“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй

“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй

Үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улсын зовлонг монголчууд ханатлаа л эдэлж байна. Тэр дотроос шатахууны үнийн өсөлт, хангалт нийлүүлэлтээс “юмны үнэ” шууд хамаардаг. Энэ нь манай эдийн засгийн тогтолцоо шахуу юм болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг улсаас хараат шатахууны асуудал нь улсын эдийн засаг, ард түмний амьжиргаанд голлох нөлөөг үзүүлдэг.

Манайд шатахуун импортолдог монополь хэдэн компани бий. Тэднийг товчлоод “колонкууд” гэдэг юм байна лээ. “Бараа”-гаа голчлон хойд хөршөөс татдаг. Тэд үнээ тогтооно. Дагаад эдийн засаг давалгаалдаг. Шатахууны үнээс нь гадна чанарын асуудал бас яригдах боллоо.

Ингэхээр импортын шатахууны тухайд үнийг ч, чанарыг ч бид ярьж чадахгүй болчихож байгаа юм. Олдож байгаа нь их юм гээд төр нь нөгөөдүүлийнхээ амаар явах шаардлага үүсдэг бололтой юм билээ. Ер нь ч тэгж явж ирсэн. Өнгөрсөн намар шатахуун хомсдоход УУХҮЯ, АМГТГ бол үйлдвэрлэгч Оростой биш, импортлогчидтойгоо тохирч байж асуудлыг шийддэг юм байна гэдгийг бид харсан. Өнөөдүүл нь ч хомсдолыг арилгаад, хэд хоноод үнээ нэмээд эхэлсэн.

Энэ бол Монголын эдийн засаг бүх талаараа хараат гэдгийг том тодорхойлолт болж байгаа юм. Гэвч энэ талаар хэн нэгэн дарга албан ёсоор ам нээдэггүй байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр  Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн юм.

Төр ингэж мэдэрч, түүнийгээ хэн нэгэн “баавгай”-наас айхгүй мэдэгдэж байгаа нь сайн хэрэг.

Харин гарцаа яаж шийдэх гэж байна вэ. Үндсэндээ ганц л гарц байгааг эдийн засагчид хэлж ярьсаар ирсэн. Ерөөсөө л шатахууны үйлдвэрлэлийг дотооддоо явуулах шаардлагатай аж. Манай зах зээл бол том биш. Гэхдээ ямар нэгэн аргаар үйлдвэрлэлийг эхлүүлчихсэн байхад хэрэглэгчгүй болох юм уу, тэр үйлдвэрлэл үр ашиггүй болно гэж үгүй.

Уг нь манайхан шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж хэд хэдэн удаа оролдлого хийж байсан. Гэхдээ яагаад ч юм, дандаа уначихдаг. Яаж ийгээд л бүтэлгүйтдэг.

Хамгийнг томоохон нь гэвэл, одоо бүтээн байгуулалт нь Дорноговьт эхэлчихээд явж байгаа Нефтийн үйлдвэр байна. Энэтхэгийн мөнгөөр барьж байгаа энэ үйлдвэрийг яагаа ч үгүй байхад “Ямар ч хэрэггүй юм байна, АИ92 үйлдвэрлэхгүй юм байна” гэдэг PR нэвт явчихсан. Хүлээлтийг “0” заалгачихаж байгаа юм. Угтаа энэ нефтийн үйлдвэр чинь жинхээн “монгол мөрөөдөл” байхгүй юу.

Гэхдээ манайхан дан ганц Нефтийн үйлдвэрийг хүлээгээд юм уу, импортлогчдын гарыг хараад суугаагүй байдаг.  2001 оноос шатахууны үйлдвэрлэл явагдаж ирсэн. Их хэмжээгээр биш ч анх А80 шатахуун үйлдвэрлэж байсан. Улмаар 2019 оноос дизелийн түлш үйлдвэрлэж, түүгээрээ Монгол Улсын түлшний хэрэгцээний тодорхой хувийг хангаад ирчихсэн үйлдвэр байна. Үнэ нь импортлогчдынхоос хямд. Тиймээс газар тариалан, зам гүүрийн барилга, уул уурхайнхан хэрэглээд сурчихсан. Ам сайтай байдаг.

Харин мөнөөх л “Болдоггүй, бүтдэггүй” гэдэг PR бас л дайрч, хэдэн жил нүдсэн. Одоо ч тийм. Ард нь “колонкууд” байдаг бололтой юм билээ. Төрөө ч, ард түмнээ ч бөхийлгөөд л шатахуунаа зөөж авчраад, жижиглээд зарж байх дуртай.

Өөрөөр хэлбэл, манай шатахууны импортлогчид буюу “колонк”-ууд үйлдвэрлэлд хачин дургүй. Шатахууны түүхий эд, нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх юм уу, хөнгөлөлт үзүүлэх талаар ярихаар тэд шууд эсэргүүцдэг. Тодруулбал, 2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн. “Колонк”-уудад төр засгаас ингэж хангалттай хөнгөлөлт эдлүүлдэг. Гэвч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, шатахууныхаа стандарт чанарт анхаардаг уу. Тийм бол өдийд шатахууны чанарын талаар ийм хэл ам, гомдол хүсэлт гарахгүй.  Ийм байтлаа дотоодод бага хэмжээний дизелийн түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Нэг үгээр хэлбэл, манайд  шатахуун үйлдвэрлэх гэхээр бүтээгдэхүүнд нь онцгой татвар тавьчихдаг. Харин импортлогчид буюу “колонк”-ууд захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулж ирдэг. Ингэхээр шатахууны үндэсний үйлдвэрлэлтэй болж чадах эсэхэд эргэлзээ төрмөөр болоод байгаа юм. Тэгэхээр нэг үнэн юмыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа юм. Монгол Улс колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй шүү.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин" Б.Тулгат

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.