Ухань хотод байгаа 30 оюутны талаар засгийн газар хуралдаж байна

Ухань хотод байгаа 30 оюутны талаар засгийн газар хуралдаж байна

Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Учир нь хөл хорио тогтоогоод буй Ухань хотод манай улсын 30 оюутан байгаа. Тэд эхнээсээ цахим хуудсаар дамжуулан өөрийн улсын засаг, төрөөс тусламж дэмжлэг хүсэж эхэлсэн юм. Тухайлбал, тус улсад гэр бүлийн хамтаар суралцаж буй Р.Болорцэцэг гэгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа, аврал эрэн дараах захидлыг бичжээ.

“Би их аймхай болж. Хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар барагийн юмыг аймаар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчих вий, эцгийн хайрыг үгүйлчих вий, элэг нь бэтгэрчих вий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас, нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчих вий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна, бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанар луу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчих вий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ”

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.