Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томиллоо

Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг танилцуулав. Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад Төрийн аудитын тухай хуулийн 13.8-д зааснаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан тул уг асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Я.Содбаатар: Гарааныхаа нөхцөлийг зөв үнэлэх хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Монгол Улсын ерөнхий аудиторт нэр дэвшиж байгаа Хүрэлбаатарыг дэмжиж байна. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн нэр дэвшиж байгаад талархал илэрхийлье. Юуны түрүүнд ажлаа аваад гарааныхаа нөхцөлийг зөв үнэлэх хэрэгтэй. Ялангуяа төсвийн доголдол гарсан. Өнгөрсөн дөрвөн жил Монгол Улс хамгийн их хөрөнгө мөнгөтэй байсан. Гэхдээ үр дүн ямар байсан бэ гэдгийг ард түмэндээ гаргаж хэлэх хэрэгтэй. Сая Хөгжлийн банкны шалгалтаар төсөв нь 400-500 дахин өссөн үзүүлэлттэй гарч ирж байна. Нэг км замыг барихад хэдий хэмжээний мөнгө зарцуулагддагийг гаргаж, нарийн шалгах хэрэгтэй. Цаашид ямар арга хэмжээ авах талаар бидэнд аудит нарийн чиглэл гаргаж өгөх хэрэгтэй. Төсвийн сахилга бат гэдэг зүйлийг сахихаа больсон. Сая л бид төсвийн бодлогын үеэр татаж авч ирж байж төсвөө нэг болгож авч байна. Тиймээс та гарааныхаа нөхцөлийг зөв гаргах хэрэгтэй. Ингэж байж бид цаашид алдаж онохгүйгээр эдийн засгийн хямралтай үед төсвийн сахилга батыг барьж чадна. Энэ чиглэлд анхаарч ажиллаарай.

Л.Оюун-Эрдэнэ: Эрх үүргээ ухамсарлаж, зангарагтай ажиллах хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Улсын төсөв хэлэлцүүлэхэд олон нийтийн хяналтыг оролцуулдаг. Үүнийг оруулж ирж чадахгүй байна. Манайх их гоё улс л даа. Энэ А.Зангад гэж хүний гаргаж тавьсан тайланг үзсэн. Манай улсад аудитын байгууллага байдаг үгүй нь мэдэгддэггүй. Сая Я.Содбаатар гишүүн 200 гэж байна. Зарим газар нь 5000 дахин ихэссэн. Энэ үед аудитын байгууллага хаана явж байсан юм. Энэ зүйлүүдийг маш хариуцлагатай анхаарч, эрх үүргээ ухамсарлаж зангарагтай ажиллах хэрэгтэй. Монголбанкны дарга, аудитын газрын дарга нар ямар ч хариуцлага хүлээхгүй яваад өгдөг. Ийм байдлаар битгий ажиллаарай.

Д.Хүрэлбаатар: Ил тод байж, анхаарч ажиллах болно

/Нэр дэвшигч/

-Таны тавьж байгаа олон нийтийн хяналтыг гол зүйл болгоно. Тийм болохоор ил тод байж, анхаарч ажиллах болно.

О.Баасанхүү: Бага хүн халаарай

/УИХ-ын гишүүн/

-Том албан тушаалд очиж байгаад баяр хүргэе. Гол нь том хариуцлага гэдгийг мэдэж байгаа байх. Төрийн компаниудад анхаарч ажиллаарай. Яамдууд гэхэд л төрийн нарийнуудынхаа өмнөөс сайд нар гарын үсэг зураад байдаг. Уг нь зөвшөөрөв гэж хэлж байж төрийн нарийнаараа гарын үсэг зуруулдаг. Сайдууд бодлого ярих учиртай. Жинхэнэ утгаараа төрийн нарийнууд бие дааж шийдвэр гаргадаг. Гэтэл одоо зөвхөн дүр төдий төрийн нарийнуудтай болсон. Би аудиттай байна гэдэг хулгайчгүй байна гэж ойлгодог. Хөгжлийн банкны эрс тэс хоёр зүйлийг нэг талд нь гаргаж, ард түмэнд үнэнийг нь хэлээд өгөөч. Монголд үнэхээр мөнгө байна уу, үгүй юу. Сүүлийн үед гадны банк орж ирүүлнэ гээд байна. Миний мэдэхээр Худалдаа хөгжил, Хаан банк гээд бүгд гадных. Тэгээд бага хүн халаарай.

Л.Энх-Амгалан: Аудитын ерөнхий газар улс төрийн хараат байгаа шүү

/УИХ-ын гишүүн/

-Өнгөрсөн парламентын үед Аудитын ерөнхий газартай хамтарч хэд хэдэн шалгалтад орж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийг гарынхаа салаагаар яаж асгаж болдогийг харууллаа. Энэ үед аудитын газар хаана байсан юм бэ гэдэг л гол байгаа юм. Хоёр ч удаа дүгнэлт гаргаад, гаргасан дүгнэлтээсээ буцчихдаг. Энэ нь тэгэхээр улс төрийн хараат байгаа нь харагдаж байгаа юм. Эхнийх нь маш сайн зөвлөмж байдаг. Харамсалтай нь УИХ дээр гарч ирээд өдөр, шөнө шиг өөр болчихдог. Улсын өмчит газруудыг шалгасан тайланг жил бүр хүргэдэг. Гэтэл тэр компаниудын 98 хувь нь алдагдалтай болчихсон сууж байна. 2008 онд 3.5 их наяд байсан бол 10.8 их наяд болтлоо өссөн байна. Гэтэл аудитын газраас ирүүлж байгаа материал дээр улсын өмчит газрууд ашигтай ажиллаж байна гэж байна шүү дээ.

Я.Санжмятав: Хуулийн дагуу ажиллаарай

/УИХ-ын гишүүн/

-Д.Хүрэлбаатарыг дэмжиж байна. Ер нь аудитын байгууллага анхнаасаа суурь нь зөв тавигдсан байгууллага гэж үздэг. Олон шинэ улсууд тавигдсан шүү. Айлын хүүхдүүд сайнтай муутай учраас хариуцлага алддаг зүйлүүд бий. Тиймээс таныг ажлаа аваад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст зөвлөмж өгөөд шалгах ажилдаа ороорой гэж хэлмээр байна. Тэр хүмүүсийг алдсаных нь дараа алдлаа гэх биш алдахаас нь өмнө зөвлөөрэй. Дөрвөн жилийн дараа сөрөг хулгайч нартай байхгүйн тулд хичээж ажиллаарай. Хуулийн дагуу ажиллаарай. Их нэр хүндтэй байгууллага шүү.

Н.Цэрэнбат: Хууль зөрчсөн бол зөрчсөнийг нь бичих хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Нэр дэвшигчид амжилт хүсье. Аудитын дүгнэлт бол хэн нэгний мууг үзэх биш, алдаа дутагдлыг нь хэлэх, дараагийн хүн алдаа гаргахгүй байхаас сэргийлэх ёстой гэж үздэг. Үндэсний аудитын дүгнэлт бөөрөнхий байгаад байгаа юм. Заалтыг мөрдөж ажиллаагүй байна. Хэрвээ хууль зөрчсөн бол зөрчсөнийг нь бичих хэрэгтэй. Дахиж олон хүн энэ төрлийн алдааг гаргахгүй байхад анхаарч ажиллаарай.

Б.Бат-Эрдэнэ: Эрхээ хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахгүй бол болохгүй байна

/УИХ-ын гишүүн/

-Надад гурван санал байна. Төсвийн эрх захирдаг улсуудын эрх, ажиллагаатай ялангуяа эрхээ хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахгүй бол болохгүй байна. Улсын төсөв хөрөнгийг гарын салаагаар урсгасаар байгаад улс орны амьдрал хүнд байдалд хүрсэн. Энэ нь хүмүүст их буруу нөлөөлөл үзүүлээд байна. Би батлан хамгаалахын ажлыг аваад үзэхээр бүгд тус тусдаа юм хийх сонирхолтой. Батлан хамгаалахын сургууль дээр таван дээвэр засна гэсэн хоёрыг нь хийгээд гурав нь байхгүй. Энэ мэтчилэн өчнөөн дутагдалтай зүйлүүд байна. Үүнийг хуулийн хүрээнд ажиллуулъя гэхээр их дургүй байх юм. Батлан хамгаалахын байгууллага улс орныг хамгаалахад бэлэн байх ёстой салбар. Гэтэл аж ахуй, бизнес тал руугаа байна. Хоёрдугаарт, бүх яамдуудад байгаа дотоод мониторинг хийж байгаа хүмүүст сургалт хийгээд ажиллавал тодорхой үр дүнд хүрэх юм шиг санагдаж байна. Энэ зүйл дээр анхаарч ажиллаарай.

Ж.Бат-Эрдэнэ: Шударга, хатуу зарчимтай ажиллаарай

/УИХ-ын гишүүн/

-Өнгөрсөн жилүүдэд төрийн ажил нэлээд замхарсан. Хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр хяналт суларсан. Төрийн ажил болоод Засаг дарга, Засаг даргын дэргэдэх байгууллага нэлээд замбараагүй болсон. Үүнд анхаарал хандуулаарай. Аймгийн иргэдийн хурал дээр тухайн аймгийн Засаг дарга хэрхэн ажиллаж байгаа талаар зүгээр дүгнэлт хийгээд орхидог болсон. Үүнийг дүгнэлтийг нь хэлэлцүүлдэг, хяналт, шалгалт оруулдаг байхаар ажиллаж байх гэж бодож байна. Ажилд нь амжилт хүсьё. Шударга, хатуу зарчимтай ажиллаарай.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж дуусаад Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх асуудлаар санал хураахад хуралд оролцсон 55 гишүүний 45 нь дэмжиж, 81.8 хувийн саналаар А.Зангадыг Монгол Улсын ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөллөө. Үүний дараа Монгол Улсын ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилох тухай асуудлаар санал хурааж, 55 гишүүний 49 нь дэмжиж, 89.1 хувиар дэмжигдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.