“Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг “Verocell” хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ

“Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг “Verocell” хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн цөөнгүй ажилчин COVID-19 халдвар авснаас зарим цехүүдээ зогсоогоод байсан. Тэгвэл тус үйлдвэрийн ажилтан ХЭҮК-т хандсан байна. Гомдол гаргахдаа “Үйлдвэрийн ажилтанд болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа. Гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд гаргахгүй гэж айлган сүрдүүлж байна.  Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа” гэжээ. Энэ дагуу ХЭҮК-оос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд зөвлөмж хүргүүлжээ.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавируст халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж байна гэж ХЭҮК үзсэн байна. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавирус халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байх зөвлөмжийг өгөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.19 даваа № 78 (6555)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.