Улаанбаатар 3oC

ҮАБЗ-өөс төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авах зөвлөмж гаргасан

ҮАБЗ-өөс төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авах зөвлөмж гаргасан

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргад А.Ганбат генералын нэрийг өргөн барьсныг хэлэлцэнэ. АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг нэр дэвшүүлж УИХ руу оруулсан. Үүнийг хэлэлцэхийг УИХ-ын даргаас хүссэн. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Түүний оронд өөр нэг прокурорын нэрийг дэвшүүлж өргөн барина. Энэ гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэсэн хариуг УИХ-ын Тамгын газраас илрүүлсэн” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч Жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг анх гарахад нь л буруу гэсэн байр суурьтай байсан. Одоо ч ийм байр суурьтай байгаа. Ерөнхий прокурорын зүгээс удахгүй асуудлаа оруулж ирэх байх. Хэдэн хүний асуудлыг оруулж ирэхийг сайн мэдэхгүй.

-Зэвсэгт хүчний жанжин штаб удирдлагагүй байх үед цэргүүд амиа алдсан хэрэг гарлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

-Зэвсэгт хүчний жанжин штабын ажил хэвийн явж байгаа. Цэрэг амиа алдсан асуудал бүрт Зэвсэгт хүчний жанжин штабаас тодорхой мэдээлэл хийсэн. Нэмж хэлэх зүйл алга. Хариуцлага мэдээж яригдана. Хэн буруутай нь шат шатандаа хариуцлага хүлээгээд явна. Зэвсэгт хүчний жанжин штаб даргагүй орлогч дарга нь ажлаа хийж байх үед харамсалтай үйл явдлууд боллоо. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоог УИХ-аар хэлэлцдэггүй. Ер нь нэг байгууллага даргагүй удаан байж болохгүй. Тиймээс ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоог хэлэлцүүлэхээр болсон. Уг нь намрын чуулган завсарлахаас өмнө өргөн барьсан.

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоог УИХ-ын намрын чуулган завсарладаг өдөр өргөн барьсан. Түүнээс өмнө өргөн бариагүй байж яагаад гэнэтхэн чуулган завсарлах өдөр өргөн барьсан юм бэ?

-Томилуулах хүнээ олоход хугацаа хэрэгтэй л дээ.

-Үндсэн хуулиас өмнө батлагдаж байсан Засгийн газарт эрх олгох тухай хуулиар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл гэх хүмүүс байна. Та Төрийн өмчийн хорооны дарга байхдаа бас энэ хуулийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажиллаж байсан байх аа?

-Энэ хуульд ямар ч буруу байхгүй. 1997 онд Засгийн газар энэ хуулийг хэрэглэж шийдвэр гаргаад би очиж хэрэгжүүлж байсан юм. Эргэн сануулахад 49 хувийн ОХУ-д хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр татвараа төлөхгүй, удирдлагагүй болсон үед онцгой дэглэм тогтоож захирлыг нь сольсноор ажил нь хэвийн үргэлжилж байсан юм. Одоо бол 51 хувь нь Стандарт банкны барьцаанд орсон, 49 хувь нь байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг нөхцөл байдалд байна. Засгийн газрын нүдээр харвал байхгүй, Худалдаа хөгжлийн банкны нүдээр харвал байхгүй юм байна. Энэ тохиолдолд онцгой дэглэм тогтоосон нь зөв гэж бодож байгаа. Засгийн газарт эрх олгох тухай хууль бол хүчинтэй байгаа. Манай улсын хүчинтэй хуулийн жагсаалтад бий. Цаашид ч энэ хууль хэрэглэгдэх объектууд гарах байх гэж бодож байгаа. “Эрдэнэт” зөвхөн 49 хувь гэлтгүй удирдлагын хувьд 100 хувиараа асуудалтай болчихоод байгаа учраас Ерөнхийлөгч онцгой дэглэм тогтоосныг зөв гэж үзэж байгаа.

-ҮАБЗ хуралдсан гэсэн мэдээлэл бий. Хэзээ хуралдсан юм бэ?

-Түрүүчийн долоо хоногийн хоёр дахь өдөр ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц байдаг учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хийж байгаа арга хэмжээ сүүлийн өдрүүдэд болсон. ҮАБЗ-д зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох асуудлыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Энэ хүрээнд тодорхой хуулиудыг шинээр батлахыг зөвлөсөн.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэнэ гэсэн үг вэ?

-Одоо тэгээд зах зухаас нь харж байгаа биз дээ.

-Удахгүй өөр газар онцгой дэглэм тогтоох юм биш биз дээ?

-Шаардлага гарвал болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа учраас ингэж байгаа юм. Түүнээс биш хувьцаа эзэмшигчид нь маргахгүй, үйл ажиллагаа нь хэвийн явж байвал онцгой дэглэм тогтоох шаардлагагүй. Мөн Сайншандын төмөр замыг энэ онд, Гашуунсухайтын төмөр замыг ирэх онд барьж дуусгах талаар зөвлөмж гаргасан. Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой”-н Засгийн газарт ногдох хувийн ашгаар төмөр зам тавихыг үүрэг болгож байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, татварын дараах байдлаар 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгөнийнхөө иргэдэд ногдох 15 хувиас нь бусдаар нь төмөр зам тавих шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан. “Эрдэнэс-тавантолгой”-н өмнө нь гаргасан IPO гаргахад 283 тэрбумыг зарцуулна гэх мэт шийдвэрүүдийг хүчингүй болгоод зөвхөн төмөр замын ажлаа хийхээр болсон.

 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.