Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөр баталлаа

Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөр баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09) нэгдсэн хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүний 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас 2020 оны 02 дугаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох.” гэсэн үзэл баримтлалын чиглэл баримтлахаар тусгасан.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд “Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утгыг “Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх.” хэмээн тодорхойлсон байна.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор 6 бүлэг 44 зүйлтэй төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно. Мөн төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх юм байна. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 зүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Ингээд санал хураалт явуулахад Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 46 гишүүний 35 нь буюу 76 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Зарим сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад заасны дагуу ээлжит сонгуулийн жил засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр дугаарт өөрчлөлт оруулах, татан буулгахыг хориглодог заалтуудыг үндэслэн уг тогтоолын төслийн хэрэгжих хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс байхаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлээд, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт орууллаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр үеэр олонхийн дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох хэсэг, зүйл, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 37 нь дэмжиж, гишүүдийн 75.5 хувийн саналаар хууль батлагдав.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, хуулиудыг баталлаа

Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.

Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Корона вирусын тархалт дэгдсэн энэ цаг үед төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагчдыг цахимаар ажиллуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвзрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тогтоолд тусгах талаар Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хэлэлцэхийг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулсан бөгөөд гишүүдийн олонхийн дэмжлэгээр хуулиудыг батлав.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа бэлтгэжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжснээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдав. Мөн хуралдаанд оролцсон 49 гишүүний 35 нь дэмжин,  71.4 хувийн саналаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ