Сайн эмчийн замналаа сайн улстөрчөөр үргэлжлүүлэх эсэхийг Ж.Чинбүрэн эмч өөрөө л шийднэ

Сайн эмчийн замналаа сайн улстөрчөөр үргэлжлүүлэх эсэхийг Ж.Чинбүрэн эмч өөрөө л шийднэ

Манайхан үнэхээр туйлширч чадах юм аа. Шинэ оны өмнөхөн арванхоёрдугаар сарын 29-нд Төрийн тэргүүнээс ”Гавьяат эмч” цол хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнг тахин шүтэж эгээтэй л бурхныхаа өмнө зургийг нь тавьж мөргөхөөр наахнуур юм болсон. Гэтэл өчидрөөс эхлэн түүнийг муулах, буруутгах хүн олшров. 

Учир нь тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Шалтгааныг нь өөрөөс нь тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж буйгаар 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ийн ажлаа өгсөн хэмээн мэдээллэв.

Энэ мэдээллийг араас түүнийг сошиалд гөвж эхлэв. “Төрийн хайр хүндэтгэлийг даасангүй л гэнэ”, “Эмч нар эмчээ хийнэ үү”, “Бас нэг мөнгөнд шунасан хүн байж” л гэнэ. Өнөөх л өнгөцхөн дүгнэлтээр элдвээр цоллов.

Нэг талаараа тэр төрийн хайр хүндэтгэлийг гуйж аваагүй “гуядаж авсан хүн” тиймээс түүнийг битгий элдэвлэ. Нөгөөтэйгүүр харин ч хайр хүндэтгэлийг нь хүлээсэндээ илүү их зүйл хийхийг шулуудаад байгаа ч юм билүү. Би л хувьдаа түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдчихвол баярлана. Төрийн жолоог дандаа улстөрч мэргэжилтэй, улстөрчид атгаагүй шүү дээ. Тэгэх ч ёсгүй байх. Салбар бүрийн мэдлэг мэргэжилтэй хүн байсан цагт салбараа илүү сайн ойлгоно.

Яг одоогийн байдлаар л гэхэд манай эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байна. Ард түмний эрүүл мэндийг сахих хамгаалах хамгийн чухал салбар атлаа хөгжлийн доройтолд орчихсон хүндхэн байгаа нь үнэн. Хүүхдүүд нь ханиад томуунд дарлуулж, эмнэлгийн коридорын шалаар нэг зулж, томчууд нь хөгшин залуугүй хавдраар өвчилж тартагтаа тулчихаад байгаа нь өнөөдрийн Монголын үнэн дүр. Түүнийг хараад зүгээр суухыг хүсээгүйдээ тэр эрүүл мэндийн салбартаа шинэчлэл хийхээр ийм шийдвэр гаргаж байж ч мэднэ. Тэртээ тэргүй хийдгээ хийж, олон хүний алтан амь аварч, дараа дараагийнхаа олон сайхан эмч нарыг бэлтгэн гаргасан буянтай шүү дээ.

Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26-гийн 6-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасныг үндэслэн ажлаа өгсөн байх. 

Тэр хуулиа ягштал баримтлаад, хуулийн дагуу өрсөлдвөл түүнийг дэмжих хүн цөөнгйү л байх болов уу. Харин сайн эмч байсан шигээ сайн улстөрч байж чадах эсэхийг өмөөрөөд байгаа би, өөнтөглөөд байгаа хүмүүс, эрүүл мэндийн салбараас нь харамлаад “хайрлаад байгаа хүмүүсийн хэн нь хэлж чадахгүй. Харин сайн эмчийн замналаа сайн улстөрчийн замналаар үргэлжлүүлж чадах эсэхийг ганцхан тэр өөрөө л шийднэ, залуурдана”.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.