Хамгийн шударга “Эхийн алдар” одонг ялгаваргүй олгодог болгоё

Хамгийн шударга “Эхийн алдар” одонг ялгаваргүй олгодог болгоё

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Энэ өдрийг бид Хүүхдийн баяр гэх нэрийн дор гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг. Тиймээс энэ өдөр Төрийн тэргүүний зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёр дугаар одонг дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй ээжүүдэд олгодог уламжлалтай.

Амралтын хоёр өдөр энгэртээ одон гялалзуулж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан олон сайхан ээжүүд, тэдний баярыг хуваалцах аз жаргалтай олон сайхан гэр бүлийг цахим орчноос харлаа. Сайхан байлаа. Биеэсээ бие хувааж, хүнээр хүн хийнэ гэдэг амаргүй ажил. Гэтэл энэ амаргүй ажлыг түүртэлгүй, нэр төртэй хийж яваа Монголынхоо сайхан ээжүүдээр Монгол түмэн бүгд бахархсан.

Гэтэл одон гардсан ээжүүдийн дунд сэтгэл гонсгор байгаа хүмүүсийн сэтгэгдэл ч хөвөрч байгаа нь харагдав. Учир нь тэд яг адилхан зовлон бэрхшээлийг давж олон хүүхэд төрүүлчихээд, төрдөө ижил түвшинд үнэлүүлэхдээ өөр өөр шатны байгууллагаас одонгоо гардан явж байгаа явдал гэнэ. Гэхдээ хаанаас, хэнээс гардах нь тийм ч чухал биш мэт боловч нэг насны амьдралын томоохон мөчөө тэмдэглэн өнгөрүүлэхдөө Төрийн ордондоо, төрийн тэргүүнээсээ шагналаа гардах гэсэн нууцхан хүсэл ээжүүдэд байдаг нь мэдрэгдэж байлаа. Тиймээс төрийн албанд ажилладаг ах дүү, танил тал руугаа утас цохиж, Төрийн ордонд одонгоо гардан авахуулах талаар тусламж хүсдэг гэнэ.

Тэдний зарим нь Төрийн ордонд Төрийн тэргүүнээсээ одонгоо гардсан бол зарим нь дүүрэг, хорооноосоо гардан авчээ. Ялгавартай гэхэд дэндүү ялгавартай олгогддог талаар ээжүүд сэтгэгдлээ бичсэн байгаа нь харагдав. Одонтой нэгэн ээж “Хэдэн жилийн өмнө би одон авах гээд хэрэндээ л өөрийгөө бэлдсэн. Гоёлын дээл захиалан оёулж, үсчин, гоо сайханд хэрэндээ л мөнгө зарцуулсан. Гэр бүлийнхэн маань ч гоёж гоодоод, цэцэг боолгож, бэлэг дурсгалын зүйлс бэлдсэн байсан. Гэтэл одонгоо гардах гээд хороон дээрээ очтол хороон дарга маань машиныхаа цонхоор үнэмлэх, тэмдэг хоёрыг зүгээр л хайрцагтай нь өгчихсөн. Үнэндээ тэгж гардаж авна гэж огт бодоогүй байсан болохоор ёстой онцгүй байсан. Тэгж авсан болоод ч тэрүү үнэмлэхийг нь нээж ч уншаагүй, машиныхаа урд хайрцаг руугаа хийчихсэн” хэмээн бичжээ.

Үнэхээр зарим ньТөрийн ордонд үнэ хүндтэй гардаж, зарим нь иймэрхүү маягаар одонгоо авдаг бол болохгүй л дээ. Төр нь ээжүүдээ тэгш баярлуулах учиртай.

Тиймээс ирэх жилээс “Эхийн алдар” одонг Төрийн ордонд төрийн тэргүүн олгохоо больж, дүүргүүдэд ижил хөтөлбөртэйгөөр, ижил цаг мөчид зэрэг олгодог болбол ямар вэ.

Хэрвээ Төрийн ордонд Төрийн тэргүүн олгохоор бол гурван ихэр хүүхэдтэй ч юм уу, олон дахиж ихэрлэсэн  ээжүүдэд одонгоо гардуулдаг ч юм уу, ямар нэгэн цензуртэй болбол ямар вэ. Тэгэхгүй бол бид баярын өдрөөр нь зарим ээжийгээ гомдоогоод байгаа юм байна даа.

 

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.