Хүүхдийг “халдвар тээгч” гэж үзэхээ хэзээ болих вэ

Хүүхдийг “халдвар тээгч” гэж үзэхээ хэзээ болих вэ
Боловсрол, эрүүл мэндийн хувьд ч тэр цар тахлын сөрөг нөлөө хүүхдүүдэд хамгийн хүнд туслаа. Хугацаа тооцож үзвэл, хөл хорьсноос хойш яг 1.5 жил, 500 гаруй хоног хүүхдүүд гэрээсээ гарсангүй. Хөл хорионы үеэрх хүүхдүүдийн дүр зургийг харвал, толгойд нь “суух” эсэх нь эргэлзээтэй цахим хичээл, гэрийн даалгавраар нүдүүлж, гар утас, зурагт, компьютерээс нүдээ салгах чөлөөгүй жил хагасыг үдэж байна. Чөлөөтэй агаарлаж, найз нөхөдтэйгөө уулзах нь битгий хэл сүүлдээ халдварын эрсдэл огцом нэмэгдэж тоглоомын талбайд ч гарах эрхгүй боллоо. Мөн гэр бүлийнх нь хүнээс халдвар илрэхэд хүүхдүүдийг нь ялгаварлан гадуурхаж өвлийн тэсгим хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон хүний эрхийн зөрчил ч гарсан. Түүнчлэн эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй үүрд хагацсан сэтгэл эмтрэм үйл явдал ч болсон юм.
 
Цар тахлын уршгаар боловсролын салбарт бүхэл бүтэн “цонх” үе бий болж, эрүүл мэндийн эмзэг суурь өвчлөлүүд ч нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолж байгаа юм. Нэг талаас, хөл хорионы үеэр нэгэнт л хичээл сургууль орохгүй болохоор хүүхдүүдээ дөрвөн хананы дундаас “чөлөөлөх” гэсэн эцэг эхчүүдийн хүсэл байсан ч аймаг орон нутаг зөвхөн хүүхдийг хүлээж авахгүй гэв. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд PCR шинжилгээ өгч, вакцин хийлгэхгүй учраас халдвар тээгч хэмээн шууд зарласнаас өөрцгүй шийдвэрийг Говь-Алтай аймгаас эхлээд ихэнх орон нутаг гаргасан.
 
Тэгвэл энэ сарын 22-ноос орон нутаг руу хөл хорио нээгдэж томчуудаа чөлөөтэй зорчуулахаар болсон ч дахиад л хүүхдүүдэд хүндрэл учруулж эхлэх нь. УОК-оос гаргасан журмаар хүүхдүүд халдвар тээгч байх эрсдэлтэй учраас орон нутагт зорчихоор бол очоод заавал долоо хоног тусгаарлах байранд хонуулахаар боллоо. Ингэхдээ хамт яваа буюу эцэг, эхчүүд нь вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон. Бүр дахиад PCR шинжилгээний сөрөг хариутай байсан ч хамаагүй гэнэ. УОК-ын шийдвэрээр бол бүтэн жил хагас халдварын голомтод хоригдсон хүүхдүүд урин дулаан цаг ирж арайхийн хөдөө гадаа явахад дахиад л эрсдэл дунд долоо хоног хорих нь. Уг нь хотын хөл хөдөлгөөнд оролцох зэргээр хамгийн эрсдэлгүй бүлэг нь хүүхэд. Мөн нэг гэрт амьдарч байгаа эцэг, эх нь вакцины бүрэн тунгаа хийлгэж, дээр нь PCR  шинжилгээ өгсөн байхад дахиад заавал тусгаарлах байранд долоо хонуулах хэрэг байна уу. Тиймээс халдварын голомтоос гаргаад хөдөөд аваачиж дахин хорихыг олон нийт эсэргүүцэж байна.
 
Хүүхдийг хөдөөд тусгаарлах байранд долоо хонуулахад халдвар хамгааллын дэглэм алдагдах, эрүүл чанартай хоол хүнсээр хангахаас эхлээд зардал чирэгдэл үүснэ. Халдвар тархаагүй аймаг үлдээгүй шахам энэ нөхцөлд харин ч улам эрсдэлд оруулах биш үү. Хүүхдүүдэд вакцин хэзээ хийх, цаашлаад дархлаа тогтох хугацаа тодорхойгүй байгаа энэ үед эрсдэл, эрүүл мэндийг бодсон ч гэсэн хүүхдүүдээ аль болох хүндрэлгүй хөдөө явуулах хэрэгтэй байна.  Ер нь манай улс шиг хүүхдийг "халдвар тээгч" хэмээн ад үзэж байгаага ил тод зарласан улс хаана ч алга. Хүүхдийн эрхийг зөрчиж буй энэ үйлдлээ хэзээ зогсоох вэ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.5.18 МЯГМАР № 101 (6578)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.