Манай жүдогийн холимог баг долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпийг өндөрлүүлэв

Манай жүдогийн холимог баг долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпийг өндөрлүүлэв

Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпийг өндөрлүүлэв. Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар дийлдсэн юм.

Энэ олимпоос медаль хүртсэн Цогтбаатар, Моллай нар аргагүй сайн байгаагаа харуулж, багийн тэмцээнд учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялав. Германтай хийсэн барилдаан 2:3 болж эвгүйтээд байх үед Д.Сумъяа сүүлийн барилдааныг хийсэн. Хэрэв манай бөх ялсан бол ерөнхий харьцаа тэнцэж, сугалаагаар дахин нэг жингийн барилдаан хийх байв. Гэвч барилдаан эхлээд удаагүй байхад даралтаар цэвэр ялагдлаа.

Манай жүдогийн холимог баг шөвгийн наймд Оросын багийн эсрэг хүч сорилоо. 
Д.Сумъяа - Дарья Мезецкая  0:1
Европын аварга Мезецкая барилдааны дундуур хөмрөх мэхээр вазари авсан нь түүнд ялалт авчирлаа. Манай аварга үнэлгээг тэнцүүлэх гэж хэрэндээ хичээсэн ч цаг хугацаа түүнийг хүлээсэнгүй.
Ц.Цогтбаатар Муса Могушков  1:1
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Могушковыг манай Цогтоо бүх талаараа илүүрхлээ. Улмаар цагийн дунд хэрд Могушковыг хавирч унаган завари авч ялалт байгуулан ерөнхий харьцааг 1:1 болгов.
Б.Ганхайч - Мадина Таймазова 1:2
Манай бөх дээд жингийнхээ Таймазоватой сайн үзлээ. Токиогийн олимпоос хүрэл медаль аваад буй орос бүсгүй Ганхайчийг торгуулиар буулгаж авав. 
Саид Моллай - Михайл Иголников 2:2
Европын хошой аварга дээд жингийнхээ бөхтэй манай Моллай бахдам сайхан барилдаж, хоёр вазаригаар ялалт байгуулсан. Манай бөх эхлээд хавирах мэхэнд нь вазари алдсан ч дараа нь дархан өмсөх мэхээрээ үнэлгээг тэнцүүлэв. Улмаар нэмэлт цагт өрсөлдөгчөө хөмрөнгүүт голлож дайраад унаган үнэлгээ салгасан юм. Ингэснээр ерөнхий харьцаа 2:2 болон тэнцлээ.
О.Мөнхцэцэг - Александра Бабинцева 2:3 
ДАШТ-ий хүрэл медальт Бабинцева манай бөхийг даралтаар цэвэр ялсан. 
Ө.Дүүрэнбаяр - Тамерлан Башаев 2:4
Ерөнхий харьцааг тэнцүүлэх боломжтой сүүлийн барилдааныг Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ий мөнгөн медальт, олимпоос хүрэл аваад буй Т.Башаевийн эсрэг хийсэн. Башаевийн хувьд Францын амьд домог Т.Риньег энэ олимпоор ялж шуугиулсан эр. Энэхүү барилдаанд Башаев өмсөх мэхээр вазари авч, түүнийгээ цаг дуустал хадгалж чадлаа.
Ингэснээр Оросын жүдогийн холимог баг хагас шигшээд шалгарч, Японтой өрсөлдөхөөр болов. Харин манайхан дагах барилдаанд Германтай хүч сорино.
“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын долоо дахь өдрийн байдлаар 70 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын баг маань нэг мөнгө, хоёр хүрэл , нийт гурван медальтай 45-д бичигдэж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр манай жүдо, буудлага тамирчид тэмцээнтэй. 
 
Жүдо бөхийн тэмцээний сүүлчийн өдөр. Холимог багийн төрөл олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд нэг улсын баг 6 жүдочтой( эмэгтэй 57 кг, 70 кг, +70 кг , эрэгтэй 73 кг, 90 кг, +90 кг) байна. 
 
Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялав. 
 
БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарав. Тэрбээр энэ удаа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч яллаа. Хожлын харьцаа 1:1.
 
Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.
 
Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв. 
 
Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа. 
 
Одоо манайхан шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.
 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.