ЭЕШ-ын материалыг задруулсан сурагчдад хариуцлага тооцсон

ЭЕШ-ын материалыг задруулсан сурагчдад хариуцлага тооцсон

Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар задарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ  асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 18:30 цагт мэдээлэл хийлээ.

Энэ жилийн ирц өмнөх жилүүдийн ирцтэй ойролцоо байв

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “ЭЕШ орон даяар энэ сарын 19-22-нд амжилттай болж дууслаа. 40420 шалгуулагч 82 байранд шалгалтаа өгсөн. Бүртгүүлсэн сурагчид биологийн хичээлд 88 хувь, математик 89 хувь, хими 91 хувь, газар зүй 77 хувь, нийгэм судлал 91 хувь, Монгол Улсын түүх 75 хувь, англи хэл 91 хувь, физик 88 хувь, орос хэл 75 хувь, Монгол хэлний хичээлд 82 хувийн ирцтэй хамрагдлаа.  Энэ нь өмнөх жилүүдийн ирцтэй ойролцоо дүн юм. ЭЕШ-ын дүн оноог шилэн технологи ашиглан зарласан. Шалгалт дууссанаас  20 минутын дараа дүн оноог шалгалтын байранд тусгай засагч уншуулж, шалгалтын материалыг засах үйл явцыг шууд дамжуулан олон нийтэд үзүүлсэн. Биологийн хичээл дээр улсын хэмжээнд таван сурагч 100 оноо,  математик дээр есөн сурагч 100 оноо, химийн хичээлээр хоёр сурагч 99 болон 100 оноо, газар зүй дээр нэг сурагч хамгийн дээд тал нь 95 оноо, нийгэм судлалаар 31 сурагч, англи хэлээр 13 сурагч 100 оноо авсан. Өнөөдөр шалгалт авсан физик, Монгол хэл, орос хэлний хичээлийн дүнг эцэслээгүй байна.

“Шалгалтын материал задруулсан сурагчдын дүнг хүчингүй болгосон”

-ЭЕШ-ыг зохион байгуулахад зарим нэгэн алдаа дутагдал гарсан. Тухайлбал, энэ сарын 20-нд авсан хими, нийгэм судлал хичээлүүдийн сэдэв, даалгавар задарсан мэт мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу БҮТ-өөс мөрдлөгө хийж, мэдээлэл цуглуулсан. ЭЕШ нь байгууллагын албаны нууцад хамаардаг учир материалыг боловсруулахаас эхлээд шалгуулагчийн гар дээр очих бүх үйл явц цагдаагийн байгууллагын хамгаалалтад дор, ТЕГ-ын тусгай шуудангийн албаар дамждаг учир сэдэв, даалгавар задрах тохиолдол байдаггүй. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ жил ЭЕШ-ын сэдэв задраагүй. Харин ЭЕШ-д авч орохыг хориглосон эд зүйлсийн жагсаалт байдаг. Нийт 82 байранд 10 өдрийн турш зохион байгуулагч нар 16200  гар утсыг шалгалтын байрны гадаа хураан авч үлдсэн. Гэвч нэг утсаа хураагаад өөр нэг утсаа мэдэгдэхгүйгээр нууцаар авч орсон тохиолдол мэр сэр гарсан. ЭЕШ-ын химийн хичээл 10:00 цагт эхэлсэн. Гэтэл шалгалтын явцад 10:57 цагт нэг суралцагч шалгалтын байранд утас авч ороод материалын зургийг дараад бусдаас тусламж гуйсан  нь зургаар баталгаажсан. Иймээс тухайн шалгуулагчийг ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгалтын дүн оноог хүчингүй болгох арга хэмжээг тухайн үед авч хэрэгжүүлсэн.

Мөн  “Бямбаа багш” гэсэн цахим хаягнаас нийгэм судлалын хичээл дээр ирсэн даалгаврыг 18:06 цагт олон нийтэд нээлттэй тавьсан. Үүнийг шалгалтын материал өмнө нь задарсан гэж хүмүүс ойлгосон. Гэвч нийгмийн шалгалт 17:40 цагт дууссан байсан. Энэ багшийн шавь нь шалгалтын материалаа хураалгүй гарч ирээд зургийг нь авч багшдаа явуулсан. Үүнийг багш нь олон нийтийн сүлжээнд тавьсан. Энэ сурагчийн дүн оноог хүчингүй болгосон. Бямбаа багш энэ талаар тайлбар өгсөн.

“ЭЕШ-д амар хялбар аргаар өндөр оноо авах үйлдэл их гарлаа”

Үүнээс гадна ЭЕШ-д амар хялбар аргаар өндөр оноо авах, ашиг хонжоо хайсан үйлдлүүд нэлээд гарлаа. Тодруулбал, 4-р сургууль, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий, Завхан аймагт гар утас авч орсон, ашиглахыг оролдсон тохиолдол гарлаа. Баян-Өлгий аймагт сурагчийн авч орсон гар утсыг ашиглан багш нь тусласан, Завхан аймагт өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан журам зөрчсөн үйлдлүүд гарлаа. Үүн дээр эцэг эхчүүд, сурагчид онцгойлон анхаарах хэрэгтэй. ЭЕШ бол эрэмблэн жагсаах зорилготой уралдаант шалгалт юм. Энэ шалгалтад хэн мэдлэг чадвартай, бэлтгэл сайтай нь ЭЕШ-даа өндөр оноо үзүүлэх боломж нь нээлттэй. Ёс зүйгүй үйлдэл гаргасан багш болоод сурагчдад бид тухай бүрт нь арга хэмжээ авсан.

“Энэ жил нарийвчилсан blueprint бэлтгэсэн”

Нийгэм судлал хичээлийн хэмжээст онооны асуудал олны дунд маргаан үүсгээд байна. ЭЕШ эхлэхээс өмнө дөрөвдүгээр сард БҮТ-өөс шалгалтын даалгаврын агуулгын хамрах хүрээ буюу blueprint-ийг хичээл тус бүрээр нь гаргаж олон нийтэд зарласан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх хугацаа нь бага байсантай холбогдуулан нэмэлтээр ийм сэдвээр, тэддүгээр ангийн агуулгаас ирнэ гэсэн нарийвчилсан blueprint-ийг шалгуулагч болон багш нарт бэлтгэж өгсөн. Энэ нь бэлтгэхэд маш том чиглэл болсон. ЭЕШ-ын материал энэ blueprint-ийн дагуу ирсэн. Энэ жилийн нийгэм судлал хичээлээр өмнөх жилүүдээс өндөр оноо авсан сурагч олон байсан. Шалгалтын материалыг сайн бэлтгэж өгснөөр өмнөх жилүүдийн дунджаас энэ жилийн нийгэм судлал хичээлийн дундаж оноо өссөн. Тухайлбал, 100 оноо авсан 31 сурагч, 99 оноо авсан 45 сурагч буюу 90-аас дээш оноо авсан 1100 гаруй сурагч байна. Эсрэгээр маш бага буюу 0-20 оноо сурагч маш олон байна. Эндээс сайн бэлтгэсэн сурагч нар хүссэн оноогоо авсан бол  бэлтгээгүй нь бага оноо авсан байна. Үүнээс шалгуулагчийн хэмжээст оноонд зөрүүтэй байдал үүссэн. ЭЕШ-ын дүн оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс 2019 онд шалгалт өгсөн болон 2021 онд шалгалт өгсөн сурагчдын оноог эрэмблэн жагсааж, харьцуулсан нь хэмжээст оноо юм. Энэ нь олон улсын том судлагаа, шалгалтууд дээр ашигладаг аргачлал юм. Нийгэм судлал дээр гүйцэтгэлийн дундаж нь 90 оноотой хэрнээ хэмжээст оноо нь 690, математик дээр 90 оноотой хүүхэд 750 оноо авсан байна гэж шүүмжилж байна. Гэвч хэмжээст оноо нь тухайн хичээлийн шалгуулагчдын тоо болон улсын дундаж стандарт хазайлтаасаа хамаараад хичээл бүр дээр харилцан адилгүй өөр өөр гардаг. Шалгуулагчид хэмжээст онооны талаар сайн судлах хэрэгтэй. Маргааш нийгэм судлал хичээлийн оноог тооцсон аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сайтдаа байршуулна. Наймдугаар сарын 9-22нд халдвар аваад шалгалтаа өгч чадаагүй сурагчийн мэдээллийг ЭМЯ-наас албан ёсоор аваад шалгалтыг хэрхэн зохион байгуулах, их дээд сургуулийн элсэлтийг хэрхэх талаар нэгдсэн мэдээлэл өгнө. Маргаашаас их дээд сургуулийн элсэлт, хуваарь сонголт эхэлнэ” гэж ярилаа.

Харин Монголын их, дээд сургуулийн консерциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга “Өнөөдөр Монгол Улсад 88 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс  50 нь Монголын их дээд сургуулийн консерциумын гишүүн сургууль байдаг. Сүүлийн хоёр жил элсэлтээ цахимаар зохион байгууллаа. Маргаашаас сурагчид сургууль болон хуваариа сонгоно. Энэ ажлыг бид хариуцлагатай зохион байгуулна” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.