О.Алтансүх: Гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого баримтална

О.Алтансүх: Гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого баримтална

Монгол Улсын Засгийн газар нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг төрийн бодлогоор цогцоор нь хэрэгжүүлэх агентлагтай болсон билээ. Эрхлэх асуудлынхаа хүрээгээ тэлж, олон ажил хийхээр төлөвлөөд буй тус газрын дарга О.Алтансүхтэй агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.

-Өмнө нь зөвхөн хүүхдийн асуудал хариуцдаг байсан Хүүхдийн төлөө Үндэсний газар бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, үүрэг чиглэлээ өргөжүүлэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын асуудлыг хариуцан ажиллахаар боллоо. Агентлагийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсын Их Хурлын 2016 оны XII тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилж, хүн амын гурван бүлгийн асуудлыг хариуцан ажиллуулахаар болсон. Манай байгууллагын үйл ажиллагаа өргөжсөн хэдий ч ажилтан, албан хаагчдын  тоог нэмэгдүүлээгүй. Үүнийг  илүү мэргэжлийн, мэргэшсэн байх үүрэг даалгавар гэж ойлгож байгаа. Бид шинэ бүтэц, зохион байгуулалттайгаа уялдуулан агентлагийн эрхэм зорилго, алсын хараа, стратеги, үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөн хүрээнд боловсруулж, хууль, журам, дүрмийн хэрэгжилт болон гэр бүл, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг  дээшлүүлэх асуудлаар хэд хэдэн томоохон ажлыг хийж эхлээд байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийнхаа хувьд төрөөс гарч буй салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хариуцсан салбар бүртээ тохирсон зөв бодлого явуулахын тулд суурь болон хавсарсан судалгааг явуулж байна. 2014 онд байгуулагдаж, Олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр ажиллаж байсан Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний 55 тоот тогтоолоор өөрчилж, 24 цагийн турш үнэ төлбөргүй дуудлага хүлээн авах, мөн хүчирхийлэлд өртсөн, яаралтай тусламж үзүүлэх  шаардлагатай хүүхдийг хамгаалах  хариу  үйлчилгээний бие даасан төв болгон зохион байгуулж, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ мэтчилэн тулгамдсан асуудлыг зөв шийдэх гарц, шийдлийг олж ажиллахаар бид хичээж байна. Тэгэхдээ хүний нөөц болон бусад нөөцийг эргэн харах зайлшгүй шаардлага бий.  

-Хариуцлагатай алба хашиж буй хүний хувьд хүүхдийн хөгжил, хамгаал­лын асуудалд ямар бодлого барин ажиллаж байна?

-Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгаан ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд хамгааллын төвүүдийг дэмжих, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулах, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, насанд хүртэл нь хамгаалах, амьдралд хөлөө олоход нь туслах бодлого хэрэгжүүлэх тухай дөрвөн чухал зорилтыг туссан. Хууль эрх зүйн орчны хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга  тус тус үйлчилж эхлээд байна.  Эдгээр хууль, тогтоомжид хүүхдийн дээд эрх ашгийг хангах, хамгаалах, төрийн болон бусад байгууллагын үүрэг, оролцоог тодорхой болгон хуульчилж өгсөн. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр, хүүхдийг шийтгэх явдлыг нийгмийн бүх орчинд хориглож, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих улсын байцаагчийн эрхтэй хүүхдийн эрхийн ажилтантай болж байгаа. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хуулийг дагалдан гарах  журмын дагуу хамтарсан багийг байгуулж, мэргэжил, арга зүйгээр тогтмол хангаж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх ажлын зохион байгуулалтыг хийж  эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар 23 байгууллагын 33 асрамж, халамжийн төвд 1000 гаруй хүүхэд амьдарч байна. Төвлөрсөн асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн дийлэнх нь амьдрах ухааны боловсрол эзэмшээгүй, халамж, асрамжийн газраас гараад нийгэмд бие даан амьдрах чадвар султай иргэн болж төлөвшиж байна.  Энэ мэтчилэн олон асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд олон улсын чиг хандлагыг баримтлан төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээнээс хувилбарт үйлчилгээ рүү шилжих  бодлого барьж, судалгаа шинжилгээнүүдийг хийж, үр дүнд суурилсан бодлогын саналыг боловсруулж байна.

-Хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, насанд хүртэл нь хамгаалах, амьд­ралд хөлөө олоход нь туслах зорилтын хүрээнд танай агентлаг ямар ажлуудыг хийж байна вэ?

-Бид хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхэд  гол  анхаарлаа  хандуулан  ажиллаж  байна. Хүүхэд хараа хяналтгүй болж буйн шалтгаан нь нийгмийн сөрөг асуудал болох ажилгүйдэл, архидалт, ядуурал, хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэгтэй шууд холбоотой. Гэр бүл салалтын хор нөлөө хүүхдэд шууд тусдаг. Дахин хэлэхэд өнгөрсөн хугацаанд гэр бүлийн бат бэх байдлыг дэмжсэн бодлого дутмаг байснаас гэр бүл салалт  ихэсч, үр дагаврыг нь хүүхдүүд амсч байна. Нийслэлийн нутаг давсгэрт байгаа хараа хяналтгүй хүүхдийн талаар авах арга хэмжээний тухай ажил хэргийн уулзалтууд хийсний дүнд нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж, НЗДТГ-ын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулагдсан. Мөн хараа хяналтгүй  хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, тухайн хүүхдэд тохирсон дэмжих үйлчилгээ үзүүлэх аргачлалыг боловсруулж байна. Цаашид хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулна. Энэ мэтчилэн хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон талын оролцоо, салбар дундын хамтын ажиллагаа, төсөв, хөрөнгийн нөөцийг зөв тодорхойлох зэрэг асуудлыг давхар шийдвэрлэх хэрэгцээ байгаа.

-Та яриандаа гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэж дурьдлаа. Тэгвэл гэр бүлийн тогтвортой байдал, хөгжлийг хангахын тулд хэрхэн ажиллаж байна?

-Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, аж төрөх ёсны бичил ахуй, соёл иргэншлийн хамгийн түгээмэл, нийтлэг институтийн нэг юм. Иймд монголчууд эрт үеэс  төр улс оршихуйн үндэс нь "гэр улс" хэмээн үзэж хууль, цаазаар бататган бэхжүүлж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1-т “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно, 3.1.2-т “Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ”  гэсэн зорилт дэвшүүлсэн. Иймд, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого гэсэн үзэл хандлагад үндэслэн төрөөс гэр бүлийн эрхийг хамгаалах, дэмжих, энэ чиглэлээр тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог бий болгох, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудалд, ялангуяа хүүхдийн өмчлөх эрх, хүүхэд үрчлэлт, хүүхдийн тэтгэлэг төлөлт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын талаархи эрх зүйн орчныг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулиуд Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, зарчимд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Цаашид бодлогын хүрээнд эцэг эхчүүдэд гэр бүл төлөвлөлт, хүүхдийн талаархи мэдлэгийг зөв олгох, хүүхдийн хөгжлийн үе шатуудад шаардагдах дэмжлэг, асаргаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана.   

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-нээс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн найруулж, баталсан уг хуулийн онцлог, үр дүнгийн талаар дурьдахгүй юу?

-Айл гэрийн дотоод асуудал хэмээн тодорхойлж, хөндлөнгөөс харахаас цаашгүй байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг гэж үзэх болсон. Шинэчлэлээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Харин гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцож хуульчлахдаа хоёр ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн бол хоёр жил хүртэлх хугацаагаар хорьж, давтан үйлдээгүй тохиолдолд захиргааны зөрчил гэж үзэн баривчилна. Харин баривчлагдах хугацаандаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдана. Төрийн бүх шатны байгууллага, иргэд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход ямар үүрэгтэй оролцохыг уг хуулиар зохицуулж өгсөн нь шинэлэг болсон. Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэд мэдээлдэггүй тохиолдолд шинэ хуулиар харьяалал харгалзахгүй хамгийн ойр байгаа цагдаагийн газарт мэдээлэх үүрэгтэй. Хэрэв хүчирхийллийн талаар мэдээлээгүй тохилдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

-Манай улсыг залуучуудын орон хэмээдэг ч тэдэнд чиглэсэн төрийн бодлого сул байсаар ирсэн. Тэгвэл залуучуудын асуудал хариуцсан агентлагтай болсноор тэдний хөгжил, оролцооны асуудалд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Өнөөдөр манай улсын нийт хүн амын 35.5 хувийг залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь залуучууд. Хүн амын хамгийн том бүлэг болсон залуучуудын хөгжлийг дэмжих талаар төрийн нэгдсэн, цогц бодлого манай улсад маш хангалтүй байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ бид шалтаг тоочоод, шаналаад суухыг урьтал болгоогүй. Гарц шийдэл хайн, ажиллаж байна. Нэг зүйлийг онцлоход монгол залуучуудын 15 орчим хувь нь тодорхой асуудалтай байдаг ч үлдсэн 85 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж, бусаддаа үлгэр дуурайлал үзүүлдэг. Гэтэл бүх залуучуудыг болж, бүтэхгүй байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл. Бидний ажлын үр дүн бол асуудалтай байгаа 15 хувиа хэрхэн бууруулах, ажил амьдралынхаа төлөө зүтгэж яваа 85 хувиа хэрхэн нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх явдал юм. Залуучуудын хөгжлийн асуудал бол салбар дундын асуудал.  Өнгөрсөн таван сарын хугацаанд залуучуудын асуудал тэр дундаа тэдний эрүүл мэндийг дамжих талаар цөөнгүй ажил хэрэгжүүллээ. Тодруулбал, төрийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг хэд хэдэн байгууллагатай хамтран оюутан, залуучуудын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхээр ажиллаж олон үр дүнд хүрсэн. Цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана. Бид монгол залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвхи оролцоо, хариуцлага манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

-Залуучуудын хөгжлийг дэм­жих тухай хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэл­цэхээр болсон. Уг хуульд залуу­чууд руу чиглэсэн ямар онцлог заалтуудыг тусгасан бэ?

-“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийн үндсэн агуулга хэд хэдэн зүйл дээр зангидагдаж байна. Хамгийн гол нь залуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. Хэдийгээр залуучуудаа дэмжинэ, дэмжлэг үзүүлнэ гэж ярьдаг ч яг хэнийг дэмжих вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл уг хуульд залуучуудыг хэн, хэрхэн, яаж дэмжих тухай асуудлыг цогцоор нь тусгаж өгсөн. Тэр дундаа залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын тогтолцоог гаргаж ирснээрээ  онцлог. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь гэнэт гарч ирсэн хууль биш бөгөөд 4, 5 жилийн өмнөөс судлагдаж, төслийг нь боловсруулсан юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өмнөх парламентад гишүүнээр ажиллаж байхдаа боловсруулж, хуулийн талаар 30 орчим мянган залуусаас санал авч, тэдгээр саналуудыг нэгтгэн хуулийн төсөлд суулгаж өгсөн. Тиймээс энэхүү хуулийн төсөл нь хөрсөн дээр буусан, залуучуудын амьдралд нийцсэн хууль юм. Хууль батлагдсанаар залуучуудад хөгжих, боловсрох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг өргөн хүрээнд олгоно. Залуу хүн та амьдралынхаа төлөө зүтгэ, тэмц, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө суралц, чармай. Таны энэ үйлдлийг сум, дүүргийн Засаг даргаас эхлээд УИХ, Засгийн газрын төвшинд хүртэл дэмжлэг үзүүлэх боломж байна гэдгийг л гаргаж өгсөн. Энэ ч утгаараа халамжийн бус хөгжлийн хууль юм. Мэдээж зорилтот бүлгийн залуучуудаа хэрхэн дэмжих, хэвийн амьдралд дасгах зэргийг зохицуулсан зохицуулалт ч бий. Энэ бүхний үр дүнд үүрэг хариуцлагаа ухамсарласан, өрсөлдөх чадвартай залуучууд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.