Ц.Мөнх-Оргил: Оны сүүлээр 10 сая төгрөгөөс дээш дүнтэй тэтгэврийн зээл ихээр гарсан байна

Ц.Мөнх-Оргил: Оны сүүлээр 10 сая төгрөгөөс дээш дүнтэй тэтгэврийн зээл ихээр гарсан байна

-       Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийu яаралтай горимоор хэлэлцэхийг УИХ-ын чуулганаар дэмжив

-       Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барь­цаалсан зээлийг нэгдүгээр сарын 1­-нээс зогсоох талаар ярьсан.

-       Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохи­цуулах зарчим баримталсан

-       Тэтгэврийн зээлтэй нийт ахмадын 90.6 хувь нь зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй байна 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьсантай холбогдуулан холбогдох Байнгын хороод уг асуудлыг хэлэлцсэн. Харин хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүний хэлсэн үг, хууль санаачлагчид тавьж буй асуулт нийгмийн анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн тэтгэврийн зээл оны сүүлээр их гарсныг хэлэв. Үүний нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг бөгөөд, “зээл тэглэх тухай ҮАБЗ-ийн шийдвэр эрт гарсан юм билээ”гэсэн юм. Тэрбээр “Арванхоёрдугаар сард хэдэн хүн нэмэлт зээл авсан бэ. Оны сүүлээр зээл авсан хүмүүс дунд ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой нь байна уу” хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос асуулаа. Мөн тал тал руу тарсан төсвийг сая нэг сахилга баттай болгож байхад төсвөөс гадуурх зардал оруулж ирсэнд Засгийн газрыг буруутгав. Салбарын сайд С.Чинзориг “ҮАБЗ-ийн зөвлөмж гарах сургаар, гарснаас хойш мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү. Арванхоёрдугаар сарын 30-ны Засгийн газрын нууц хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын 1-нээс зогсоох талаар ярьсан. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан” хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Өргөн барьсан хуулийн төслийг харахаар зээл төлөх эцсийн хүн нь Төв банк байгаа. Тэгэхээр Төв банк мөнгө хэвлэнэ. Төгрөгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг Монголбанк хангах ёстой. Энэ хууль Төв банкны хуультайгаа нийцэж байгаа юм уу. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай ч бас нийцэхгүй байна. Үүн дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа юм бэ. Хамгийн том эрсдэл бол төсвөөс гадуур мөнгийг алдчихаад дараа нь тэр шокноосоо яаж гарах вэ. Төсвөөс гадуур хяналтгүй маш том эдийн засгийн эргэлтийг бий болгож байна. Нэг төрлийн халамжийг бий болгож байна. Араас нь малчид, цалингийн зээл тэглэх хүлээлт, дарамт үүснэ. Бонд гаргана гээд байгаа компани дөнгөж эхлэлийн бланстай юм биш үү. Мөн Хөгжлийн банк нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг банк огтоос биш” хэмээн буруутгав. “Эрдэнэс Монгол” компанийн Санхүү хариуцсан захирлын өгсөн хариултаар бондыг толгой компани болох "Эрдэнэс Монгол" ХХК гаргах бололтой. Харин тэр бонд нь "Эрдэнэс силвер ресурс" дээр бүртгэгдээд явах аж. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. Мөн тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ? 

Монголбанкны ажлын хэсэг:Төв банкинд Эрдэнэс силвер Ресурс үнэт металл худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан.Үүнийг нь ирээдүйд Монгол банк худалдаж авна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүссэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монгол банкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 1.8 их наяд төгрөг буюу алдагдалтай байгаа. Он гараад алтны үнийн өсөлттэй байгаагаас шалтгаалж дээрх тоо буурна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд тэтгэврийн зээл дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгааг хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэг бүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу? 

ХНХ-ын сайд С.Чинзориг:Арилжааны банкуудаас судалгааг сайтар авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн гурав хүртэл сая төгрөгийн, 142 мянган ахмад настан дөрвөн сая хүртэл зээлтэй байна. Тэтгэврийн зээлтэй нийт ахмадын 90.6 хувь нь зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа юм. Ийнхүү хэлэлцсэний эцэст уг хуулийн төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов.

Эх сурвалж Засгийн газрын мэдээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.