Мал сүргийн тоо 9.9 хувиар өсчээ

Мал сүргийн тоо 9.9 хувиар өсчээ

Арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд явагдсан мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2016 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 61 сая 542.0 мянган толгойд хүрч, 2015 оныхоос 9.9 хувь буюу 5562.3 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3634.9 мянга, үхэр 4080.3 мянга, тэмээ 401.3 мянга, хонь 27853.4 мянга, ямаа 25572.2 мянгад хүрч, 2015 оныхоос адуу 339.5 мянга, үхэр 299.9 мянга, тэмээ 33.4 мянга, хонь 2910.2 мянга, ямаа 1979.3 мянган толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг 18 аймаг, Улаанбаатар хот малаа таван төрөл дээр нь өсгөжээ.

Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Өвөрхангай (5208.6 мянга), Хөвсгөл (5088.6 мянга), Архангай (5009.4 мянга), Төв (4704.7 мянга), Баянхонгор (4236.3 мянга) аймгууд орсон байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Сүхбаатар, Дорноговь аймагт 40.6-48.6 мянган толгойгоор буурч, бусад аймаг, Улаанбаатар хотод 14.3-697.6 мянган толгойгоор өссөн дүн гарсан байна. Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгуудад малын тоо хамгийн их буюу 464.4-697.6 мянгаар өсчээ.

Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл адуун сүргийн тоо Дорноговь аймгаас бусад 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, Төв (382.4 мянга), Архангай (356.8 мянга), Өвөрхангай (323.4 мянга), Хэнтий (280.7 мянга), Сүхбаатар (274.6 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Үхэр сүргийн тоо Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, Архангай (581.2 мянга), Хөвсгөл (436.6 мянга), Төв (326.1 мянга), Хэнтий (296.2 мянга), Булган (293.6 мянга) аймгууд эхний таван байрт оржээ.

Тэмээн сүргийн тоо Говьсүмбэр, Сүхбаатар аймгаас бусад 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, Өмнөговь (130.5 мянга), Баянхонгор (49.7 мянга), Говь-Алтай (38.5 мянга), Дорноговь (37.7 мянга), Дундговь (33.9 мянга) аймгууд эхний таван байрт орсон байна.

Хонин сүргийн тоо 21 аймаг, Улаанбаатар хотод өсч Архангай (2667.9 мянга), Хөвсгөл (2488.7 мянга), Төв (2442.0 мянга), Өвөрхангай (2378.5 мянга), Хэнтий (1937.9 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Ямаан сүргийн тоо Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Баянхонгор (2569.1 мянга), Өвөрхангай (2220.5 мянга), Говь-Алтай (2173.9 мянга), Хөвсгөл (1937.9 мянга), Ховд (1685.7 мянга) аймгууд эхний 5 байрт орсон дүн гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.