Монголчуудад “Мөсөн өргөө” ордон яагаад чухал байв?

Монголчуудад “Мөсөн өргөө” ордон яагаад чухал байв?

“Хөлдөө канки углаж үзсэн хүн бүрийн хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ” хэмээн Монголын төр нийгмийн зүтгэлтэн нэгэн эрхэм өгүүлж байсан нь саяхан мэт. Энэ нь эсгий гутал дээр “канки” углаж боогоод, унаж босож байж сурсан бүхэл бүтэн нэгэн үеийнхэнээс , хоккейн спортыг хойд хөршийнх гэж боддог ч битүүхэн хорхойсч явдаг 21-р зууны одоо үеийнхэн хүртэлх нийгмийн мөрөөдлийг хамтад нь биелүүлэх зорилготой “Мөсөн өргөө” ордоныг барьж байгуулах “эх оронч төсөл”-ийн тухай төсөөлөл байж. Гэтэл одоо тэр төсөл биелэлээ олж, “Мөсөн өргөө” маань өндөр үүдээ нээхэд ердөө 16 хоног үлдлээ.

Хоёр зууныг дамжсан мөрөөдлөө биелүүлэхийн тулд, хорь хүрэхгүй хоног хүлээх нь ямар ч үндэстэнд зүгээр л аз жаргал бусуу?

Ингэхэд Монголчууд бидэнд “Мөсөн өргөө” ордон барих яагаад тийм их чухал байв?

Нэрэлхэлгүй хэлэхэд монгол хүн хөлдөө “канки” углаж эхлээд 100 шахам жил болж байхад  өвөл зуны битүү ордонгүй, задгай талбайд гулгасаар л явж ирж. Гэтэл дэлхий дээр анхны битүү дээвэртэй ордон яг 100 гаруй жилийн өмнө баригдаж байсан бөгөөд зөвхөн Канадад л гэхэд 2500 гаруй мөсөн коток  байх жишээтэй.

Үнэндээ өвлийн хүйтэнд л ээтэн хоншоорт, эсгий гутал хоёртоо тас зууруулж хөлдөөж аваад “хавхтай юу” шиг сажилж явсанаа “канкидаад байна” гэж эндүүрч явсан нь жавар үргээм жаргал ч гэлээ, зүгээр л “зэрлэг цэнгэл” байсан бусуу?

Удахгүй нээлтээ хийх “Мөсөн өргөө” ордоны зураг төслийн багийн гишүүн, мэргэжлийн хоккейчин Марк Хэйнц “Хоккейд үнэн голоосоо дуртай хүмүүс Монголд олон байна. Гэвч байнга задгай талбайд тоглохоос өөр аргагүй байдалд нь итгэхийн аргагүй” хэмээн ярьсан бол, Хойд Ванкуверын гэрэл зурагчин Пат Белл “Монгол дахь бэсрэг задгай талбайн хоккейн тоглолтыг ажихад Канадаас тэс өөр. Мөсөн талбайд, хадаж эвлүүлсэн цохиураар тоглох хүүхэд залуусыг тэшүүрээ тайлж өгөхийг дараагийн ээлжийнхэн хүлээж зогсоно. Тоглолт бүрийн дараа хувинтай бүлээн ус авчирч, алчуураар мөсөн талбайг тэгшилж байх нь энгийн үзэгдэл” хэмээн гайхшран өгүүлсэн нь 21-р зууны нийслэл Улаанбаатарын маань яг одоогийн дүр зураг бөгөөд Монголчууд бидэнд олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын “гэр орон” ямар их чухал болохыг ний нуугүй хэлсэн байна.

Хавхтай чоно нь хөлөө тас хазаад гүйчихдэг гэх Монголын тал нутагт, хатуу ширүүнийг туулах, эр зоригийн спорт эрсдэл ихтэй тусмаа бидний сонирхолыг улам ч их татдаг байж болох юм. Гэвч бид дэлхийгээс ингэж ондоошихгүй. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн ч өдгөө ийм байдлаар өрсөлдөх чадварыг тодорхойлохгүй. Ямартай ч Монголчууд бид хэрэндээ л хоккейн спортод дуртай гэвэл харин үнэнд ойртоно.

Энэ сарын 29-нд үүд хаалгаа нээх “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө” болбоос үндэсний компаниудын эвлэлдэн нэгдэж, хамтдаа хийж бүтээхийн “идеал”, үнэт зүйл шингэсэн олон улсын төсөл юм. Төслийг түүчээлэгч нь үндэсний компани “Степпе Арена” ХХК бол төслийг санхүүжүүлэгч нь хаягдал овоолгоос зэс ургуулж чадсан Ачит Ихтийнхэн.

Дэд бүтцийг нь “Юнайтад прожектс Корпорэйшн”гүйцэтгэсэн бол цемент шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ ноён “МАК” дэмжжээ. Монголчуудад “Мөсөн өргөө” ордон яагаад чухал байгаа талаар өгүүлсэний учир, яаж хэрхэн бүтээн байгуулж чадав ? гэдэг талаар дараа өгүүлсү.

Ямар ч атугай хоккейн спортыг л гэхэд хойд хөршийнх гэж бодож  итгэж явсаар 21-р зуунтай золгосон нэгэн зууны амаргүй цаг, нэгэн зунаар хайлан урсаж, харин  одоо хайлдаггүй улирал үл харгалзах мөсөн ордондоо дөрвөн цагийн улиралд дураараа гулгах цаг иржээ.

Энэ бол бидний хувьд, өвлийн спортын гэр оронтой болсоны хамгийн том  хурим найр, үндэстнийхээ хувьд баяр баясгалантай байх түүхэн өдрүүд мөн.

Хоккейн спортын ахмад тамирчин спортын мастер Ш.Батцэрэн “Манай хоккейчид энэ өргөөг л хүлээж байлаа. Ийм өргөө байгуулах санаачилга гаргасан, хөрөнгө оруулж байгаа хүмүүст талархаад барамгүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайдаа жилийн турш бэлтгэл хийж, тэмцээн зохион байгуулахаар хоккейчидын маань ур чадвар дээшилж, Монголын хоккейн хөгжил цоо шинэ түвшинд хүрнэ. Харж л байгаарай” хэмээн тэсэлгүй хэлж орхисон байх юм.

Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, мөсөн талбайг тусгай зориулалтын хучилтаар бүрхэж сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг танхимын бусад спорт, соёл- урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулах боломжтой болгожээ.

Эмнэг хангал дээр хүртэл тогтож чаддаг Монголчууд маань тэнцвэрийн спорт болох тэшүүр, эр зориг, хатуужлыг шалгадаг хоккейн спортоор бол ирэйдүйд хожигдоно л гэж харин ч нэг байхгүй шүү.

Хойд урд хоёр хөрш, хол ч гэлээ ижилхэн хүйтэн өвөлтэй халуун сэтгэлтэй Канадчууд, дипломат харилцаатай Австри гээд  Монголчуудын мөрөөдөл биелүүлэх мөсөн өргөөг бүтээлцэх түүхэн үйлсэд олон улсын нэр хүндтэй компаниуд , мэргэжилтнүүд оролцсон нь энэ төслийг  эв нэгдлийн илэрхийлэл болсон олон улсын төсөл гэдгийг батлан харуулж байна.

Нийгмийн мөрөөдлийг биелүүлэх цасан цагаан замд гарсан Монголчууд шинэ зүйлд суралцаж, шинэ мэдлэг туршлага хуримтлуулж, шинэ зуунтай хөл ниййлүүлж эхэллээ.

Эх сурвалж: NEWS.MN Ж.СОЁЛ-ЭРДЭНЭ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.