С.Чинзориг: Зээлтэй иргэд ирэх сард нэг, хоёрдугаар сарын тэтгэврээ хамт авна

С.Чинзориг: Зээлтэй иргэд ирэх сард нэг, хоёрдугаар сарын тэтгэврээ хамт авна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой тэтгэврийн зээл тэглэх асуудлаар ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг Их хурал баталсан. Хууль баталснаас хойш ажил ямар шатандаа явж байна вэ?

-Улсын их хурал тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталчихсан. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс хоёрдугаар сардаа багтаагаад, Цагаан сарын өмнө тэтгэврийн зээл тэглэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Би долоо хоног Ерөнхий сайдтай орон нутагт ажиллаж байгаад ирсэн. Өчигдөр Монголбанк, Эрдэнэс Монгол, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж бэлтгэл ажлын явцыг сонсож, үүрэг чиглэл өгсөн. Нэгд, Эрдэнэс Монгол компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үнэт цаас гаргах ёстой. Үнэт цаас гаргахад зүгээр нэг цаас хэвлээд үнэт  цаас гээд гаргачихгүй. Тодорхой процедуртай. Тиймээс материалаа бүрдүүл гэдэг үүрэг өгсөн. Хоёрт, энэ үнэт цаасанд Хөгжлийн банк баталгаа гаргах ёстой. Тиймээс Хөгжлийн банкийг баталгаа гаргах асуудлаа шуурхай шийд гэсэн үүрэг өгсөн. Ерөнхийдөө бонд гаргах, худалдаалахтай холбоотой асуудлаа шийдэх чиглэл өгсөн. Ялангуяа Монголбанк оролцох хэрэгтэй. Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрүүлж үнэт цаас авахгүй гэсэн хуультай. Үүнийг Монглбанк зохицуулах арга хэмжээ авах ёстой. Энэ асуудлаа шуурхай шийд гэсэн чиглэлээр ярилцсан.

-Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ хэвийн авч эхлэх үү?

-Нэгдүгээр сарын тэтгэврийг олгохдоо хууль батлаагүй байсан учраас зээл, зээлийн хүүг суутгаж авсан. Одоо хоёрдугаар сард тэтгэвэр олгохдоо тэтгэврийн зээл суутгахгүй. Мөн нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийг нь суутгасан иргэдэд буцаан олгоно. Ерөнхий сайдтай ярьж байгаад хууль хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах саналтай байна. Ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамж гарах байх. Нэг газар дээр төвлөрүүлээд, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор энэ ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.

-Ажлын хэсгийг та ахлах уу?

-Хуулийн төсөл боловсруулснаараа би л хариуцаад, гардан зохион байгуулаад дуусгах байх.

-Хэдийгээр хууль батлагдсан ч үнэт цаас гаргана гэдэг богино хугацааны ажил биш. Тэгэхээр Цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг бүрэн тэглэх боломж байгаа юу?

-Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгэхээр хоёрдугаар сард нэмэгдүүлсэн тэтгэврээ олгоно. Дээрээс нь нэгдүгээр сарын зээлд суутгасан тэтгэврийг буцаан олгох арга хэмжээ авна. Эхний ээлжид ийм зохион байгуулалтын арга хэмжээг аваад явцад нь Цагаан сараас өмнө тэтгэврийн зээл тэглэх асуудлаа нэг тийш нь болгоно гэж ажиллаж байна.

-Тэгэхээр нэг, хоёрдугаар сарын тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас гаргах юм уу?

-Нийгмийн даатгалын сангаас шийдэх юм байхгүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгодгоороо олгоно, эх үүсвэрийг нь шийднэ. Тэр эх үүсвэрээс нь зээл зээлийн хүүг суутган тооцохгүй.

-Жилд нэг удаа зургаан сараар тэтгэврийн зээл авна. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Өнөө маргаашгүй бид Монголбанк, арилжааны банкуудтай уулзалт хийж тэтгэвэр барьцаалсан зургаан сар хүртэлх зээлийн хүүг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр ажиллаж байна. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бууруулж жилд нэг удаа зургаа хүртэлх сараар авна гэж тусгасан. Манай Цагаан сар хоёрдугаар сарын 24, 25-нд болно. Тэгэхээр ахмадууд Цагаан сарын бэлтгэлээ хангах үүднээс тэтгэврийн зээл авах хэрэгцээ гарах байх. Тиймээс зургаан сарын хугацаатай зээлээ ямар нөхцөл, ямар хүүтэй гаргах вэ гэдгийг арилжааны банкуудтай хэлэлцээр хийж нөхцөл, хүүгээ тогтоно гэсэн чиглэлээр ажиллаж байна. Ямар ч байсан хоёрдугаар сарын 1-нээс өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүн гаргана.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: iToim.mn

 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.