Ё.Баатарбилэг: Багш нарыг цалинтай амраах гэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ бол амралт биш

Ё.Баатарбилэг: Багш нарыг цалинтай амраах гэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ бол амралт биш

Засгийн газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай тогтоол баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар Ё.Баатарбилэг сайд мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт хойшлохгүй. Ахлах ангийн хичээл зургадугаар сарын 5-нд дуусахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Харин гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног үргэлжлэх байсныг багасгаж нэг долоо хоног болгож байгаа. Мөн таван долоо хоног дараалан бямба гаригт хичээллэнэ. Гэхдээ үүнд цэцэрлэг хамаарахгүй. Бямба гаригт хичээллэж байгаатай холбоотойгоор багш нарт нь илүү цагийн цалин олгоно. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 телевизийн сувгаар теле хичээл заана. 12 телевизээр 12 ангийн хичээлийг заана. Үлдсэн зургаан телевизээр нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлгээ цацна. Ингэхгүй бол олон сурагчтай айлууд бий.

Багш нарыг цалинтай амраах гэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ бол амралт биш. Хөл хорио тогтоосон арга хэмжээ. Тиймээс багш нарыг байгаа газраасаа сурагчидтайгаа холбоо тогтоож, теле хичээлдээ идэвхтэй оролцоход нь анхаарах үүрэг чиглэл өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш нарыг ажил дээрээ ирэхийг шаардсан байна лээ. Хөл хорио тогтоосон учраас ингэх шаардлагагүй. Сурагчидтайгаа алсын зайнаас ингэж ажиллалаа гэдгээ сургуульдаа тайлагнах ёстой. Багш нарын цалинг нэмэгдэл цалинтай нь олгоно. Харин урамшуулал цалин олгохгүй. Яагаад гэхээр энэ болж багш нараас шалтгаалсан арга хэмжээ биш учраас цалингаа авах нь зүйн хэрэг. Онцгой нөхцөл гарсан үед төрийн албан хаагчдын цалинг олгох тухай гурван сайдын хамтарсан журам байдаг юм.

Мөн сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгоно. Гэхдээ хоолны мөнгийг нь өгөхгүй" гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.