Салбараасаа хөрөнгөжсөн тэрбумтан

Салбараасаа хөрөнгөжсөн тэрбумтан

“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа шинээр байгуулагдсан Засгийн газрын сайдуудыг онцолж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг онцолж байна.

“Мэдээж төлөвлөсөн олон асуудал бий. Яг юунаас эхлэх вэ гэдэг л байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах чиглэлд ач холбогдол өгч байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр заалтад өөрчлөлт оруулна. /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан.

Өнгөрсөн хавар энэ заалтыг эмч нар эсэргүүцэж удаа дараа жагсаал зохион байгуулсан/. Хоёрдугаарт, тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахын тулд ямар боломж байна вэ гэдгийг гаргаж ирнэ.

Өнөөгийн Монголын нөхцөл мэдээж хүнд байна. Энэ үед эдийн засаг хүнд хэмээн харж суух биш, нөхцөл боломж юу байна вэ гэдгийг харах нь чухал. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь өвчнийг урьдчилан сэргийлэх чиглэлд хандах хэрэгтэй. Өвчлөхөөр нэг зардал, урьдчилан сэргийлэхэд бас өөр зардал гарна. Энэ хоёрын хооронд их зөрүү бий. Тиймээс энэ чиглэлд  анхаарна. Нөгөөтэйгүүр яаралтай тусламж гэдэг чухал асуудал.

Яаралтай тусламжийг богино хугацаанд, олон улсын стандартын дагуу үзүүлэхэд чиглүүлнэ. Яаралтай тусламж авч чадаагүйгээс хохирч, амь насаа алдах явдлыг 50 хувь бууруулна”. Энэ бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн ажлаа хүлээж авсныхаа дараахан сэтгүүлчид өгсөн ярилцлагын хэсэг. Эл ярилцлагаас хойш 56 хоног өнгөрчээ. Дээр амласан зүйлүүдээс ажил хэрэг болсон нь одоогоор алга.  

Том хүний худ болсон нь түүний хувьд буян уу

Засгийн газар солигдох бүрийд  бүх зүйл нь орвонгоороо өөрчлөгддөг эрүүл мэндийн салбарынхан “мэргэжлийн” гэх гоёмсог тодотголтой Засгийн газар байгуулагдахад С.Ламбаагаасаа илүү гарах хүнийг горьдож байсан нь талаар болж, салбартаа бус намдаа нэр нөлөө бүхий хатагтай томилогдсон нь энэ.

Үүнийг нь МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан дээр журмын нөхөд хийгээд Төв аймгийн фракцийнхан нь “Аюушийн Цогцэцэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Ерөнхийлөгчид өгсөн “мэргэжлийн  Засгийн газар байгуулна” гэх амлалтад яв цав нийцэх хүн” хэмээн магтаж байсан бол сошиал ертөнцөд “Ашиг сонирхлын зөрчилтэй гэх Ж.Цолмонгийн оронд орж ирсэн А.Цогцэцэгийг ч ашиг сонирхлын зөрчлөөрөө Ж.Цолмонгоос нэг их ялгарахааргүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг шүү дээ”, “А.Цогцэцэг нь өөрийн нэр дээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай.

Мөн “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгтэй. Хувийн эмийн сантай.  Эмнэлгийн барилга нь 10 давхар гээд төсөөл л дөө” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээжээ. Түүгээр ч барахгүй “Түүний албан тушаалд залрах боломжийг худ нь олгосон шүү дээ”, “А.Цогцэцэг МАН-даа тулхтай, элдэв хэл амнаас ангид гэгдэх Нямаагийн Энхболдын худ.  А.Цогцэцэгийн охин Н.Энхболдын хүүтэй гэр бүл болсон.

Тиймээс ч худынхаа нүүрээр сайдын суудалд ирэхээр болсон байх” гэх мэтчилэн бичсэн байх юм. Түүнээс гадна Эрүүл мэндийн салбарын энэхүү томилгоог шударга бус болсон талаар нэлээд олон хүн сэтгэгдлээ үлдээснийг харахад энэ салбарыг толгойлох хүн биш гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнээс гадна эрх ашгийн зөрчилтэй гэдгийг нь ч олон хүн хэлсэн байх юм. Тэгэхдээ яг эрх ашгийн зөрчилтэй эсэхийг олны сэтгэгдэл бус АТГ тогтоох учиртай.

Гэвч олны үг ортой гэдэг болохоор бас нэгийг хэлээд л байгаа хэрэг. Цааш нь гүйлгэвэл “Арьсны эмч нар”, “Эсэргүүцэж байна эмч нар бид” гэх зэргээр нэрээ үлдээсэн сэтгэгдэл ч түүнийг нэг л биш гэдгийг харуулах шиг. Ямартай ч А.Цогцэцэг гэдэг хүнийг төрийн эмнэлгээс төрсөн тэрбумтан, хоёр Энхболдтой ойрын хамаатай гэх зэргээр үнэлдэг болох нь үүнээс харагдаж байх юм. Тэгэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “мэргэжлийн” Засгийн газрын кабинетын гишүүдийн нэг, мэргэжлийн сайд ажлаа хэрхэн хийхийг цаг хугацаа харуулах буй за.

Хэлсэндээ хүрдэг л сайд байгаасай

Нөгөөтэйгүүр, түүнийг аль ч төрд үлдэж чаддаг нүүрийн буянтай бүсгүй гэж хэлж болно. Тэрбээр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар 2003 оноос хойш ажилласан бөгөөд энэ хугацаанд дөрвөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, долоон сайд солигдсон байх юм.

Сайд солигдох бүрт том эмнэлгийн дарга нарыг халж  сольж, бужигнуулахад ховхролгүй үлдэж чадсан цорын ганц дарга нь тэр байж. Үүнд худ ургийн хэлхээ холбоо, халаасан дахь мөнгө нь нөлөөлсөн ч байж мэдэх юм. Өнөө цагт халаасандаа мөнгөтэй байж чадна гэдэг гайхамшигтай зүйл. Тийм амьдралын гүйлгээ ухаан, сүйхээтэй учраас л “Allergy Med” гэх арьс, харшил, эмчилгээний гоо сайхны эмнэлэг байгуулж, Х хороололд арван давхар оффисын барилга барьж, Хэнтий дэх ”Аварга тосон” рашаан сувиллыг сохор зоосны гарлагагүйгээр өөрийн болгож чадсан биз.

Гэхдээ  түүнд авах чанар бас ч гэж байна аа. Цуцалтгүй хөдөлмөрлөж байж ийм амжилтад хүрсэн байж таарна. Товчхондоо дүгнэж хэлэхэд,  төрд  30 гаруй жил зүтгэхдээ хувь, хувьсгалын ажлаа зэрэгцүүлээд аваад явж чаджээ, тэр. Арьсны өвчин судлалын үндэсний төвийг үнэндээ мань хүн гадна дотно, хашаа хороогүй өөд нь татсан.  Эдүгээ тус эмнэлэг ширмэн хашаан дотор хэний ч нүдийг булаахаар  гял цял харагдаж буй. 

Тэрбээр  арьс харшлын эмчилгээ, оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж,  үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гоо заслын эмчилгээг хүртэл нэвтрүүлсэн нь улсын эмнэлгийн удирдлага төсвийн мөнгө харан гунихарч суух бус хөдлөх хэрэгтэй гэх мессэжийг бусаддаа өгсөн  сүйхээтэй эмэгтэй. Энэ л үйлчилгээний дараахнаас хувийн харшлын эмнэлгүүд Улаанбаатарт борооны дараах мөөг шиг элбэгшсэн.

Өвчлөл ч өндөр байдаг  аж. Өвчин хүн, нам хоёрыг ялгах биш. Эрүүл мэндийн салбарт улстөржилт хэрээс хэтэрснийг хэн хүнгүй шүүмжилдэг. Өмнөх Ерөнхий сайд  асан Ч.Сайханбилэг нэгэнтээ  “Сайд солигдоход том эмнэлгүүд, улсын их, дээд сургуулиудын захирал солигддог нэгэнт тогтсон гаж буруу жишгийг үндсээр нь өөрчилнө” хэмээсэн нь бий. 

Эл жишгээр  А.Цогцэцэгийг ажиллаасай гэх хүн олон байна. Тухайлбал, шинэ сайд томилогдмоц эмнэлгийн дарга нар хэзээ ажлаасаа халагдах бол бэмбэгнэж суудаг нь нууц биш. Иймэрхүү  зовлонг А.Цогцэцэг эмч биеэрээ мэдэрсэн хүний хувьд  халаа сэлгээний тал дээр болгоомжтой хандах байлгүй дээ. Намын даргын хурууны үзүүр хөдлөх төдийг толгой дохиж хүлээж авах аваас хол явахгүйгээ  А.Цогцэцэг сайд эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.