Б.Сүндэръяа: Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан

Б.Сүндэръяа: Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлсэн. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Өнөөдөр иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т өмгөөлөгчийн хамт албан ёсоор өргөдөл өглөө. 

Өмгөөлөгч Н.Батсүх:

-Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүмүүст заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна.

Иргэн Б.Сүндэръяа:

-Ц.Анандбазар гишүүнтэй 2019 онд танилцаж байсан. Танилцах хүсэлтийг манай найзаар дамжуулан олон удаа тавьж байсан ч тэр болгонд нь татгалзаж байсан. Танилцах шалтгаан байсан юм билээ. Түүнийг нь одоогоор олон нийтэд хэлэх боломжгүй байна. Өргөдөл гомдолдоо тусгасан. Ц.Анандбазар гишүүний асуудлаар 1000 гаруй охин холбогдсон. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар намайг ямар ч хамаагүй хүнтэй холбож, бичлэг эвлүүлж хийсэн. Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан. Насаараа ингэж дарамтлагдаж чадахгүй. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Бүх нотлох баримт надад байгаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.