Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа /ФОТО/

Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа /ФОТО/
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.01.09/ боллоо.
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон  Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран залав.
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар Төрийн түүхийн музейд залж байгаа хүндэтгэлийн үйл ажиллагаа юм. Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” хэмээн онцлов.
 
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залав. Үндсэн хуулийн уг эхийг 2017 оны нэгдүгээр сарын 13-20-ны хүртэлх хугацаанд 10.00-17.00 цагийн хооронд олон нийтэд үзүүлнэ.
 
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.