10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан онцолж байлаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун  ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил хийгдэж эхлэх ёстой байсан.  Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.