхныг тойрсон хүнд суртал, элдэв хэл ам тасрахаа болиод удлаа. Аль муу муухай бүхэн төрийн албаныхнаас л гардаг болов. Энэ бүхнийг таслан зогсоох, болохгүй бүтэхгүй байгаатай хариуцлага тооцох ёстой газар нь Төрийн албаны зөвлөл гэх энэ “айл”. Өрхийн тэргүүн нь Б.Цогоо гэж хүн бий.

Тэрбээр 2013 оны нэгдүгээр сараас хойш энэ ажлыг хашиж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн зургаан жил Б.Цогоо төрийн албаныхныг толгойлж яваа гэж хэлж болно. Гэвч энэ хугацаанд төрийн албаны нэр хүнд шалны алчуур болсон гэхэд хилсдэхгүй.

Төрийн албаныхантай холбоотой хамгийн сүүлийн үеийн ноцтой хэргүүдийг дурьдахад, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрлээ, Завхан аймгийн Идэр суманд нэгэн эмэгтэй төрийн албанаас хууль бусаар халагдсанаасаа болж өөрийгөө шатаасан гээд төрийн албаныхны асуудлууд улам л хурцадсаар зарим нь бүр зэрлэг балмад, харгис хэрцгий болж байна. Гэвч төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо гэгч албан тасалгаандаа шигдсээр ...Юу ч хийж суудаг юм. Төрийн ордонд болсон нэг хурал дээр эрүүл бус сууж байсан ч гэдэг.

Түүнийг ажлаа хийж чадахгүй байгаа учраас хариуцлага тооцох хэрэгтэй, цаашилбал албан тушаалаас нь огцруулах  нь зүйтэй гэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын даргад тавьсан. Гэвч энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо ажлаа хийсэн ч биш, хийгээгүй ч биш байсаар л байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан албан бичигт дурдсанаар “Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх....., төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбум”-ын гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан” талаар онцлон дурдсан байсан.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан албан бичигт дурдсан бүхэн үнэний мөртэй. Б.Цогоо нь төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллах 2013-2018 онд буюу өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ажиллахдаа төрийн албанаас хууль бусаар халагдсан 120 мянган төрийн албан хаагчид 41.1 тэрбум төгрөг гаргуулж улсын төсөвт томоохон хохирол учруулжээ. Үүнийг ярихад ганцхан улсад учруулсан хохирлыг яриад зогсох зүйл биш. Төрийн албыг толгойлж яваагийн хувьд энэ олон мянган хүн яагаад хууль бусаар ажлаас халагдаад байгаагийн учрыг яагаад олсонгүй вэ. 120 мянган хүний ард хэчнээн хүний амьдрал байгаа вэ. Ингээд бодохоор түүнд хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз.

Мөн түүнийг тэтгэврийн насандаа хүрээд тэтгэвэр тогтоолгосон ч өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа гэх мэдээлэл ч бий. Өмнөх Ерөнхийлөгчийн үед нутгийн гэдгээрээ энэ суудалд ногоон гэрлээр очсон энэ хүн төрийн захиргаанд ажиллаж байсан уу, өөрөө.

Нэгэнт өөрийн хариуцсан ажлаа хийж чадахгүй төрийн албанд ёс зүй, шударга ёсны хэм хэмжүүрийг тогтоож чадахгүй, хүнд суртлыг арилгаж чадахгүй, улсад энэ их хэмжээний хохирол учруулсан нь үнэнээс хойш одоо ажлаа өгөөд тэтгэвэртээ гарах нь зүйн хэрэг болов уу. Төрийн албаны ёс зүй, төрийн албан хаагчийн ёс суртахууны хэмжээ өнөөдөр шалаар хөглөрөх болсон нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо гэгч энэ хүнд шууд хамааралтай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.