Хонь өснөө, хойчоо бодсон ч зөв алхам хийжээ

Хонь өснөө, хойчоо бодсон ч зөв алхам хийжээ

Бидний мөнхийн хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирус гарснаар мянга мянган хүн халдвар авч, олон хүн нас барсан. Түүгээр зогсохгүй дэлхийн олон улсын иргэнд халдварлаж, одоогоор дэлхийн 40 орчим улсад халдвар тархсанаар дэлхий тэр чигээрээ хятад хүмүүсийг гадуурхаж, улсаар нь үзэн ядах нь холгүй байгаа нь нууц биш.

Хэтрүүлж хэлбэл дээгүүр нь шувуу хүртэл нисэхгүй шахам байгаа энэ хүнд үед манай улсын Ерөнхийлөгч мөнхийн хөршийн, үнэнч чанараа харуулан хөрш орондоо айлчлаад ирлээ.

Ерөнхийлөгч маань 30 мянган хонь өгнө гэж амлажээ хэмээн цахим сүлжээнд монголчууд шуурч эхэллээ. Үүнээс ч өмнө хятадууд Wechat-р ч шуурч эхэлсэн. Тэд бидэнд талархаж буйгаа харамгүй илэрхийлж байна. Бид алийн бүр хөрш зэргэлдээх улс орондоо айлчлал нэрээр очих бүртээ гуйлга гуйна гэж.  Тэвдэж явахад нь тэвнээр тусалж чаддаг тэнхээтэй ард түмэн гэдгээ дэлхий нийтэд харууллаа.

70 сая гаруй малтай манай улсад 30 мянган бог мал үнэндээ юу ч биш. Сая Цагаан сар тэмдэглэсэн бол тэр байтугайг нь бид өөрсдөө идчих байсан шүү дээ. Тиймээс байгаагаа барчих гэж байгаа биш, харин ч байдгаараа хөрш зэргэлдээх улсдаа тусалж байна хэмээн манайхан ч сэтгэл өег хүлээн авч байгаа байх. Хонь өснөө, хойно нь хөршийн харилцаа улам батжина гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт бидний үнэнч туслах, найдвартай хөрш байсаар ирсэн БНХАУ-д ийн тусалсан нь маш зөв алхам боллоо гэж харж байна.  

Зөв зүйл хийжээ гээд Ерөнхийлөгчөө, Гадаад харилцааны сайдаа, албаны хүмүүсийг, айлчлалын багийнхныг бүгдийг нь сайшаамаар санагдав. Бид ядуу биш, харин ч авахаасаа өгөх нь ерөөлтэй гэдэг өөдрөг ард түмэн шүү дээ.

Муу бүхэн холуур өнгөрч дэлхийн хүн бүхэн эрүүл саруул, элэг бүтэн амьдрах болтугай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.