УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.

Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.

УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга, тэмдгийг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгснөөр УИХ-ын шинэ дарга чуулганы индрээс үг хэллээ.

 

Тэрбээр “Надад өндөр итгэл хүлээлгэн УИХ-ын даргын албан  тушаалд нэрийг маань дэвшүүлсэн намынхандаа баярлалаа.  Энэ их итгэлийг би өндөр үүрэг, хариуцлага гэж ойлгож байна. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч гишүүдээрээ дамжуулж эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан.  УИХ-ын эрхэм гишүүд та бид  ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч  нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Ард түмний хүсэмжлэлд хариу барих ёстой. Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэмжлэлд  нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлаж дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Нэгдүгээрт, монголын ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн бодит эрэлт хэрэгцээ болсныг бид чихээрээ сонсч, нүдээрээ харж байна. Ард түмний анхааралд байгаа томоохон хэргүүд, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүй хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс ноёрхож энэ нь шударга, тэгш хэрэгжиж байж төрд итгэл итгэл УИХ-д итгэх итгэл ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэллээ гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл байх учиртай. УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно. Сахилга хариуцлага дээрээсээ эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар билээ. Цаашид УИХ-ын төлөөлөх хууль тогтоох чиг үүргээс гадна УИХ-ын хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож илүү санаачилгатай ажиллах шаардлага байна” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.