Д.Амарбаясгалан: Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах үүрэг хариуцлага бидэнд ирлээ

Д.Амарбаясгалан: Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах үүрэг хариуцлага бидэнд ирлээ

УИХ-ын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч эрх баригч МАН ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болсонтой холбоотойгоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр "Сонгогчид маань сонголтоороо эхлүүлснээ гүйцээж, задарсныг засч, ядарсныг хайрлах захиа даалгавраа өглөө. Цар тахлын үед УИХ-ын сонгуулийг өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулсан

Сонгуулийн ерөнхий хороо болон төрийн албан хаагчиддаа нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье. Мөн сонгуульд өрсөлдсөн улс төрийн нам, эвслүүд, бие даан нэр дэвшигчиддээ шударга, цэвэр өрсөлдсөнд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Миний бие МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон штабын үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан ерөнхий менежерийн хувьд сонгуулийн кампанит ажлын үр дүнг дараах гурван зүйлээр тодорхойлж байна. МАН олон түмний дэмжлэгийг хүлээсэн улстөрчдийг 29 тойрогт нэр дэвшүүлсэн. Нэр цэвэр, мэдлэг туршлагатай, эх орноо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг бид төрийн эрх барих дээд байгууллагад сонгуулахаар ард түмэндээ илгээсэн. Монгол төрийн босго өндөр гэдгийг онцгойлон харгалзаж үзсэн.

Хэн нь олны итгэлийг хүлээж чадах нэр дэвшигч вэ гэдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, МАН 2020 оны сонгуульд шинжлэх ухаанчаар хандаж нэр дэвшигчдээ тодруулж илгээсэн юм. МАН сонгуулийн сурталчилгааны туршид хийсэн ажил, хийх ажил, шийдэх асуудал, хүрэх зорилгоо тайлбарлаж бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг хичээсэн. Цаашид ч Монгол төрийн сонгууль цэвэрхэн, шударга, бодлогын өрсөлдөөн байх ёстой гэж МАН-ын зүгээс үзэж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын сүүлийн 20-30 жилийн туршид хүлээгдэж овоорсон олон асуудлыг бодитоор шийдвюэрлэж чадсныг Монголын ард түмэн дэмжлээ. Шударга ёсны тэмцлийн галыг асаасныг мөн дэмжлээ. Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ баярлалаа. Монголын ирээдүй залуу сонгогчиддоо баярлалаа.

Шинэ үе, шинэ мянганыхан эрх чөлөөний дархлаатай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүчтэй тэмцэгчид болон бойжиж буйг бид энэ сонгуулийн туршид харлаа. МАН шинэ залуу үеийнхний хүсэл мөрөөдлийг дэмжиж хүчээ нэгтгэн хамтарч ажиллахаа илэрхийлж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол эхлүүлснээ дуусгаарай, задарсныг засаарай, ядарсныг хайрлаарай гэсэн ард түмний захиа даалгавар гэж бид ойлгож байна. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах үүрэг хариуцлага бидэнд ирлээ. Энэ удаагийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулснаар сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа нэг нам хоёр дахь удаагаа дараалан засгийн эрх барих гэж байгаа тохиолдол болж байна. МАН "Хөгжлийн гэрээ" мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа өнөөдрөөс эхлээд орж байна. Бидэнд эмхлэх цэгцлэх ажи маш олон бий. Үүнийг ард иргэд маань бидэнд даалгавар болгож өгснийг гүнээ ухамсарлаж өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байна. Амжилтаа батган, алдаа дутагдлаа засч, эхлүүлснээ дуусгахын төлөө бид хичээн зүтгэнэ. Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.