УИХ-ын даргад хууль, журам, шүүхийн шийдвэр хамаагүй юу

УИХ-ын даргад хууль, журам, шүүхийн шийдвэр хамаагүй юу

Хууль гууль болжээ. Яг ийм бичиг барид буйдантай жагсаал хийж байсан М.Энхболд дарга өөрөө л хууль, журмыг эс тоомсорлолоо. Уг нь  Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Уг нь бас л нэг хууль, журам шүү дээ. Дээрээс нь хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын нэхэмжлэлийн дагуу шүүх Засгийн газрын шийдвэрээр өвлийн морин уралдаан зохион байгуулж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд давхар давхар тушаал, журам, шийдвэр гарчихсан байхад үүнийг үл тоон энэ өчигдөр “Дүнжингарав” уралдаан боллоо.

Энд уралдааныг нь буруутгах гэсэнгүй. Яахав, томоохон уралдаан, зохион байгуулалт сайтай, унаач хүүхдүүддээ хамгаалалтын хувцас өмсгөж бариад явуулж байгаа болохоор бэртэж гэмтэх асуудал гарахгүй байгаа. Нөгөө талаас уламжлал энэ тэр гээд ярих зүйл их бий. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан. Түүнээс ч өмнө Хөдөлмөрийн сайдын тушаал гарсан. Гэтэл яагаад Засгийн газар энэ бүхнийг эс тоов. За тэгээд Засгийн газар гэхээсээ илүүтэй УИХ-ын даргын л шийдвэр шүү дээ. УИХ-ын дарга М.Энхболд бол Морин спорт уяачдын холбоог хөдөлгөж байгаа гол хүн. Тиймдээ ч уяачдаар төрийг дүүргэлээ гэсэн хэл аманд хүртэл өртөөд л яваа шүү дээ.  Мань хүн уяачдаа хөдөлгөсөн байхад ямар ч хэмжээний санал авчихаар чансаатай аавын хүү гэгдэх юм билээ.

Тийм болохоор Хөдөлмөрийн сайдын гаргасан тушаал энэ тэр бол ёстой цаасны өөдөс л байгаа биз дээ. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй том толгой гаргаж байгаа нь арай л биш байна.  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал гэдэг эмэгтэй  “Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй тул заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой” хэмээн ярьсан байна билээ.  Гэтэл манай төр засгийнхан болохоор нэг өөр юм ярьж, тайлбарлаад л хэнэг ч үгүй уралдаан зохион байгуулаад байна. Азаар “Дүнжингарав” уралдааны үеэр хүүхэд бэртэж, гэмтэж, амь насаа алдсангүй. Хэрвээ тийм зүйл болсон бол яана.

Хамгийн гол нь М.Энхболд дарга өөрөө хэдхэн жилийн өмнө хууль гууль боллоо гээд л сүржин уриа бариад, даржин жагсаал хийж байсан. Буйдан дээр суусан л даа, үнэндээ. Тийм байж яагаад одоо өөрөө шүүхийн шийдвэрийг хүртэл үл тоож, уралдаан зохион байгуулахаар улайран дайраад байгаа юм. Хэрвээ үнэхээр л уралдах л ёстой юм бол Хөдөлмөрийн сайдын тушаал шийдвэрийг цуцлаад. Шүүхийн шийдвэрийг ч гэсэн хүчингүй болгуулчихаад, энэ сарын дундуур л уралдаанаа зохион байгуулчихгүй дээ. Тэртээ тэргүй эрх мэдэл нь байгаа хойно. Төрийн өндөр албан тушаалтнууд нь ингэж дүрэм, журам, тушаал, шийдвэрийг үл тоочихоод, дараа нь яаж ард түмний өмнө шударга ёс, хууль ярьж зогсох юм бэ.

Ер нь бол асуудал хоёр талтай гэдгийг мэдэж байгаа. Монгол хүн морио уралдуулж, хийморио сэргээж, хүүхдүүд нь хурдан хүлгээ унах л ёстой. Энэ бол нэг талаараа уламжлал. Гэхдээ бас өвлийн уралдаан уламжлал мөн үү гэдгийг бодох л асуудал. Дээрээс нь хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал яригдаж байгаа болохоор ганцхан уламжлал, үзэх зүйл гэдгээр нь халхлаад, дайраад байж болох уу. Хүүхдийн эрх, аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа ТББ-ынхныг ч буруутгах аргагүй. Энэ удаад бол тушаал, шийдвэрийг юу ч биш мэт үл тоомсорлосон Засгийн газар, уяачид, холбооны тэргүүн, тэр болгоныг базаж, зангидаж байгаа М.Энхболд даргын л буруу. Эрхэм дарга хууль, журам, шийдвэрийн дээр гараад л заларчихаж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.