Түмэн булхайгаа нуух гэж Төрийн ордноо камержуулаагүй юм уу

Түмэн булхайгаа нуух гэж Төрийн ордноо камержуулаагүй юм уу

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд амь насаа алдсан. Хэдийгээр түүнийг шатнаас унасан байдалтай олдсон гэх боловч гадны нөлөөтэй байхыг хэн ч үгүйсгэхгүй, бат хэн ч нотлох боломжгүй болчихоод байна.

Улс төр, нийгмийн зүтгэлтэй, бизнесийн салбарт томоохон байр суурь эзэлсэн түүнд гэнэтийн ийм зүйл болсонд олон хүн харамсч, эмгэнэж байгаа нь дамжиггүй. Ялангуяа сайн аав, сайхан өвөө, халамжит ханиа алдсан гэр бүлийнхэнд нь хамгаас хэцүү байгаа нь мэдээж. Гэтэл тэд өглөө гэрээсээ зүв зүгээр гарсан аавыгаа, ханийгаа цаг бусаар алдчихаад шалтгааныг нь ч олж мэдэж чадахгүй байна.

Уг нь Төрийн ордонд болсон явдал гэж бодохоор нүх сүв болгон нь камертай гэж хэн хүнгүй бодож байгаа. Гэтэл манай Төрийн ордонд тоотой хэдхэн камер байдаг гэнэ. 

Талийгаачийн нас барсан газарт ямар ч камер байхгүй гэх тайлбарыг албаны хүмүүс өгөөд байна. Яагаад...?

Улсын хамгийн чухал обьект байх учиртай Төрийн ордон яагаад жирийн нэгэн орон сууцны хорооллоос ч долоон дор байх ёстой гэж. Одоо гэр хорооллын гудамжнууд хүртэл камертай болчихоод байгаа бус уу. Үнэхээр арчаагүйгэхээс өөр юу гэх билээ.

Төрийн ордны булан тохой бүрийг яагаад  камержуулаагүйн шалтгааныг нь тодруулбал, “Төрийн өндөр албан тушаалтнууд, бүрэн эрхтэй хүмүүс байдаг учраас тэдний алхам бүрийг нь камерт бичиж үлдээх нь тагнаж чагнаж байгаагаас ялгаагүй. Тиймээс булан тохой бүрийг камержуулах боломжгүй” гэх утга бүхий тайлбар өгч байх жишээтэй. 

Ёстой утгагүй. Харин ч эсрэгээрээ тэгэх тусам нь камержуулах ёстой бус уу. Тэд байнга бие хамгаалагчтай явдаггүй шүү дээ. Тэдний аюулгүй байдлыг хэн хангаж ажиллах ёстой вэ. Өнөөдрийн энэ нөхцөлд Г.Батхүү агсаныг хэн нэгэн шатны уруу түлхсэн бол үүнийг одоо яаж илрүүлэх вэ. Түүний үхлийн шалтгааныг нотлох баримтгүй гээд хаачих юм биш биз дээ.

Төрийн мөнгөөр ч хамаагүй бүрэн эрхтэй хүмүүсээ, төрийн тусгай обьектоо хамгаалахын тулд Төрийн ордноо камержуулах ёстой бус уу. Гэтэл харин эсрэгээрээ түмэн булхайгаа нууцлах гэж өнөөдрийг хүртэл камержуулаагүй юм уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.