Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 5000 га-г эзэлсэн ногоон байгууламжтай болно

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 5000 га-г эзэлсэн ногоон байгууламжтай болно

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр барьж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох шинэ хот байгуулахаар энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас 29 дугаартай тогтоол гаргасан. Нисэх буудлыг даган байгуулах шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын ирээдүйн хөгжлийг дэлхийн жишигт нийцсэн ухаалаг байхаар төлөвлөжээ. Улмаар тус төлөвлөгөөтэй уялдуулан хүн амын суурьшил болон эдийн засгийн таталцал нөлөөллийг уялдуулж төлөвлөлтийн үндсэн шийдэл, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Ингэхдээ хил залгаа орших хаяа хот, тосгод, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйлдвэрлэлийг тус хотод давхар бий болгохгүй гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Тус хотыг 12.000 га талбайд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үндсэн зургаан бүсчлэлээр хөгжүүлэх юм байна. Тодруулбал, орон сууцны, олон нийтийн ажил хэргийн, үйлдвэрийн, ногоон байгууламжийн, холимог ашиглалтын, инженерийн шугам сүлжээний гэсэн үндсэн бүсчлэлээр хөгжүүлэх аж. Тэдгээрээс ногоон байгууламжийн бүс хамгийн том буюу 5000 орчим га талбайг хамрах юм байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр "БХБЯ, БОАЖЯ, БСШУСЯ болон Төв аймгийн удирдлага шинэ суурьшлын бүсийн стратеги, төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Төв аймгийн удирдлага бодлого, төлөвлөлт гаргасан байна. Улаанбаатар хотын удирдлага ямар бодлого баримтлахаа мөн танилцууллаа. Чиглэлийн яамдуудын төлөөллүүд уулзалтын үеэр тодорхой саналуудаа хэллээ. Тэгэхээр бид тархай байгаа эдгээр концевц, саналыг нэгтгэх ёстой юм. Гэхдээ суурьшлын шинэ бүс байгуулах ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай" гэв.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.