С.Чинзориг: Төв банкинд байсан “Капитал”-ын хөрөнгөөс татах боломж байгаагүй

С.Чинзориг: Төв банкинд байсан “Капитал”-ын хөрөнгөөс татах боломж байгаагүй

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбогдуулан хуулийн байгууллага дээр хэд хэдэн хүнд хэрэг нээн шалгаж буй. Мөн Ардчилсан намын зүгээс тус сангийн хөрөнгийг эрсдэлтэй банкинд хийх зөвшөөрөл өгсөн хэмээн ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр болон одоо тус салбарыг тэргүүлж буй сайд С.Чинзориг нарыг буруутгаад буй. Уг асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн өгсөн тайлбарыг хүргэе.

-"Капитал" банкны үйл ажиллагаа эрсдэлтэй болсон нь 2018 оны сүүлээр мэдэгдсэн гэсэн. Яагаад тухайн үед нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй юм бэ?

-Намайг сайдаар томилогдож ирэхэд арилжааны банкуудад тус сангийн 570 орчим тэрбум төгрөг байршсан байсан. Эдгээр хөрөнгийн 31 хувь буюу 238 тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байв. Хууль, зөрчиж зөвхөн нэг банкинд сангийн 31 хувийг байршуулсан нь энэ хөрөнгө эрсдэлд орох нөхцөлийг бий болгосон. Гэрээний нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө татаж авна гэсэн заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Капитал" банкинд мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн тухайн үед Монголбанкинд байршиж байсан "Капитал" банкны хөрөнгийг үл маргах журмаар Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авч өгөх хүсэлт хүргүүлсэн. Гэтэл Монголбанк “Энэ манай оролцох асуудал биш. Бидэнд тийм эрх байхгүй” гэдэг хариу өгсөн. Гэрээнд сангийн хөрөнгийг үл маргах журмаар татаж авна гэж заасан боловч энэ нь зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар "Капитал" банкны хооронд хийгдсэн гэрээ байсан. Өөрөөр хэлбэл, иргэний гэрээ учраас Монголбанкинд байршиж байгаа "Капитал" банкны данснаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах эрх зүйн боломж байхгүй гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн.

-Таныг "Капитал" банкинд мөнгө байршуулах гэрээг сунгасан гэж буруутгасан шүү дээ.

-2017 оны аравдугаар сард сайдаар томилогдож очиход "Капитал" банкны гэрээ дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл тус банкны харилцах дансанд байсан. Тухайн үед би энэ банкны байдал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэсэн байдалтай 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Дараа нь УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг "Капитал" банкны харилцах дансанд их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна. Тиймээс мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн алдагдал үүрэхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуул” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс "Капитал" банкинд мөнгө нэмж байршуулсан зүйл огт байхгүй.

-Одоо энэ мөнгийг олж авах ямар ажил хийж байна вэ?

-“Капитал” банкинд байршуулж байсан төрийн мөнгийг иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх хүсэлт тавьсан. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээж авбал төсвийн хохирлыг барагдуулах дарааллыг өмнө нь оруулж шийдэх боломж бүрдэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.