Шадар сайдын салбараа андахгүй, мэргэшсэн дарга нар

Шадар сайдын салбараа андахгүй, мэргэшсэн дарга нар
“Хэн нь хэн бэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Шадар сайдын харьяа агентлагуудын дарга нарыг онцолж байна. Шадар сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар багтдаг билээ. 
 
Салбараа сайн мэддэг генерал Т.Бадрал
 
Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар бригадын генерал Т.Бадрал ажиллаж буй. Түүнийг салбарынхаа талаар гарын арван хуруу шигээ мэддэг, ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг нэгэн гэдгийг онцгойгийнхон хэлдэг. Тэрбээр 2004 оноос эхлээд онцгой байдлын албатай сэтгэл зүрхээ холбосон нэгэн.
 
Түүний намтраас сөхвөл, тэрбээр 1966 онд төрсөн, Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын нэгдүгээр дунд сургуулийг дүүргээд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удридлагын чиглэлээр бакалавр, Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгсчээ. Түүнчлэн 2004 онд буюу онцгой байдлын албатай холбогдсон тэр цагаас эхлэн салбарынхаа талаар явагдаж буй олон улсын сургалтуудад маш сайн хамрагдсан байгаа юм. Тодруулбал, Узбекистан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, Герман улсад Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагджээ. Анх ОБЕГ-т ирэхдээ л тэрбээр Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ. Үүнээс хойш тэрбээр онцгой байдлын албанаас салаагүй гэхэд болно.
 
Тодруулбал, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажилласан гэдгээс түүнийг салбараа арван хуруу шигээ мэддэг, жинхэнэ мэргэжлийн томилгоо гэж дүгнэж болох биз ээ. Засгийн газар шинээр бүрэлдэж, агентлагийн дарга нарын томилгоог хийхэд түүнийг хамгийн түрүүнд томилсон байдаг. Мөн 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын анхны генерал цолтноор тодорсон.
 
Тэрбээр “Манай алба бол хүнд ажил. Монгол Улсын хэмжээнд хичнээн хүний амь аврав, эд хөрөнгийг хамгаалав гэдэг шалгуур үзүүлэлтээр ажилладаг. Өглөө бүр ард олон маань амар амгалан байх болтугай гэж бурхандаа залбираад ажилдаа гардаг даа” гэж хэлсэн түүний үг энэ салбар ямар их бэрхшээлийг сөрж ажилладаг болохыг илэрхийлэх нь дамжиггүй. Мөн өнгөрсөн хугацаанд онцгой байдлын салбарынхан маш олон ажлыг амжуулсныг дурьдаад ч барамгүй юм билээ. Ямартай ч, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадрал энэ Засгийн газрын жинхэнэ мэргэжлийн томилгоо болж чаджээ. 
 
АТГ-т шалгагдаж байсан ч эргэн ирсэн Б.Лхагва
 
Сонгуулиар МАН олонхи болж, Засгийн газраа бүрдүүлсэн. Харин Засгийн газар бүрэлдэн байгуулагдсанаасаа хойш хуралдах болгондоо ямар нэгэн байдлаар томилгоо хийж буй. Тэгвэл 2016 оны наймдугаар сарын 24-ний хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь   чөлөөлж, Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон юм. Мөн энэ өдөр өөр бусад томилгоог ч хийсэн. Тэгэхдээ эндээс анхаарал татаж байгаа томилгоо бол ШӨХТГ-ын даргынх юм. Учир нь тус газрын экс дарга Б.Лхагва нь хуулийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээллийг өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салаагүй. Эргэн  сануулахад, 2012 онд О.Магнай ШӨХТГ-ын даргын ажлыг авмагцаа өмнөх дарга Б.Лхагвыг зөвлөлийн таван гишүүнийх нь хамт Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт гаргаж байсан билээ.
 
Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдах замаар цуцалсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байсан. Мөн оны нэгдүгээр сард ШӨХТГ-аас нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоож, нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. АТГ-т Б.Лхагваас гадна нэр бүхий таван хүн шалгагдаж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тэгвэл шат шатны шүүхээр дамжсан эл асуудал шийдэгдэж, шүүхийн шийдвэр Б.Лхагвын талд гарснаар тэрбээр ШӨХТГ-т эргэн ирсэн юм.
 
Б.Лхагва дарга нь төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч төдийгүй өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байсан нэгэн билээ. Ямар ч байсан, АТГ-т шалгагдаж байсан тэрбээр ажилдаа эргэн ирсэн даруйдаа иргэд, хэрэглэгчдэд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөх, тэдний өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн төв 1800-1284”-ийг байгуулах шийдвэр гаргасан гэж байгаа. Мөн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын дэргэд хэрэглэгчийн санал гомдлыг шийдэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлж цаашдаа улсын хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ билээ. 
 
Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавихаа амласан Н.Цагаанхүү
 
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Түүний нэг нь Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  Н.Цагаанхүү байв. Түүний хувьд нийслэлийн арван жилийн 20 дугаар дунд сургуулийг 1978 онд, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1982 онд, Улаанбаатар дээд сургуулийг 2012 онд төгссөн. ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Индонези Улсад улс төр судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
 
Цэргийн улс төрийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Н.Цагаанхүү 1982-1986 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид улс төрийн орлогч, ангийн зааварлагч, штабын офицер, 1987 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1987-1990 онд Октябрийн районы ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, 1990-1991 онд Улаанбаатарын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, 1991-2005 онд “НБЦ” компанийн захирал, 2005-2006 онд “Шинэ эргэлт” төрийн бус байгууллагын тэргүүн ажиллаж байсан. Харин 2007 оноос МАН-ын Ёс зүйн хороонд Нарийн бичгийн дарга, намын Ёс зүйн хорооны дарга, Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2013 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж, намынхаа зарим нэг нөхдийг батлан дааж явсан удаатай. Төрийн албанд 10 жил ажиллаж буй туршлагатай.
 
Мэдээж хэрэг сонгуульд ялсан МАН-ын удирдлагууд намынхаа хариуцлагатай албыг удирдаж явсан түүнийг хоосон орхихгүй. Тийм болохоор Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилж, Улсын ерөнхий байцаагч болгосон. Н.Цагаанхүү ажилдаа орсон даруйдаа МХЕГ болон НМХГ, ХАБҮЛЛ-ээр орж мэргэжлийн хяналтын байгууллагын ажил байдалтай газар дээр нь очиж танилцахаас ажлаа эхэлсэн гэж байгаа. Мөн тамга тэмдэг гардаж авахдаа “Өнөөдөр улс орны эдийн засаг хүндхэн байгаа. Гэсэн хэдий ч бид бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэн хэн бүхэнтэй төрийн хуулийг биелүүлэхэд хяналт тавих үүргээ сахин биелүүлэн ажиллана. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгч, иргэн хүн бүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах замаар хяналтаа тавьж ажиллах ёстой.
 
Миний хувьд энэ салбарт хийж байсан шинэчлэлт, ололттой ажлыг үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ улс эх орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих болно” гэдгээ амласан болохоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилго болох Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах байх гэдэгт найдаж байна. 
 
Заргаа авч, суудалдаа заларсан Г.Гантөмөр 
 
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Г.Гантөмөрийг томилсон. Түүний талаархи мэдээлэл цахим орчинд бараг байхгүйтэй адил. Харин Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг “Тайлан хэлэлцэх үед ирээгүй” хэмээн Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ. Тиймээс Г.Гантөмөр өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн үзэж, Засгийн газрыг хариуцагчаар татан, нэхэмжлэл бичиж Сүхбаатар дүүргийн шүүх болон Төрийн албаны зөвлөлд хандсан байх юм.
 
Түүний нэхэмжлэлийг Төрийн албаны зөвлөл болон гурван шатны шүүх хянаж үзээд, Г.Гантөмөрийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж үзсэн тул түүнийг ажилд нь эргүүлэн томилсон байгаа юм. Ерөнхийдөө Г.Гантөмөр нь Стандартчилал, хэмжил зүйн газарт мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, хэлтсийн дарга, цаашлаад тус газрын даргын албыг олон жил тогтвортой хашиж байсан мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч аж. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь Тэргүүн шадар сайд байхдаа ч түүнийг мөн ажлаас нь чөлөөлж байсан удаатай ажээ.
 
Ямартай ч, олон сар жилээр шүүхдэлцэж байгаад хуучин ажилдаа очсон уйгагүй эрхэм бол Г.Гантөмөр гэж хэлж болно. Тэрбээр Стандартчилал, хэмжил зүйн газрыг сайн мэддэг хүн болохоор түүнд ажлаа аваад, хийж чадахгүй гэж түүртэх юм байгаагүй нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд ч тус газрынхан овоо олон ажил амжуулжээ.
 
Тодруулбал, Монгол Улс Европын холбооны стандартын байгууллагын хамтрагч гишүүн болжээ. Хамтрагч гишүүн болсноор Европын холбооны бүх стандартын техникийн хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж улмаар СХЗГ нь Монголын бизнесийн эрхлэгчдийн үйл ажиллагааг цахилгаан техникийн олон салбар чиглэлийн стандартаар хангах эрх нээгдсэн гэсэн үг. Мөн Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2017-2019 онд хэмжил зүйн салбарт 600 мянган еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр тохирсноос гадна хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, “Хэмжил зүйн тухай”, “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Онцгой байдлын албаны тухай анхдагч хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон гэх мэтчилэн олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Цааашдаа ч ихийг хийж гүйцэтгэх биз ээ. 
 
Э.ТУУЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.