Өнөөдөр түрээсийн орон сууцны эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг эцэслэн батална

Өнөөдөр түрээсийн орон сууцны эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг эцэслэн батална

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын амжилттай болсон. НОСК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд түрээсийн болон түрээслээд өмчлөхтэй холбоотой бүртгэл дууссан. Үүний дараа сонгон шалгаруулах комисс хуралдаж, эрэмбийн дагуу эрэмбэлсэн. Эрэмбэлж дуусаад өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авсан, өнөөдөр комиссынхон бүрдүүлсэн мартериал дээрээ хуралдах тухай НОСК-ийн захирал Б.Сүхбаатар дуулгалаа. 

Тэрбээр, бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй, ажил гацаж зогссон юм байхгүй. Төлөвлөгөөний дагуу явж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээлээ.

“2019 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан. Долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 05-ны хооронд цахим бүртгэлийг иргэдэд нээлттэйгээр явуулсан. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгэлд хамрагдсан. 580 айлд нь түрээсийн орон сууц оногдож байгаа. Үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Бид бүхэн сонгон шалгаруулалтыг журмын дагуу эрэмбэд заасан үзүүлэлт нэг бүрээр шударга нээлттэй явуулсан. Авлигатай тэмцэх газраас ирсэн зөвлөмжийн дагуу наймдугаар сарын 13-ны орой нийт иргэдийнхээ эрэмбийг олон нийтэд мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан материалыг наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүлээн авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл болон цаасаар ирсэн мэдээллийг хооронд нь харьцуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг нэг бүрчлэн шалган ажиллаж байна” гэж “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм мэдээлсэн юм.

Мөн маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдаж, хоёр асуудал шийднэ. Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж мэдээлэл нь үнэн бодит байгаа иргэдийн материалыг эцэслэн батална. Баталсан иргэд цаашид НОСК-той гэрээгээ байгуулж, байр талбайгаа сонгох ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн материалыг шийдвэрлэнэ. Бид маргаашаас эхлэн эрэмбийн дагуу иргэдэд нэг бүрчлэн утсаар мэдээлэл өгнө. Төлөвлөгөөний дагуу НОСК дээр ажил хэвийн явагдаж байна гэдгийг НОСК-ийн удирдлагууд онцолж хэлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.