ХҮЧТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ХАЛЗ ТУЛААН

ХҮЧТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ХАЛЗ ТУЛААН

Олон нийт УИХ-д нэр дэвшиж буй нөхдүүдэд хэдийнэ дүн шинжилгээ хийгээд эхэлсэн. Олны үг ортой гэдэг. Зарим тойрог дээр яг үнэн гээд тэдэнтэй санал нийлэх нь ч байна. “Монголын мэдээ” сонирхол татсан тойргууд дээр дараах прогнозийг хийлээ.

Сэлэнгийн хүүхнүүд мөнгөөр бороо оруулна

Сэлэнгэ аймгийн МАНаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Д. Өнөрболор, Ч.Ундрам, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Баярцогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, бие даагч нараас Б.Цээпил тэргүүтэй гурван нөхөр нэр дэвшиж буй. Эднээс хэн нь вэ гэдгийг тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг буй за. Хэргийн учир тус тойрогт тэрбумтнууд өрсөлдөнө. Мөнгө муутай ядуу гэвэл Д. Эрдэнэбат л байж мэднэ.

Гэхдээ л зочид буудалтай нөхөр шүү дээ. Бүсгүйчүүдийн тухайд ПРОГНОЗ ХҮЧТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ярих юм биш, мөнгөөр бороо оруулах эдийн засгийн чадавхи тэдэнд бий. Д.Үүрийнтуяагаас бусад нь тойргоо дотор муухайртал усалсан. Улс төрийн прогнозоор бол тус тойрогт С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Б.Цээпилдорж нарын нэр дуулдаж байна. Олон жилийн турш сэлэнгэчүүдийг мөнгөөр угжсан С.Баярцогтыг алдана гэдэг АН санхүүжилтгүй болно гэсэн үг. Д.Үүрийнтуяагийн хувьд төөрсөн янзага шиг л учраа олохгүй яваа нэгэн. Ж.Эрдэнэбатын тухайд Сонгуулийн ерөнхий хорооны босгыг давахгүй байх гэсэн яриа бий. Харин энэ тойрогт нэр дэвшигчдэд халгаатай хүн бол Б.Цээпилдорж. Түүнээс олон хүн айж буй. Өмнөх орон нутгийн сонгуульд мань эр 7400 хүний санал авч орон нутгийн сонгуульд рекорд тогтоож байсан түүх бий.

Тэрбээр Мандал сумын засаг даргаар найман жил ажиллахдаа улсын тэргүүний сум болгосон гавьяатай болохоор Мандал сумандаа цойлж МАН-ы нэр дэвшигчдийн саналаас чамгүй хуваах нь ойлгомжтой. Саарал ордны хов живээр бол мань хүнийг нэр дэвшигчид шөнө нь унтуулахгүй, өдөр нь ээрүүлдээд эхэлсэн. Албан тушаал, эрх мэдэл, мөнгө гээд хүний хар нүднээс бусдыг санал болгож буй. Мэдээжийн хэрэг нэрийг нь татуулахаар.

Нэртэй ч, мөнгөтэй ч нөхдүүд өрсөлдөх

Хан-Уул Хан- Уул дүүрэг дээр нэр дэвшигчдийн бөөгнөрөл бас л сонин дүр төрхийг харуулж буй. Бие даагчид нь чамлахааргүй чанга залуучууд таарсан. ХанУулчууд МАН-аас нэр дэвшигч Д.Сарангэрэлийг сонгож мэднэ. Түүний нэр хүндийг коронавирус суга өсгөсөн. Бие даагчдаас Н.Номтойбаяр байх болов уу. Түүний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагууд олон хүнд таалагдсан.

Түүний араас Ж.Алдаржавхлан мөр цохин орж ирсэн.Тэрбээр дөрвөн жилийн турш зөөлөн аргаар дүүргийнхнээ гартаа оруулж авсан. Намаа ч ялгаагүй. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа нам нь хоёр хуваагдаж, фракцаа дагаад гишүүд нь ч хуваагдсан байсан юм. Шарк Г.Амартүвшиний хувьд тоо ярьдаг нөхөр. Хөгжлийн банк, Хас банкны захирлаар ажиллаж байсан. Монгол телевизийн шоу л түүнийг Хан-Уулчуудад танил болгосон гэж хэлж болно.

Харин оймсны трэндийг залуучуудыг араасаа дагуулсан. АН-аас нэр дэвшсэн нөхдийн тухайд одоогоор онцлоод байх зүйлгүй аж. Намын дарга Б.Түвшин нь эрх биш түмэнд танигджээ. МАХН буюу Та бидний эвсэлээс шадар сайд асан Ц.Оюунбаатар, сэтгүүлч зохиолч Б.Наминчимэд, Б.Баярхүү нар үзэж тарах нь. Шинэ намаас Лу.Болд толгой цохиж яваа. Хуучин бууны хугархай гэдгээрээ буйраа сахиж үлдсэн.

Цэнхэртэж үзээгүй улаан тойрог

Төв аймгийн сонгогчид ернь л улаан сонголттой болохоор Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нэрдэвшигчдээсээ илүүрхэж болох.

Тэрбээр сонгогдвол зургаа дахь удаагаа парламентад сууж, Ц.Нямдорж, Д. Лүндээжанцан нарын араас нэхнэ. Харин энэ удаад улс төрчийн карьергүй нэгэн бүсгүй босго давах гээд эв хайж байгаа нь бясалгалын багш Д.Гантөгс. Үнэндээ түүнийг хэн ч танихгүй бас мэдэхгүй. Засаг дарга Ж.Батжаргалын хувьд нэр хүнд сайтай юм билээ. Орон нутаг сайн ажилласан засаг дарга нартаа итгэл хүлээлгэх нь элбэг байдаг. Тэр жишгээр түүнд боломж олдож мэдэх юм. МАН-ы нэр дэвшигчийн дэмжлэг багасвал АН-ын нэр дэвшигч, Хууль зүйн сайд Х. Тэмүүжинд сонгогдох магадлал нэмэгдэнэ.

Түүний араас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваан мөр цохиж орж ирнэ. Намын толгой дээр сууж байхдаа тойргоо усалж чадсан эсэх нь ирэх сард харагдана. Харин Шинэ намаас Л.Цог дайрч орж ирнэ. Энэ удаад Төв аймгийнхан ардчилалд итгэл үзүүлэх аваас түүхэндээ анх удаа цэнхэр зурвастай тойрог болно. Гэхдээ Ц.Туваан уу, Х.Тэмүүжин үү гэдгийг сонгогчид л шийдэх хэрэг.

Үргэлжлэл бий

Б.ӨНӨБИЛЭГ 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.