Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

 Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна гэдгийг онцолж байлаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ. Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн, санхүүжилтийг хэт бага хүүгээр олгох нь урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг сул талууд ажиглагдсанаас гадна чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байв.

Харин Зүүн Азийн орнуудын Хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байлгаж, санхүүжүүлж буй төсөл бүрийг бодитойгоор үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хөгжилд зориулсан бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлж чадсан байжээ.

Иймд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор, эдгээр туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ.

Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Уг байнгын хорооны хуралдаанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн оролцсон юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд цаг үеэ олсон, өмнө нь гарсан алдаануудаа зассан хуулийн төсөл болсныг онцлохын зэрэгцээ Засгийн газар хяналт тавихаар болсон нь эргээд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэт оролцсон, дээрээс чиглэл өгсөн хандлага гаргах вий гэдгийг тодруулж байлаа.

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан гэж хариулав.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэж байлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.