Т.Аюурсайхан: ШҮҮГЧДИЙН НӨЛӨӨ ХҮЧТЭЙ Ч 32:33 САНАЛЫН ЗӨРҮҮГЭЭР ЛОББИГ НЬ УНАГАВ

Т.Аюурсайхан: ШҮҮГЧДИЙН НӨЛӨӨ ХҮЧТЭЙ Ч 32:33 САНАЛЫН ЗӨРҮҮГЭЭР ЛОББИГ НЬ УНАГАВ
Үндсэн тэтгэврээ тогтоолгохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тогтоолгоод, 20-с дээш ажилласан жил тутам 1.5 хувиар нэмэгдэл тооцдог. Шүүгчид өөр хуулиар 80 хувиар тэтгэврээ тогтоолгоод, дээрээс нь ажилласан жилийн нэмэгдэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиараа зохицуулагдана. Яагаад гэвэл илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн хүний ялгааг гаргах гэсэн хуулийн үзэл санаа нь НД-ын сангаас тэтгэвэр авч байгаа бүх хүнд адил үйлчилнэ.
 
Ингээд 35 жил ажилласан иргэн тэтгэврээ 67.5 хувиар тогтоолгож байхад 35 жил ажилласан шүүгч 102.5 хувиар тогтоолгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өндөр цалингаас нь илүү өндөр тэтгэвэр. 4 саяын цалинтай шүүгч ажилласан 6 дахь жилээсээ цалин нь жил бүр 2 хувиар нэмэгдэж, 35 жил ажиллавал өссөн дүнгээр 81.1 хувиар нэмэгдэж  7,244,000 болно гэсэн үг. Энэ хугацаанд инфляцтай уялдуулж төрөөс цалин нэмэхийг тооцохгүйгээр. Үүнээсээ 80 хувиар үндсэн тэтгэврээ тогтоолгоод, ажилласан жилийн нэмэгдэлтэйгээ 102.5 хувиар тогтоолговол 7,425,100 төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Нийгмийн даатгалын санд ийм нөөц боломж байхгүй. Иймэрхүү гажуудлыг зөвшөөрөөд тал засаад, хуйвалдаад байвал эцэст нь ахмадууд тэтгэврээ хугацаандаа авч чадахгүй, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулаад тэтгэврээ нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл үүснэ. 
 
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1. “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан. Шүүгчид тэтгэврээ Нийгмийн даатгалын сангаас авах юм бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэврийн тухай хуулийн дагуу нийт иргэдтэй адил тэгш эрхийг эдлэх ёстой. Тэтгэвэр тооцох аргачлалыг сайжруулъя гэвэл нийт иргэддээ эрх тэгш хандаж шийдэх ёстой. Үндсэн хуулиа зөрчиж, өөр хуулиар өөр эрх эдлэх гээд чичрээд байж болохгүй. Ийм учраас хангалттай өндөр цалинг нь ажилласан 6 дахь жилээс эхэлж жил бүр 2 хувиар нэмэгдүүлэх, мөн үндсэн тэтгэврээ 80 хувиар тогтоолгох хуулийн заалтуудыг зарим гишүүд анхааруулж, учирлаж байж 32:33 саналаар буюу ганцхан гишүүний саналын зөрүүгээр унагалаа.
 
Т.Аюурсайхан
2021.01.09
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.