Улаанбаатарчууд шахмал түлшний туршилт болох нь

Улаанбаатарчууд шахмал түлшний туршилт болох нь

-Ж.Батбаясгалан: Угаасаа жил бүр хүйтний эрч чангарахад хүмүүс хордож л байдаг-

Өнгөрсөн амралтын өдрүүдийн “халуухан” сэдэв бол шахмал түлшний асуудал. Түүнээс хордсон, хордож амь насаа алдсан байх магадлалтай хүмүүсийн асуудал байлаа.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан харамсалтай эхэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгсөн.

Энэ дагуу сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Харин энэ асуудалтай холбоотой иргэдийг бухимдуулсан нэг асуудал нь Угаарын хийнд хордож амь насаа алдсан болоод хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн асуудлаар Нийслэлийн онцгой комисс ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалангийн мэдээлэл байлаа. Тэрбээр “Шахмал түлшнээс болсон уу, үгүй юү гэдгийг шалгуулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ шахмал түлш олон улсын лабораториудад шинжлэгдсэн сайн түлш. Угаасаа жил бүр хүйтний эрч чангарах энэ үед хүмүүс хордож л байдаг” гэх утга бүхий зүйлийг ярьж олныг ундуйцуулав.

Харин нөгөө талд тус түлшийг түлж үзсэн хүмүүс цахим орчинд сэтгэгдлээ сийрүүлсээр байв. Тэдний хэлж буйгаар уг түлшийг түлэхээр үнэхээр их үнс гардаг, түлэхээр эмнэлгийн үнэр шиг үнэр үнэртээд байна, илчгүй сонин юмаа, утаа багасах юу л бол гэхчилэн сэтгэгдлүүдээ хөврүүлсээр байгаа харагдав.

Энэ бүхнээс үзвэл “Coal Mongolia” олон улсын чуулганы үеэр Германы Фрайбергийн техникийн их сургуулийн байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэнд төслийн менежер, судлаач Андре Шмит “Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд “тиймэрхүү” санагдсан шүү. Гэхдээ сорьцыг авч яваад туршилт, судалгаа хийж болно. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольц өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь сөрөг нөлөөтэй. Хүсвэл илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахад тусалж болно” хэмээн хэлж байсан нь үнэн ч юм болов уу хэмээн эргэлзэхэд хүргэв.

Юутай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 23 дээжийг шинжилгээнд хамруулахаар өгсөн. Нийтдээ гурван байгууллагаас шинжилгээний хариу ирэх ёстойг албаныхан дуулгасан. Тэдний хариуг хүлээх үлдлээ.

Хариу “НО”-той ноцтой гарвал эртхэн дээрээ больсон нь дээр. Хэчнээн их зардал гаргаж, хэр хугацаа алдсаныг бодоход хэцүү ч хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж хаана ч байхгүйг санах хэрэгтэй болов уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.