Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Турк улс Элчин сайдын яамаа манай улсад нээжээ. Түүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэ түүхэн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд шуудангийн салбар буюу агаарын тээвэр голлох үүрэг үзүүлсэн байдаг. Тиймээс 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол шуудан” компаниас санаачлан  хамтын ажиллагааны бэлгэдэл бүхий марк бүтээснийг өчигдөр танилцууллаа.

 Нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсаас Турк улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, “Монгол шуудан”  ХК-ийн захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Мөн эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж буй  БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, Турк Улсаас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмед Язал болон марк сонирхогчид уригдав. 

Монгол, Туркийн хагас зуун жилийн бэлгэдлийг агуулсан уг марк нь хэлхээ нэг, хоёр гэсэн нэртэй. Нэгдүгээр хэлхээний нэрийн маркинд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисч буй Монгол Улсын онгоц, хажуу талд нь Турк улсын үндэсний бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлжээ. Харин хоёрдугаар нэрийн марканд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк Улсын онгоц түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй монгол эмэгтэй байх бөгөөд хажуу талд нь Монгол Улсын үндэсний бахархалт Бэрцэцэгийг байрлуулжээ. Хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн логог зохиомжилж дүрсэлсэн байв.

Харин хэлхээний доод хэсгийн чимэглэл зурагт хоёр улсын түүхэн харилцааг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтойг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн торгоны замын тэмээн жингийн цувааг дүрсэлж ард хэсэгт нь Турк улсын Истанбул хотод байх ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт Софийн цогчин дуган, Анкара хотын Анкара цайз, Ил хаант улсын шадар сайд Чобан ноёны бариулсан Арас мөрөн дээрх Чобандеде гүүр, Көседаг уул. Мөн Орхоны хөндий, Түрэгийн үед хамаарах Хөшөө цайдамын дурсгал болох Культегины хөшөө, XIII зууны Их Монгол Улсын гэр тэрэг, эртний нийслэл Хархорум хотын төв талбай, Мөнгөн мод зэргийг оруулжээ. Маркын зургийн зохиомжийг гаргахад түүхийн ухааны докторууд үнэтэй хувь нэмэр оруулсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байсан юм. Мөн уг маркийн ерөнхий дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Х.Баярмагнай, Б.Баярхүү нар оролцжээ.

Б.Дамдинбазар: 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна

 Нээлтийн үеэр “Монгол шуудан” ХК-ийн Марк үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Энэ жил Монгол, Туркийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг нь марк гаргах юм. “Монгол шуудан” ХК анх 1924 онд анхны маркаа хүлээн авч үйлчилгээнд нэвтрүүлж байсан бөгөөд Монгол маркийн 95 жилийн ой тохиож байна. Мөн 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна” гэсэн юм. Хоёр улсын дипломат харилцааны билгэдэл бүхий уг марк нь 10 мянган хувь хэвлэгдсэн байна. 500 ширхэг маркийг 11000 төгрөгийн үнэтэй худалдаалжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Маркийн зургийн утга санааг халуун дотноор хүлээн авч, дэмжиж Турк улсын шуудангаас ижил загварын хамтарсан маркийг гаргасан. Марк бүтээхэд онцгой хүчин зүтгэл үзүүлсэн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмед Язал тэргүүтэй мэргэжил нэгт нөхдөд талархал илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.