Н.Энхбаяр: Ц.Нямдорж, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар надаас нэг уучлалт гуйчихаасай

Н.Энхбаяр: Ц.Нямдорж, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар надаас нэг уучлалт гуйчихаасай

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Таныг Эрүүгийн цагдаагаас ямар хэргээр дуудав?

-Миний, бидний хардаж байгаагаар бол хууль шүүхийнхэн наанаа жирийн юм асуух гэж байгаа дүр эсгээд үнэн хэрэгтээ “Эрдэнэт”-ийн 49 хувь юм уу 51 хувь, жаран тэрбум, ЖДҮ ч юм уу, ер нь улс төр, нийгэм, эдийн засгийн олны анхаарал татаад байгаа асуудлуудаар миний амыг үдэх гэж байгаа болов уу. Юм тодруулах нэрээр дуудаж, сайнаар бодоход ам үдэх, муугаар бодоход хэрэг тохох үйл ажиллагаа эхэлж байгаа юм болов уу гэж болгоомжилж байна. Манай хууль шүүхийнхэн ямар шударга бус билээ гэдгийг бид дэндүү сайн мэднэ.

-Таныг дуудахдаа юу гэж хэлсэн юм?

-Телевизэд өгсөн ярилцлагатай холбоотойгоор юм асууя гэсэн. Би “Хэвлэлд ярилцлага өгөх эрхээ авч үлдэхийн тулд та нар дээр явж очмооргүй байна. Миний ярьсан зүйл надаас асуугаад байх юм байхгүй ээ. Би мэдэж байгаагаа ярьчихсан. Та нар тэрийг сонирхолтой мэдээлэл гэж үзэж байгаа бол араас нь өөрсдөө явж, нэр нь дурдагдсан хүмүүсээс асууж тодруулах, миний дурдсан бичиг баримтын цаад эздийг олох бололцоо зөндөө байгаа.

Одоо би танай дээр явж очихоор та нар нөгөө муу аргаа хэрэглэнэ. Мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй гээд гарын үсэг зуруулна. Тэгэхээр би дахиж юу ч ярьж чадахаа болино, яваандаа Улаанбаатар хотоос гарч явж болохгүй, Хэнтий рүү явж болохгүй гэнэ шүү дээ” гэсэн.

-Өмнө дуудахад нь очихгүй байж байгаад юу боллоо доо. Одоо хашрахгүй байна уу?

-Харин очоогүйгээсээ болоод би аврагдсан байхгүй юу. Очсон бол аль хэдийнээ намайг шоронд оруулчихсан байхгүй юу. Би очоогүй, та нарын худлаа жүжигт оролцохгүй гэж хэлж байж өөрийгөө авч үлдсэн. Надад хангалттай гашуун туршлага байгаа учраас эхлээд та нар ЖДҮ-чдээ УИХ-аас татчих. Тэд нараасаа ёсоор нь мэдүүлгээ авчих. Тэр жаран тэрбумынхаа, тэр “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн луйврын асуудлыг шийдчих. Тэгээд дараа нь надаас мэдүүлэг аваг.

Тэгээд ч би сүүлийн арван жил төр засагт ямар ч ажил хийгээгүй. Арван жил төрд ажиллаагүй надаас төр засгийн тийм шийдвэр яаж гарсан гэх зэргээр бичиг баримт шаардаад байх нь утгагүй. Аягүй бол хүн гүжирдсэн гэж худлаа хэрэг үүсгэх гээд байх хэрэггүй. Би мэдээжийн нотолгоотой юм ярина. Үнэнийг ярьсан намайг оролдохын оронд луйвар булхай хийсэн хүмүүсээ шалга.

-Гэхдээ дуудсан цагт нь очих ёстой биз дээ. Дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлнэ гэдэг шүү дээ…

-Хууль шүүхийн байгууллага нь ёсоороо ажиллаж байгаа улсад бол тэгэх ёстой. Худлаа ажиллаж байгаа газар бол өөр дээрээ болон бусад хүнд ямар нэгэн худлаа хэрэг үүсгүүлэхгүйн төлөө би үүнийг эсэргүүцэх үүрэгтэй, бас эрхтэй. Үндсэн хуулинд: Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан байдаг. Энэ чинь яг ийм үед зориулагдсан заалт. Ингэж заасан юм чинь очихгүй байж болно гэсэн үг. Очоод юм ярихаар миний ярьсныг миний эсрэг мэдүүлэг болгож ашиглах гээд байдаг байхгүй юу.

-Та тэгвэл чимээгүй байж байгаад л нөхөн сонгуульдаа орчихож болоогүй юм уу. Эрсдэлтэй биш үү?

-Би болон манай намынхан өмнө нь ч жаран тэрбумыг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг, Худалдаа хөгжлийн банкийг ярьж л байсан. Хууль шүүхийн байгууллагынхны луйвар булхайг ч ярьж л байсан. Харамсалтай нь тэр үед хууль шүүхийнхэн эдгээр луйврыг нам дараад өнгөрөөсөн. Нийгэм маань, албан тушаалтнууд өөрсдөө олигтойхон анхаарч өгөөгүй. Тодорхой хэмжээнд нийгмийн анхааралд очтолоо цаг хугацаа хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь хууль шүүхийнхэнд эдгээр луйврыг шалгах хангалттай цаг хугацаа байсан.

Г эхдээ бид энэ бүх луйвар булхай асуудлыг эхэлж дэлгэсэн нь зөв байсан гэдэг нь хожуу ч гэсэн батлагдаж байна. Тэр асуудлууд явсаар байгаад нэлээд шуугиан дуулиан болж, жагсаал цуглаан болж, Их хурал дээрээ хоёр, гурав талцаж маргаан болсон. Харин бид энэ үед уралдаж дуугараагүй. Бид анх ярьсан шүү дээ гэж урдуур хойгуур нь орж гүйх хэрэггүй гэж үзсэн. Бид эхэлж хэлсэн, үүргээ биелүүлсэн.

Харин одоо тэр том том луйврын асуудлын зарим зүйлийг тодруулж ярих нь зүйтэй гэж үзсэн. Хүмүүс жаран тэрбумыг ойлгочих шиг боллоо. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал таг чиг болчихлоо. Нөгөө Нямдорж хааччихав аа? Ноднин энэ асуудлаар чанга чанга дуугараад байсан хүн одоо таг чиг болчихлоо. Худалдагдчихав уу, эсвэл айчихав уу? гэсэн хардалт байна. Ямар ч байсан одоо энэ “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал мартагдах гээд, хаагдах гээд байна. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулъя. Зөвхөн жаран тэрбумын асуудал гэдгээр М.Энхболдыг ажлаас нь авч хаяад тайвшрах гэж байгаа бол үгүй шүү.

Дээр нь бас эдгээр асуудлын цаана ЖДҮ-ийнхэн нуугдчихаад байна. Яагаад ЖДҮ-ийнхэнд нуугдах боломж олгоод байгаа юм бэ?

-М.Энхболд та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?

-Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дарга гэж ажил хийж байхдаа Чингэлтэй дүүргийн Зул гэдэг даргатай танилцаж түүнтэй ажлаар очиж уулзахад түүний орлогч М.Энхболд гэж мариалагдуу залуу байсан юм. Тэр үед нь нэг их анзаараагүй ч ийм хүн байна гэж анх харсан санагддаг юм.

Сүүлд 1996 онд МАН түүхэндээ анх удаа сонгуульд ялагдчихаад байхад би намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон, тэр үед одоо энэ Энхболд, Хүрэлсүх гэсэн залуучууд намаа яаж өөд нь татах вэ, яаж ард түмнийхээ итгэлийг дахин олох вэ гэж ярилцаж байсан.

Тэр үед М.Энхболдыг, Хүрэлсүхийг дэмжье гэсэн ойлголт надтай хамт намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин бид хоёрт төрөөд намын дэргэдэх Залуучуудын байгууллагыг байгуулсан шиг байгуулъя. Тэгээд удирдлагаар нь У.Хүрэлсүхийг тавьж, энэ байгууллагаа өөд нь тат гээд, тэр байтугай хуучнаар Лениний музей тэр үед МАХН-ын өмч гээд бидний мэдэлд байсныг Залуучуудын холбоонд ерөнхий эзэмшигчээр өгч байсан.

Өмчлөлийн хувьд биш, менежментийн хувьд. Тэр байрыг түрээслээд түрээснийхээ мөнгийг өөрсдөө ав. Тэндээсээ санхүүжилтийнхээ эх үүсвэрийг гарга. Тэрэн дээрээ тулгуурлаж үйл ажиллагаагаа идэвхжүүл, залуучууд дунд орж ажилла гэж тэдэнд их итгэл өгсөн. Тэр үед намын хянан шалгах байгууллагаас тэднийг шалгаад “Маш олон зөрчил байна. Зүгээр нэг хариуцлага хүлээ биш, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний юм байна” гэж их сүртэй ярьсан л даа.

“Залуучууд алдсан ч байж магадгүй. Би сайн мэдэхгүй юм. Юу ч гэсэн ажиллах гээд л оролдож байна. Залуучуудыг мохоогоод яахав” гээд тэднийг тас өмөөрч хамгаалаад залуучуудын байгууллагыг хөл дээрээ тогтох тэр ажилд нь Ө.Энхтүвшин дарга бид хоёр тусалсан юм.

Нам ялагдчихсан гундуухан байсан тэр үед Энхболдыг залуу хүний хувьд хотын намын хорооны даргаар тавья гэдэг асуудал ярьсан. Тэр үед хотын намын хорооны дарга Өлзий гэж хүн байсан. Энхболдыг хотын намын хорооны даргаар тавья гэсэн чинь ахмад үеийнхэн маань нэг их дуртай биш байсан. Тэгээд Ө.Энхтүвшин бид хоёр зөвлөлдөж байгаад М.Энхболдод хотын намын хорооны дарга болгох тухай санал хэлсэн чинь эхлээд айж зугтаасан. Нэг хэсэг алга болчихсон.

-Тэр үедээ ямар ажил хийж байсан юм. Дүүргийн орлогчоо хийж байсан уу?

-Сайн санахгүй байна. Нэг их том ажил хийж байгаагүй. Хоттой холбоотой ажил хийж байсан болохоор хотын намын хороонд залуу хүн тавья гэсэн юм. Хотын намын хорооны хурал гээд хэд хэдэн удаа хуралдсан. Хоёр, гурван ч удаа хойшилсон. Яагаад гэвэл нөгөө нэр дэвшиж байсан М.Энхболд “Ааваасаа зөвшөөрөл авч байж болох үгүйгээ хэлнэ” гээд нэг хэсэг алга болсон. Аав нь “битгий” гэж хэлсэн бололтой.

Тэгээд бид гайхаад “Аавынхаа үгэнд оролгүй л яахав. Гэхдээ улс төрийн том тэмцэл, том шийдлийн асуудал ярьж байхад ааваасаа асууна гээд байх юм. Цаг их алдаж байна, хотын намын хороог өөд нь татахгүй бол болохгүй, хийх ажил маш их байна” гэж хэлж ойлгуулсан. Тэгээд М.Энхболд зориглосон уу, аав нь зөвшөөрсөн үү хотын намын хорооны даргаар нэрийг нь дэвшүүлбэл нэрээ татахгүй гэж тохиролцсон.

Хотын намын хорооны хурал нэлээд халуухан болоход Ө.Энхтүвшин дарга бид хоёр ёстой нэг цээжээрээ хамгаалж дарга болгож байсан юм. Тэгээд дараа нь хотын намын хорооны дарга юм чинь хотын дарга болгоно гэж бас их хүнд хэцүү сорилтон дундуур зүтгүүлсээр байгаад болгож байлаа. Өөрийгөө сайн таниулж чаддаггүй юм уу, эсвэл жаахан болгоомжтой учраас хүмүүсийн итгэл олж чаддаггүй юм уу, М.Энхболд өөрийг нь дэмжихэд их амаргүй хүн байсан л даа.

-Өөрөө хүсэхгүй байхад нь та нар яагаад дэмжээд зүтгүүлээд байсан юм?

-Өөрөө бол дотроо хүсээд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ зориглохгүй байсан.

-Зориглохгүй байхад заавал дарга болгох гээд байдаг нь яаж байгаа юм. Зориглохоор хүмүүс өөр зөндөө л байсан байлгүй дээ?

-Бид итгэсэн байхгүй юу. Арай ноён нуруутай юм болов уу. Итгэл даагаад ажиллачих чадвартай юм болов уу гэж бодоод. Тийм сайн чанар чамд байна гэж өөрийг нь зоригжуулаад. У.Хүрэлсүх бол М.Энхболдыг бодвол илүү зоригтой. Тийм ажил хийе гэхээр тэгье гээд зүтгээд ордог. Гэхдээ аль аль нь хариуцсан ажлаа хийх гэж зүтгэнэ, онох нь ч бий, алдах нь ч бий.

-Та хэсэг залуусыг тэр үед гаргаж ирсэн байх аа. Тэднээс одоо тантай харьцаатай үлдсэн хүн байна уу?

-Байлгүй яахав. У.Хүрэлсүх ч гэсэн тэдний нэг. Ерөнхий сайд болсон хойно нь уулзаагүй л байна. Би Солонгост хөөгдөж туугдаад нутагтаа бараг ирж болдоггүй тийм үе байсан. Тэр үед Ардын нам, Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулсан даа. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасны дараа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, У.Хүрэлсүх Шадар сайдтай Засгийн газар бий болоогүй юу. Тэгээд манай намын хэдэн хүн засагт орох эсэх тухай асуудал яригдаж байхад би Монголдоо буцан ирж Ч.Сайханбилэгтэй уулзаад гарч явахдаа шатан дээр У.Хүрэлсүхтэй таарч, баяр хүргээд духан дээр нь нэг үнссэн санагдаж байна.

Сүүлд Ерөнхий сайд болсных нь дараа Төрийн ордонд нэг ёслол болсон. Ямар ч ёслол байлаа. Би очмооргүй байна гэсэн. Заавал ирэх ёстой гээд уриад байсан. “Ерөнхийлөгч Х.Баттулга таныг ирээч ээ” гэж хэлж байна гээд байхаар нь хүндэтгээд очлоо. Тэгэхэд У.Хүрэлсүх надад “Дарга аа, ний нуугүй хэлэхэд Энхбаяр гэдэг хүний ачаар чи бид хоёр ингэж яваа шүү гэж би Г.Занданшатарт хэлдэг юм” гэж хэлсэн. Занданшатарыг дуудаж дэргэдээ зогсоож байгаад. Тэр үг надад сайхан сонсогдсон.

Тэгээд “Энхбаяр даргатайгаа нэг уулзмаар байна. Г.Занданшатар чи зохион байгуулаарай” гэж хэлж байсан. Тэрнээс хойш ажил төрөл нь болохгүй, амжихгүй байгаа юм байлгүй уулзалдаагүй л явна. Өнгөрсөн онд гурван сарын нэгэнд над руу утсаар өөрөө залгаж яриад баяр хүргэж байсан.

Гуравдугаар сарын нэгэн гэснээс би 2004 онд МАХН байгуулагдсан өдрийг тэмдэглэдэг болъё гэдэг саналыг анх гаргаад “Энэ тэмдэглэлт өдөрт яг ямар нэр өгөх вэ” гэдэг асуудлыг намын бүлгийн хурал дээр ярьсан юм. У.Хүрэлсүх Их хурлын гишүүн болсон байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан учраас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Ардчилсан намын санаачилгаар тэмдэглэлт өдөр болгоё, гуравдугаар дугаар сарын 1-ний өдрийг МАХН-ын санаачилгаар бас тэмдэглэлт өдөр болгоё гээд хоорондоо ярилцаж ойлголцсон байсан юм.

Ингээд намын бүлгээр хэлэлцүүлж байхад “Эх орончдын өдөр” гэж нэрлэвэл яасан юм гэж У.Хүрэлсүх хэлсэн юм. Би “Их сайхан нэр байна. У.Хүрэлсүхийн гаргаж байгаа саналыг дэмжье” гэсэн. Түүх дурсан санахад ийм байна. Харин тухайн үед миний дэмжиж гаргаж ирсэн залуусыг айлгачихсан юм билээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнээ зургаан зуун цагдаа ирээд гар хөлийг нь мушгиад авч явдаг юм Монголын түүхэнд урьд өмнө нь болж байгаагүй юм чинь. Хэзээ ч тийм юм үзээгүй, сэтгэл зүйн тийм дархлаа байгаагүй учраас бүгдээрээ өмдөндөө юм гоожуулсан аятай болчихсон юм байна лээ л дээ.

-Тэгж их дэмжиж байсан М.Энхболдтойгоо та хэзээнээс муудчихсан хэрэг вэ?

-Худалдаа хөгжлийн банкнаас болоод. Тэр асуудал дээр би М.Энхболдод “Энэ банкийг сахал Эрдэнэбилэгт авч өгөх гэж битгий хөөцөлд” гэж зөвлөсөн юм.

-М.Энхболд намын дарга, Ерөнхий сайд болсон байсан уу?

-Тийм. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихаад намын даргаар хэнийг тавих вэ гэхэд С.Баяр, М.Энхболд хоёрын нэр яригдсан. Би “С.Баяр ч итгэл дааж нэг баг болж улс орныхоо төлөө хамтран ажиллах нь юу л бол. Арай өөр сонирхолтой байж магадгүй гэж бодоод М.Энхболдыг арай ноён нуруутай юм болов уу, нэг баг болоход арай дээр юм болов уу гэж бодоод нэрийг нь намын даргад дэвшүүлсэн юм.

Тэгэхдээ би заавал өөрөө нэрийг нь дэвшүүлээд яахав. Заалнаас нэрийг нь дэвшүүлээд намын их хурлын төлөөлөгчид өөрсдөө сонгоно биз гэж бодож байлаа. Тэр үед Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил хоёр “Та өөрөө намын даргын хувьд, дөнгөж сая Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний хувьд энэ зааланд “М.Энхболдыг намын даргаар сонгож болгоорой” гэж хэлж байж цаадах чинь сонгогдож гарч ирэхээс биш заалнаас хэн нэгэн хүн нэрийг нь дэвшүүлбэл М.Энхболд унах гэж байна. Одоо та өөрөө индэр дээр гараад нэрийг нь дэвшүүл. Тэгвэл М.Энхболд намын дарга болно. Та хэлэхгүй бол унана” гэлээ.

Тэгэхээр нь би “Дандаа надаар бүх юмаа хийлгэж байхаа болиоч. Одоо та нар өөрсдөө энэ бодлогыг хэрэгжүүл дээ” гэтэл тэд “Та өөрөө л хэлэхгүй бол болохгүй” гэсэн. Тэгээд би зааланд явж ороод “Би М.Энхболдыг дэмжиж байна. Намынхаа даргын хувьд, дөнгөж сая Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийхээ хувьд ийм санал хэлж байна. Та нар миний саналыг харгалзан үзээрэй, хүндэтгээрэй” гэж хэлж захиж байгаад нэрийг нь дэвшүүлсэн.

Мэдээж С.Баярын нэрийг өөр нэг хүн дэвшүүлсэн. Тэгээд санал хураалтаар М.Энхболд ялсан. Үүрээр Т.Бадамжунай над руу утасдаад “Энхбаяр Ерөнхийлөгч өө, М.Энхболд намын дарга боллоо. Санал хураалтын тооллогын дүн гарсан. Бид нар одоо хамт сууж байна. Та дэмжсэн учраас М.Энхболд маань намын дарга болж байна. Баярлалаа. Бид таны ачийг хэзээ ч мартахгүй” гээд утсаар уйлаад ярьж байсан юм. Би тэгэхээр хариуд нь “Т.Бадамжунай, тайван тайван, уйлаад яахав, бүгдээрээ ингээд сайхан баг болоод хамтран ажиллая” гэсэн.

Сүүлд хууль шүүхийн байгууллага надад харгис хэрцгий хандахаар энэ мэтийн хүмүүс бүгд айчихсан юм билээ. Зарим нь харин миний эсрэг ажилласан ч байж магадгүй. Т.Бадамжунай эд нар айсан юм уу, нөгөө талд хуйвалдсан юм уу, би янз янзын юм сонссон. Хуйвалдсан тал руугаа л байсан байх.

За тэгээд М.Энхболд намын дарга болчихоод Ерөнхий сайд болсон. Тэгэхдээ бас их түвэгтэй болсон.

-Ц.Элбэгдоржийн дараа болсон билүү?

-Тэгсэн. Их хуралд миний өрсөлдөж гарч ирсэн Баянголын 65 дугаар тойрог онгойсон учраас М.Энхболд нэр дэвшиж Их хурлын гишүүн болох хэрэгтэй болсон. Тэр үед би Ц.Элбэгдоржтой жаахан муудалцсан. Ц.Элбэгдорж тэр үед Ерөнхий сайд болсон байсан. “65 дугаар тойрог дээр нэр дэвшье” гэхээр нь би намынхныхаа хүслийг дэмжээд МАХН-ын ашиг сонирхлын үүднээс хандчихсан юм. “Үгүй ээ, энэ бол манай намын, тэр тусмаа намын даргын суудал. Намын дарга л авах ёстой. Чи манай намын дарга биш биз дээ.

Манай намын дарга бол М.Энхболд. Чи нэр дэвших ёс суртахууны эрх байхгүй. Тэгж яривал тэр үед МАХН 37 суудалтай, АН цөөнх байсан. МАХН хамгийн олон суудалтай байсан. Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, С.Оюун нар УИХ-д суудалтай байхад тэдэнтэй хамтралгүй АН-тай хамтарч, АН дотроос чамайг санал болгоход дэмжээд Ерөнхий сайд болгосон. Бидэнд хоёр дахь хувилбар байсан. Жижиг намуудтай нийлээд Засгийн газар байгуулах боломж байсан. Бид 37-уулаа нэмээд хоёр суудал байхад л болох байсан. Улс орныхоо өмнө тулгамдсан том том асуудлыг шийдэхийн тулд том намтай хариуцлагаа хамт үүрээд явъя гэсэн. Тийм учраас та нартай хамтран ажиллаж байгаа” гэж тайлбарласан.

Энийг хүмүүс андуураад МАНАН-г анх Энхбаяр байгуулсан гэх гээд байдаг. Үнэндээ бид тэр үед дангаараа олонхын суудал аваагүй учир дуртай ч, дургүй ч бусад намтай хамтран ажиллахаас өөр аргагүй байсан. Одоо олон хүн намайг зэмлэхдээ “Та гудамжид лааз өшиглөөд явж байсан Ц.Элбэгдоржийг гаргаж ирсэн” гэж буруутгадаг юм.

-Нөгөө бүдүүн бүлэг болно гэдэг үе үү?

-Тийм, 2004 оны сонгуулийн дараа байхгүй юу. Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулах санал тавьтал дотроо хэрэлдэж хэрэлдэж, өчнөөн юм болж болж, М.Энхсайхан болох уу, Н.Алтанхуяг болох уу, Ц.Элбэгдорж болох уу гэж баахан ярьж байгаад АН-аас Ц.Элбэгдоржийн нэрийг гаргаж ирсэн. Уг нь 2004 оны сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж надтай уулзаад “Би Хархорин сумын Засаг дарга болъё” гэж хэлж байсан.

“Манай Ардчилсан нам ч нэг их явахгүй юм шиг байна. Луйвар булхай орохгүй бол ерөнхийдөө сонгуулийн дүн 2000 оны сонгуулийн дүнг бараг давтах байдалтай байна. Та нар ч бас их юм хийсэн юм шиг байна. Би Хархорин сумын Засаг дарга болъё. Тэр нь дээр, харин дэмжээрэй” гэж ярьж байсан юм.

Өмнө нь С.Баярцогт надад “Ц.Элбэгдорж дарга Америкаас ирчихсэн байгаа, тантай уулзуулъя” гэж хэлээд байхаар нь уулзсан чинь тийм санал тавьсан хэрэг. Хүн өөрөө Хархориныг сайхан болгоё гэж байхад нь би яагаад дэмжиж болохгүй гэж. Хөрсөн дээр нь очоод ажиллая, юу чаддаг, юу сурсан мэдсэнээ харуулъя гэж байгаа бол дэмжихгүй гэж хэлэхгүй шүү дээ. Ингээд М.Энхболдыг 65 дугаар тойрог дээр бараг өрсөлдөгчгүй дэвшүүлж Их хурлын гишүүн болгосон. УИХ-ын гишүүн ч боллоо, намын дарга ч боллоо. Тэгээд Ерөнхий сайд ч боллоо.

М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбатын намынхан гээд бусад намуудын төлөөлөл орж байгаад М.Энхболдын Засгийн газар бүрдсэн. Тэр үед М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр зөрчилдсөн. Ц.Элбэгдорж М.Энхболдод “Чи Ерөнхий сайд болох гэж намайг унагаалаа. Чи Ардчилсан намаас урвасан хүмүүсийг авч ажиллууллаа. Чи ямар том цаг зүүдэг юм гээд л”.

-Худалдаа хөгжлийн банкнаас болж М.Энхболд та хоёр муудсан талаар ярьж байсан шүү дээ. Тэгсэн арай өөр түүх яригдаад явчихлаа

-Нэг түүх чинь олон түүхийн дундаас илүү тодорхой болно шүү дээ. М.Энхболд Ерөнхий сайдаар чадах ядахаараа ажиллаж байна гэж бодоод дэмжээд байж байтал намайг огт мэдээгүй байтал Худалдаа хөгжлийн банкны асуудал чих дэлссэн. Тэгээд “Энэ юу болоод байна” гэтэл “Мэдэхгүй, нэр нь мэдэгдэхгүй хүмүүс авч байгаа бололтой” гэж дуулдсан. Эрхбиш Монгол Улсын Ерөнхийлөгч байна даа, Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд ийм том банк, санхүүгийн асуудал яригдаж байхад “хэн авах гээд байгааг ядахнаа мэдье” гэсэн.

Тэгээд судалсан чинь М.Энхболд Ерөнхий сайдын хувьд Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцоно гэж явчихаад тэнд сахал Д.Эрдэнэбилэгтэй хамт өмнө нь Худалдаа хөгжлийн банкийг хувьчлаад авчихсан байсан Жералд Металз компанийнхантай уулзаж “Та нар банкаа энэ Д.Эрдэнэбилэгт зараарай” гэх зэргээр наймаа ярьсан байгаа юм.

Би тэгснийг нь сүүлд нь мэдчихээд М.Энхболдыг зэмлэсэн. “Яаж байгаа юм бэ. Улсынхаа Ерөнхийлөгчөөс нууж ийм ажил хийгээд. Өөр ажлаар явж байж тийм юм хийгээд явж болохгүй шүү дээ. Би чамд ганц юм хэлье. Яахав тав арван төгрөг хэрэгтэй, намын санхүүжилт хэрэгтэйг ойлгож байна. Өөрөөр, цэвэрхэн аргаар хуулийн дагуу мөнгөө ол. Ийм юм битгий хий. Монголд ч бөөн хэл ам дагуулсан юм болно. Чи энэнээс биеэ тат. Энэ ганцхан чамд муу юм болоод зогсохгүй Монголд хор хохиролтой юм болно” гэлээ.

М.Энхболд өөрөө зориг муутай хүн юм чинь бүлтэлзэж байгаад надад банкны хувь өгнө энэ тэр гэж ярьсан. Би урдаас нь бухимдаж загнасан. Би тэр үгийг нь өөрийнх нь үг гэж бодохгүй байна. Сахал Д.Эрдэнэбилэг тэгж хэл гэсэн байх. Эсвэл Т.Бадамжунай хэлсэн байх. Энэ хоёр хүний аль нэг нь л “Чи ороод Энхбаяр Ерөнхийлөгчид банкны хувь амла” гэж хэлсэн байх. Дараа нь Т.Бадамжунай орж ирээд бас нэг тийм юм хэлсэн. Надад бас загнуулсан. Тэрнээс хойш хоёулаа ичээд надтай уулзаж чадахаа байсан. Ялангуяа Т.Бадамжунай.

-Худалдаа хөгжлийн банкийг авчих сонирхол танд байгаагүй гэж үү. Эсвэл гайгүйхэн хувь хүртчих ч юм уу. Таны ярианаас та огт хамаагүй, өөр хүмүүс л авах гээд байж гэж ойлгохоор. Гэтэл М.Энхболд “Энхбаяр Эрдэнэтийн 49 хувийг болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан, оролцсон мэтээр ярьж ор үндэслэлгүй гүтгэлээ. Хуулийн байгууллагад хандахаар боллоо” гэж твиттерт жиргэсэн байсан шүү дээ.

-Хандаг хандаг. Би үүнийгээ дахин ярина шүү дээ. Ханд, ямар ч хориглох юм байхгүй. Аливаа юмны үнэн мөнийг нь тогтоохын тулд хүмүүсийн хэлсэн үгийг сонсох нь хангалтгүй. Болсон үйл явдлыг судлах хэрэгтэй. Тэгэхээр миний хэлээд байгаа юм болсон үйл явдлуудаар хангалттай батлагдана.

-Таны эхнэр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-д байсан шүү дээ. Та тэгэхээр энэ банкийг сайн мэддэг. Тэр тусмаа хувьчлалд оролцох сонирхол байсан л баймаар. Нэг үе их бичигдэж байсан сэдэв шүү дээ….

-Тэр чинь ийм юм болсон юм. 2000 онд. Дээрх яриа, үйл явдал болохоос бүр өмнө. Манай нам чинь тэр үед УИХ-д 72 суудал аваад Засгийн газрыг дангаараа байгуулах эрхтэй байсан үе. Энийг хүмүүс надтай адил дэс дараагаар нь сайн санахгүй байгаа болохоор хооронд нь хольж хутгаад байдаг юм.

2000 онд бид ялчихаад банк санхүүгийн байгууллагуудыг цэгцлэх, цалин тэтгэврээ цагтаа тавьдаг болох гээд ажил их байлаа. Тэр үед цалингаа ч цагтаа тавьж чаддаггүй байсан. Сангийн сайд Ч.Улаан судлаад үзсэн чинь тэр үед төсвийн гадуурх орлого гэж хачин ойлголт байсан. Төсвийн гадуурх орлогын данс гэж банкуудад энд тэнд байрлуулчихсан данснууд байсан. Баахан мөнгө энд тэнд нуугдчихсан байна гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар төсвийн байгууллагад ажиллаж байсан хүмүүст цалин тавьж чаддаггүй. Тэгсэн мөртлөө төсвийн байгууллагуудын төсвийн гадуурх дансанд хэдэн сарын цалин тавьчих мөнгө байдаг. Ийм замбараагүй санхүүгийн систем байсныг цэгцлэх бас амаргүй. Цэгцлэх ажлын явцад банкуудыг цэгцлэхгүй бол болохгүй болсон юм. Тэр үед харамсалтай нь Худалдаа хөгжлийн банкийг хууль бусаар хувьчилчихсан байсан.

Бид тэрийг хуулийн дагуу төрдөө буцааж авах гэж одоо “Эрдэнэт”-ийг Хүрэлсүх төрд буцааж авах гэж байгаа шиг ажиллахгүй юу. Мэдээжийн хэрэг одоогийнхтой адил биш ч тодорхой хэмжээний хэрүүл уруул болно шүү дээ. Тэгэхэд энэ ажлыг хариуцаж байсан хүмүүс маань банк санхүүгийн онцлогийг сайн мэддэг, чадвартай хүмүүс орж ажиллахгүй бол маш их хэрүүлч ганц хоёр хүн байна, дээр нь бичиг цаасны дэс дарааллын учрыг олохгүй бол болохгүй байна гээд өөрсдөө манай эхнэр Цолмонг “Чи Монголбанкинд ажиллаж байсан, Үнэт цаасны хороонд ажиллаж байсан учраас туслаач гэхэд нь Цолмон надтай зөвлөж “яах вэ?” гэж асуусан.

Би эхлээд “Сүүлд нь хэл ам татлах болов уу” гэж эргэлзсэн. Харин санал тавьсан хүмүүс “Юу гэсэн үг вэ, энэ банкийг өөр мэдэх хүн алга” гээд байхаар нь Цолмон ХХБ-д очиж, тэр Мэдрээ, тэр Сүх-Эрдэнэ нартай уулзсан. Өмнө нь Цолмон тэд нартай Монголбанкинд хамт ажиллаж байсан сайн мэддэг, таньдаг байсан.

Тэгээд шалгасны эцэст “Үнэхээр буруу байж. Энэ банкийг ийм аргаар хувьчилж болохгүй байсан байна” гэж хаа хаанаа ойлголцсон. Бичиг баримт дээрээ гарын үсгээ ч зуралцсан. Тэрнээс хойш Цолмон Худалдаа хөгжлийн банкны асуудалд ямар ч оролцоогүй болсон. Зүгээр л ХХБ-ийг төрд буцааж авах ажлыг хийсэн.

Тэгж ярих юм бол Ч.Сайханбилэгийн хэлсэн шиг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан нөхдөд Эрдэнэтийн хашаан дотор алтан хөшөө босгоно” гэсэн шиг би ямар одоо эхнэрийнхээ алтан хөшөөг босгоё гэж ярилтай биш. Тэр үед бол манай Цолмон Худалдаа хөгжлийн банкны хууль бус болсон хувьчлалыг буцааж чадсан. Тэгээд ХХБанк буцаад төрийн өмчийн банк болоод ажиллаж байлаа.

Тэгтэл Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд “Банкууд улсаас, Засгийн газраас хэтэрхий их хараат байна. ХААН банкаа хувьчил, Худалдаа хөгжлийн банкаа хувьчил, тэгж байж чөлөөт зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаараа ажиллана” гэх зэргээр зөвлөөд, үнэн хэрэгтээ зөвлөгөө нэртэйгээр тулгасан.

Би тэр үед зах зээлийн эдийн засаг гэдэг юманд итгэдэг байсан. Зах зээлийн эдийн засгийг “нууц гар” зохицуулдаг, төр засаг үүнд оролцох, зохицуулах хэрэггүй гэж боддог байсан учраас Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран ажиллая, эд нар чинь бас Монголд дэмжлэг туслалцаа үзүүлнэ, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж өгнө гэж байсан учраас хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс Худалдаа хөгжлийн банкийг хувьчлахгүй юу. 2000-2004 оны хооронд.

Тэгээд Жералд Металз гэдэг компани авсан юм. 13 гаруй сая америк доллараар. Компаниуд өрсөлдөөд хамгийн өндөр үнэ өгсөн нь Жералд Металз байсан. Тэгээд нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр компанийн эзэн “Энэ банк санхүүгийн бизнес гэж нэг л биш ээ. Би ашигт малтмал борлуулах ажил эрхэлдэг хүн. Банк санхүүгээс хол. Монголд ашигт малтмалын салбарт орж ажиллахад санхүүгийн гар хөл хэрэгтэй гэж энэ банкийг хувьчлахад орсон. Одоо үүнийгээ ашигтай заръя” гэсэн юм байж. Ингэж Монголын төв банкныханд хэлсэн юм билээ.

Би тэгэхэд Ерөнхийлөгчөөр сонгогдчихсон байсан. Тэр үед би Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулъя, бүгдээрээ 15 жилээр хөгжлөө төсөөлж төлөвлөдөг болъё гээд уралдаан зарласан. Эрдэмтдийн багууд оролцож, Дорж академич тэргүүтэй анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай оролцсон баг түрүүлсэн. Тэр багийнхны ажиллаж боловсруулсан цогц бодлогын бичиг баримт дээр суурилж дээр нь эрдэмтдийг дайчилж байгаад дахин боловсруулаад хөгжлийн бодлогын бичиг баримтыг УИХ-д өргөн барьж, 2006 онд батлаад 2020 он хүртэл буюу 15 жилийн турш тогтвортой хэрэгжүүлэх бодлого гаргасан.

Тэгээд тэр бодлогыг “Гурван арван тав” гэж нэрлэе гэж ярьцгаасан. Энэ бол арван таван жил хэрэгжих төлөвлөгөө, жил бүр Монголын эдийн засгийг арван таван хувиас доошгүй өсгөнө. Тэгээд арван таван жилийн дараа нэг хүнд 15 мянган америк доллар оногддог Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс орон болъё, ингэж чинээлэг дундаж давхаргатай улс орон болно. Ингэхийн тулд санхүүгийн эх үүсвэр дутаад байна, нийт 25 тэрбум америк доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Тэр үед 25 тэрбум америк доллар бол том тоо сонсогдож байсан.

Тэгсэн чинь Очирхүү гишүүн гээд бусад хүмүүс энэ цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд урт хугацааны бага хүүтэй зээл өгдөг төрийн банк хэрэгтэй юм байна. Бүх банкаа хувьчилсан нь буруу юм байна. Төрийн банк байгуулах юмуу, эсвэл Худалдаа хөгжлийн банк зэрэг банкийг төрд буцааж аваад тэрийгээ төрийн банк болгох юм уу гэж ярьж, зөвлөж байсан. Ингэж судлагдаж байх хооронд янз бүрийн компаниуд ХХБ-ийг авах тухай хөөцөлдсөн байх.

Тэр ажлаа ил тод нээлттэй хийхийн оронд сахал Д.Эрдэнэбилэг нар М.Энхболдыг ашиглаад нууцаар, ямар эх үүсвэр нь мэдэгдэхгүй мөнгөөр тэр банкийг авчихсан юм билээ. Төв банкинд ч мэдэгдээгүй. Тэр нь хожим мэдэгдээд би М.Энхболдыг зэмлээд, М.Энхболд надад сахал Д.Эрдэнэбилэгийн хэлснээр банкны хувь санал болгоод загнуулсан үйл явдал болохгүй юу.

Би Монголбанкны ерөнхийлөгч Батсүхийг дуудаад “Ямар хүмүүс ХХБ-ийг аваад, юу болоод байгаа юм” гэтэл хариуд нь “Хугацаагүй, хүүгүй, барьцаагүй мөнгөөр авчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “Батсүх ээ, чи өөрөө надад хэлсэн юмандаа итгэж байна уу. Дэлхийд хугацаагүй, хүүгүй, барьцаагүй зээл гэж байдаг юм уу” гэсэн. “Байхгүй л дээ” гэж байна. “Тэгвэл яагаад чи хүмүүс чамайг улайм цайм хуурахын тулд хэлсэн үгийг надад дамжуулаад сууж байгаа юм бэ. Хоёулаа ингэхээ больё оо. Тэр хүмүүсээ ил гаргах хэрэгтэй. Хэн юм бэ. Миний сонссоноор цэргийн үйлдвэрт маш олон жилийн даавуу шахсан хүн гэж дуулдаад байх юм. Тэр мөн үү” гэлээ.

-Тэр нь Д.Эрдэнэбилэг үү?

-Тийм, сахал Д.Эрдэнэбилэг. Түвдэндоржийг Батлан хамгаалахын сайд байхад миний сонссоноор бараг зуун жилийн даавуу шахсан гэж байсан. Зуун жил нь ч арай юу юм. Гэхдээ л үйлдвэрийн хэрэгцээнээс нь илүү даавуу шахсан гэж дуулддаг. “Наадах чинь их сэжигтэй байна аа, Батсүх ээ. Аюулгүй байдлын зөвлөлд мэдэгддэггүй. Төв банкинд мэдэгддэггүй, эх үүсвэр нь мэдэгддэггүй. Ийм луйвар булхай хийхээ больё оо. Чи энийг шалгаад, таслан зогсоож, энэ банкийг зөв менежментээр яаж авч явах вэ гэдэг бодлого боловсруулаач” гэсэн.

Тэгэхээр нөгөө М.Энхболд маань дургүйцээд. М.Энхболд ч яахав, сахал Д.Эрдэнэбилэгийн нөлөөнд орсон юм шиг байгаа юм. Би М.Энхболдод “Энэ чинь Монголд их аюултай юм болно шүү. Та нар сахлын дуулгавартай зарц болно. Энэнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ийм юмнаас биеэ татаж сурах хэрэгтэй. Дандаа ингээд бүх юманд ороод байж болохгүй” гэсэн. Миний үгэнд ороогүй. Тэрнээс хойш харилцаа хөндийрсөн.

-Та Эрдэнэбилэг гэдэг хүнтэй уулзсан уу?

-Нэг удаа уулзсан.

-Ямар тохиолдлоор уулзсан юм?

-М.Энхболд, С.Баярцогт бас бус хүмүүс “Энэ залуу Худалдаа хөгжлийн банкийг авсан юм байна. Та уулзаад зовлон жаргалыг нь сонсоо гэсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь туйлын сэжигтэй хүн байна. Уулзвал би шууд л буруу юм хийж байна, боль гэж хэлнэ. Аягүй бол сүүлд намайг гүжирдэнэ. Би уулзахгүй” гэсэн Гэтэл тэд “Та ганц удаа уулзчих Ерөнхийлөгч хүн хулгайчтай ч бурхантай ч уулзах ёстой” гэхээр нь нэг уулзсан.

Угаасаа уулзах дургүй байсныг ч хэлэх үү. Орж ирмэгцээ л “Буянгийн Жагаа намайг танд их муулдаг юм байна. Буянгийн Жагаа бол манай банкнаас зээл аваад төлдөггүй хүн. Т иймээс бидний харилцаа зөрчилтэй. Тэрнээс болоод танд биднийг муулсан байна” гэхээр нь “Чи амар байна уу гэж мэндлээгүй байж шууд хүн муулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би анхнаасаа чамтай уулзахгүй гэж байсан. Тэр нь зөв байж. Одоо ингээд яв. Би чамтай уулзахгүй” гэж хэлээд явуулсан.

-Тэгээд өөр юм яриагүй гэж үү?

-Юу ярих юм бэ. Яриагаа эхэлмэгцээ шууд Жаргалсайханыг муулахаар нь “Би чамтай, чамгүй Б.Жаргалсайханыг мэднэ. Надад түүнийг муулаад яах гэсэн юм бэ. Тиймээс яриагаа дуусгая. За ингээд баяртай” гээд л гаргасан. Тэгж гаргасан нь ч зөв болсон юм.

-Дахиж уулзаагүй юу?

-Дахиж уулзаагүй. Уулзъя гэж баахан хэлүүлсэн. “Би буруу юм ярьчихаж, уучлаарай, би ярья гэсэн юмаа ярьж амжсангүй” гэж хэлүүлсэн. Би уулзахгүй гэсэн. Тэгэхээр нөгөөдөх чинь М.Энхболдоор над руу мессеж хаяулсан нь тэр. “Хэдэн хувь авах уу” гэж. Хүмүүс бүгдээрээ өөртэй нь адилхан шуналтай гэж бодож л дээ. Би М.Энхболдод “Чи ч өөрөө тийм юманд битгий орооцолд,” би тэр тусмаа оролцохгүй. Угаасаа сэжигтэй хүн гэж мэдэж байгаа учраас би сахлын тухай чамтай ярихгүй” гэсэн.

-Тэгээд одоо болохоор М.Энхболд “Би хамаагүй” гээд, Д.Эрдэнэбилэг таныг хорин хувь нэхсэн гээд байдаг. Та “үгүй” гээд байдаг. Хэний чинь үгэнд итгэх болж байна аа?

-Хүний үгийг болж өнгөрсөн үйлдлээр нь шалгавал үнэн харагдана. Эцсийн эцэст М.Энхболд ч, Д.Эрдэнэбилэг ч шоронд ороогүй. Би харин тэгэхэд тэр банкинд хувь авчихсан бол 2009 онд луйвардуулж сонгуульд унахгүй, 2013 оны сонгууль болтол ажлаа хийгээд, Худалдаа хөгжлийн банкийг хамгаалаад, аягүй бол Эрдэнэтийн луйварт хамт орчихсон хамгаалаад л, Эрдэнэтийн 51 хувийг авах гээд л, Хар төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй аваад л сууж байсан байх. Харин анхнаасаа энэ луйврыг таслан зогсоох гэж зүтгэснийхээ төлөө энэ багийнхны заналт дайсан нь болж хохирлоо шүү дээ. Энэ баг энэ бүх луйврыг хийсэн нь тодорхой байна шүү дээ. Тэгэхээр хэний талд үнэн байгаа нь харъя гэвэл харагдаж байгаа биз дээ.

-Та М.Энхболдыг ч элдвээр хэлж, өөрийгөө ялласан Сагсай прокурорыг ч “сагсайдсан” гээд л. Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгаа мөртлөө заавал яагаад ийм юм ярьж бөөн хэрүүл, шуугиан тарьчихав аа. Мөрөөрөө нөхөн сонгуульд нэр дэвшээд явж болоогүй юм уу?

-Хууль шүүхийнхэн нэг л их шударга царай гаргаж “Монгол Улсын нэрийн өмнөөс…” гээд байдаг. Гэтэл Монгол Улсын нэрийн өмнөөс гээд сая тэр сахал Д.Эрдэнэбилэгийг чөлөөлчихөж байна. Тэгэхээр манай хууль шүүх ялзарсан хэвээрээ байгаа юм байна. Хууль шүүхийн байгууллагын талаар С.Бямбасүрэн гуайн өгсөн нэр томьёо надад тод томруун санагдаж үлдсэн байхГүй юу. “Сагсайдах” гэж. Захиалгаар хэрэг шийдэх гэсэн үг.

-Таныг ялласан прокурор Сагсай гэж хүн учраас та энэ хүний талаар ярьж, бичлэг энэ тэр яриад байна уу. Энэ хэр баттай вэ? Та өөрөө хүн гүтгэсэн асуудалд орохгүй юу?

-Тийм бичлэг байдаг гэж их олон хүнээс сонссон. Энэ Сагсай чинь зөвхөн таныг “сагсайдсан” хүн биш ээ. Маш их муухай эвдэрсэн хүн гэж. Хууль шүүхийнхэн ийм хүмүүс шүү дээ гэж.

-Та сонссоноо л хэлээд байвал хүн гүтгэсэн л болно биз дээ.

-Гүтгээгүй ээ. Баримтууд эрт орой хэзээ нэгэн цагт дэлгэгдэнэ. Тэр прокурор Сагсай гэсэн нэртэй. “Сагсалзах” гэдэг юм уу, хуулийн нэрийг бариад их сагсалзсан, эндээс ургуулаад “сагсайдах” гэсэн үг гарч байна. Хүнийг шударгаар биш “сагсалзаж” хэлмэгдүүлэх гэдэг ч юм уу. Тэр тухайд л ярьсан.

-Таны хэлснээр нөхөр нь асуудалд орсон айлын эхнэртэй харьцаанд орсон гэх мэтээр ярьсныг олон нийт өөрт нь тохиолдсон юмаа Н.Энхбаяр гуай яриад байна уу гэлцээд байсан.

-Ингэж муухай мушгин гуйвуулж, Сагсайтнуудыг өмөөрч болохгүй гээд хэлчихье. Миний хувьд маш муухай сонсогдож байна. Хууль шүүхийнхний луйвар булхайд бид маш их серьёзно, нухацтай хандах хэрэгтэй. Сагсайн тухай би олон эх үүсвэрээс сонссон. Баттай юу? гэж асуусан. Баттайгаар барах уу баттай гэж хэлж байна лээ хүмүүс. Харин ч аль хэдийнээ сонсож мэдэж байсан ч дэлгэе гэж бодолгүй тэвчээд явсан.

-Та хууль, шүүхийн байгууллагад шударга хүн байдаг гэж итгэдэг үү?

-Бараг итгэдэггүй. Яагаад гэвэл систем нь өөрөө хүнийг эвдчихэж байгаа юм. Эхэндээ маш гоё, шударга ажиллая гэж бодож байсан хүн байсан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд очихоор нь “Чамайг би, бид томилсон, хохь чинь шүү, цолтой чинь ярина шүү, чамайг ажилгүй болгоно шүү” гээд л дээрээс нь дарж шахсаар, айлган сүрдүүлсээр тэд нараар хүссэн юмаа хийлгэдэг.

Жишээ нь, тэр Соёмбо-Эрдэнэ гэж шүүгч өөрөө Сонгинохайрхан дүүрэгт байхдаа найздаа юм уу, нэг хүнд тусална гэсэн ч юм уу хэргийн материалыг урчихсан. Тэр чинь өөрөө гэмт хэрэг биз дээ? Ингээд хууль шүүхийн байгууллагад ажиллах эрхээ хасуулчихсан хүнийг зориуд олж тэрүүгээр нь барьцаалж, Энхбаярт ял өгөх гэсэн зорилготой хүмүүс Соёмбо-Эрдэнийг ашиглана. Эсвэл Энхбаяр, эсвэл чи өөрөө шоронд явна гэхээр тэр хүн чинь Энхбаярыг л шоронд явуулна шүү дээ.

-Таныг АТГ их олон асуудлаар анх шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх МИАТ-ээр ном авчирсан гэх асуудлыг хэрэгсэхгүй болгоод хассан. Шүүх энэ хэрэгт Энхбаяр холбоогүй юм байна гэж үзсэн гэхээр шударга биш хандсан гэхэд эргэлзээтэй санагдах юм?

-Би бол худлаа юмыг худлаа болохоор нь л хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

-Дээд шүүх дээр шүүсэн таван шүүгч бүгдээрээ таны эсрэг байсан гэж та бодож байна уу?

-Үгүй, би тэгж бодохгүй байна. Соёмбо-Эрдэнэ ч миний эсрэг байсан гэж би бодохгүй байна. Дээд шүүхийн Нямжав, түүний дор байсан дөрвөн шүүгч бүгд миний эсрэг байгаагүй. Гэхдээ сахал Эрдэнэбилэг ч юм уу, түүнтэй холбоотой хүмүүс тэд нарт даалгавар өгсөн байхгүй юу. Надад тохоогоод байсан нөгөө олон хэргүүд худлаа болж хасагдсан. Зориуд авч үлдсэн хоёр хэрэг нь ч худлаа байсан нь тодорхой болсон шүү дээ.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэж хоёр ч зүйл дээр ял оноосон. Тэр хоёр дээр таван шүүгч зөвлөлдөх танхимд орохдоо бүгдээрээ таныг шоронд явуулж ял өгөхөөр дуу нэгтэй байсан гэж үү. Санал зөрсөн юм байсан байж болох шүү дээ.

-Магадгүй, би бас өөр саналтай нэг хүн байсан гэж сонссон.

-Тэгэхээр шүүх бүгдээрээ нэг хүний үгээр шийдвэр гаргадаггүй байлгүй дээ…

-Гаргана аа. Гаргадаг шүү дээ. Яагаад гэвэл эсрэг саналтай хүн байсан гэж дуулддаг ч шүүхийн шийдвэр буруу гараад байгаа биз дээ? Дээрээс нь даалгавар өгчихсөн учраас. Магадгүй таван шүүгчийн нэг нь юм уу, хоёр нь “За бас арай ч дээ, ядахнаа мөрдөн байцаалтад буцааж байгаад хэргийг нарийн шалгаж шийдье” гэсэн саналтай байсан байж болох. Тэд чинь зоригтой шууд “цагаатгая” гэж хэлж чадахгүй л дээ.

Хэчнээн шударга шүүгч байсан ч гэсэн. Тэгэхээр хэлж чадах юм нь “Хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад дахин шалгуулъя” л гэж хэлэх байх. Гэхдээ дээрээс даалгавартай байсан учир надад ял өгсөн.

-Та Монголын хамгийн том ажил албыг хашиж байхдаа улсдаа хэрэгтэй хамгийн сайн онож хийсэн зүйл чинь юу байна?

-Би өөрийгөө үнэлэхэд эвгүй л дээ. Бусад хүмүүс, цаг хугацаа үнэлэг дээ.

-За тэгвэл алдсан юм юу байна?

-1992 оны Үндсэн хуулийн тогтоосон гаж тогтолцоог тэр үед бүрэн гүйцэд олж хараагүй байна. Үндсэн хуулийн гаж тогтолцооноос болж муухай юм их болсон шүү. Ху

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.