Н.Отгонбаатар: Гавьяат Ж.Нарантунгалаг ахтай рингэнд тулалдаж явснаараа бахархдаг

Н.Отгонбаатар: Гавьяат Ж.Нарантунгалаг ахтай рингэнд тулалдаж явснаараа бахархдаг

“ZEV fight night-1” кикбоксын халз тулааны 67 кг-ийн жинд өрсөлдөн, ялалт байгуулж, энэ сарын 28-нд Японы Нагоя хотноо зохион байгуулагдах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох “тасалбар”-аа халаасалсан “Ирвэс” клубын тулаанч, спортын мастер Нэргүйн Отгонбаатарыг редакцийнхаа зочны хойморт урьж ярилцлаа. “Ирвэс” клубын тамирчин Н.Отгонбаатар 2009 онд БНХАУ-д болсон “MMA Fight” дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны Азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн хоёр удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний хоёр удаагийн аварга,  2010 онд “MGL-1” тулааны дэд байр, 2014 онд Кёкүшин каратэгийн Ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байсан юм.

-Японы Нагояд болох “Hoost cup”-т Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон. Бэлтгэлээ хэр хангаж байна даа?

-Тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа. Нагояд болох “Hoost cup” тэмцээний  67 кг-ийн жинд оролцохоор шалгарсан. Жин хасах шаардлагатай байгаа. Одоогийн жин ерөнхийдөө 72 кг. Ихэнхдээ хөлсөөрөө жин хасч байгаа учраас ядрах тохиолдол гарна. Гэхдээ гайгүй байх. Өмнө нь 67 кг-аас 64 кг хүртэл жингээ хасч байсан удаа бий. Бэлтгэл ер нь дажгүй гэж хэлж болно. Жин хасахын тулд аль болох шингэн зүйл бага ууж, биед үлдэц ихтэй төмс, будаа хэрэглэхгүй, голдуу жимс, жимсгэнээр хооллож байна.  Японы Нагояд болох тэмцээнийг Голландын тулааны спортын хүнд жингийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хост Японы холимог тулааны холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм билээ. Японы зургаан тамирчин, Голланд, Солонгос, Монголын тус бүр хоёр тамирчинтай тулалдана.

-“ZEV fight night-1” кикбоксын халз тулаан “Hoost cup”-т оролцох тамирчдын сонгон шалгаруулалт байсан гэдэг утгаараа, мөн Д.Дагвадорж аварга “Зэв” холбооны капитанаар ажиллаж байгаа гэдгээрээ нэлээд анхаарал татаж байсан. Тус тэмцээнд ямар тактикаар оролцов?

-“ZEV fight night-1” кикбоксын халз тулаан болно, Монголынхоо холимог тулааны тамирчдыг сонгон шалгаруулж, дэлхийн тавцанд гаргах зорилгоор Асашёорюү аварга Зэв холбооны капитанаар ажиллаж  байгаа гэдэг мэдээллийг холбооныхноос аваад өөрийгөө тодорхой хэмжээнд бэлтгээд орсон. Тэмцээнд найман тамирчин 67, 70 кг гэсэн хоёр жинд оролцсон юм. Миний хувьд 67 кг-д оролцсон дөрвөн тамирчнаас хоёр тоглолт хийж, өрсөлдөгчдөө ялж, шалгарсан байгаа. Өрсөлдөгч тамирчдаа нэлээд сайн судалсан. Ерөнхийдөө бокс, кикбокс суурьтай тамирчид байсан. Ямартай ч, ялна гэсэн зорилго тавьж, бэлтгэлээ базаасан.

-Японд болох тэмцээнд ямар тамирчидтай тулалдахаар байгаа вэ. Өрсөлдөгч тамирчны судалгааг хийсэн байх?

-Судалгаа хийлгүй яах вэ. Саяхан Японд тулалдах өрсөлдөгч тамирчныхаа бичлэгийг олж авсан. Тайландын үндэсний “Мутай” гэх боксоор  хичээллэдэг тамирчин юм билээ. Энэ спорт нь боксоос өвдөг тохой ордог гэдгээрээ ялгаатай. Сайн тамирчин байна лээ. Тактикийг нь судлаад, түүний эсрэг ямар арга барил ашиглаж, буулгаж авах вэ гэдгээ багштайгаа ярилцаж, судалгаагаа хийгээд явж байна.

-Та хэзээнээс холимог тулаанаар хичээллэж эхлэв?

-Миний аав А.Нэргүй аймгийн арслан, чөлөөт бөхийн спортын мастер хүн байдаг. Тэр ч үүднээс хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Тэгээд 2007 онд хот руу шилжиж ирээд, дараа жилээс нь тулааны спортоор хичээллэж эхэлсэн. Багын л аль ч төрлийн спорт сонирхдог, хичээллэдэг хүүхэд байсан. Тулааны спорт хүнийг төлөвшүүлж, тэсвэр хатуужил суулгаж, илүү уян хатан болгодог юм шиг санагддаг. Би энэ спортоор хичээллэснээр гудамжинд зодуулахгүй, бусдыг дээрэлхэхгүй байхад суралцсан.

-Чөлөөт бөхөөр яагаад үргэлжлүүлэн хичээллээгүй юм бэ. Магадгүй таны эзэмшсэн мэргэжилтэй холбоотой байв уу?

-Долдугаар ангид байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Аав намайг дасгалжуулж, барилдаан чөлөөт бөхийн мэх зааж байсан хэрэг л дээ. Тэгээд сургуулиа төгсөөд Хууль сахиулахын их сургуульд элссэнээс хойш тулааны спорт руу орсон гэж хэлж болно. Эхлээд Японы кёкүшин каратэ гээд тулааны спортоор хичээллэсэн. Биеийн хатуужил, тэсвэр тэвчээр, хүмүүжил, төлөвшил гээд бүхий л чадварт нөлөөлдөг спорт. Одоогийн байдлаар энэ спортоор 150 гаруй орны тамирчин сонирхон хичээллэдэг юм билээ. Тулааны спортын алдартай тамирчид ихэвчлэн кёкүшин каратэгаас гарсан байдаг юм. Маш хатуу тэсвэр тэвчээрийн спорт  гэж хэлж болно. Учир нь бусад спортын тухайд зайнаас тулалдах, бултах тохиолдол байдаг. Кёкүшин каратэд ч бий л дээ. Гэхдээ нүцгэн гараараа ямар ч хамгаалалтгүй шууд цээж, хөл рүү нь цохидог. Тухайн хүний цохилт хүчтэй ирж байгаа шүү дээ. Түүнийг нь биедээ гурван минут тусгаж байгаад, хоёр, хоёр минут сунгана. Нийтдээ долоон минутын турш цохиулна гэсэн үг. Бусад  спортод ингэдэггүй биз дээ. Үүгээрээ ялгаатай. Тийм учраас л тэсвэр тэвчээрийн спорт гээд байгаа юм.

-Тулааны спорт өөрөө эрсдэлийг дагуулж байдаг. Анх тулааны спортоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байсан бэ?

-Миний эзэмшсэн мэргэжил хэв журам сахиулах, олон нийтийн ажиллагаанд оролцох, аливаа нэг зүйлд биеэ дайчлах, өөрийгөө болоод бусдыг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг учраас эцэг, эх маань нэг их дургүйцээгүй. Аав харин ч дэмжсэн. Гэхдээ хүний эцэг эх болсон хойно, “Бэлтгэлээ сайн хий, гэмтэж бэртэх вий” гэх зэргээр санаа тавилгүй яах вэ. Рингэнд 2008 оноос хойш гарсан. Өөрөө сонирхолтой байсан учраас ямар ч гэсэн тэмцээнд ороод үзье гээд МУГД Б.Ганбат багштайгаа бэлтгээд анхны тэмцээндээ орж байлаа. Анхны тулаанаа боксын шигшээгийн М.Нандин-Эрдэнэ гэдэг залуутай хийж байсан. Багш намайг сайн бэлдсэн, эсвэл би өөрөө хичээсэн ч юм уу тэр тэмцээнд шигшээгийн мундаг тамирчинтай сайн тулалдсан гээд багшдаа магтуулж билээ. Багшийнхаа үгэнд урамшаад, үргэлжлүүлэн тэмцээнд оролцож эхэлсэн. Ямар ч спорт оюун ухаан, авхаалж самбаа шаарддаг. Рингэнд бэртэл авахгүй, ялагдахгүйн тулд өөрийгөө л сайн дайчилж, бэлтгэлээ хийх нь чухал.

-Тулааны спортын том тэмцээнд оролцоод түрүүлэхэд медаль гэхээсээ илүүтэй бооцоо, урамшууллын мөнгө олгодог гэсэн үү?

-2008 оноос тулааны спортоор хичээллэж эхэлсэн гэж дээр дурьдсан. Гэхдээ би ямар нэг бооцоонд болж энэ спортод ороогүй, тэр талаар боддог ч үгүй байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд өрсөлдөгч тамирчнаа ялж  рингнээс буух л миний гол зорилго байсан. Нэг талаас эрүүл мэндээ бодсон байх. Гэхдээ одоо өөрийгөө 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад, эдийн засгийн ялгаа маш их гардаг юм байна. Одоо бол бооцоо, зэрэглэл өндөртэй тэмцээнд  оролцохыг зорьдог болсон. Хамгийн сүүлд оролцсон тэмцээн ерөнхийдөө “ZEV Fight night 1” байсан. Сүүлийн хоёр, гурван жил боксын бээлий өмсөөгүй завсарласан байсан ч,  сар орчим хугацаанд бэлтгээд орсон.

-Аль нэг тэмцээн уралдаанд оролцохдоо үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд даатгалд хамрагддаг уу?

-Даатгал байхгүй.  Одооноос л хамрагдаж эхэлж байгаа. Тулааны спорт албан ёсоор Монголд хөгжөөгүй байна. Үүнд суурилагдсан даатгалын үйлчилгээ ч хараахан гараагүй байна. Саяхнаас л судлагдаж эхэлсэн юм билээ. Тамирчдыг даатгалд хамруулдаг болчихвол бэртэж гэмтээд, гэнэтийн санхүүгийн бэрхшээл гарсан үед  нэг талаар зүгээр байна. Өмнө нь “Бэртэж гэмтсэн ч гомдолгүй, эрсдэлийг өөрөө бүрэн хариуцна” гэсэн гарын үсэг зурдаг байсан.

-Нагояд болох  тэмцээний зардлыг “Зэв” холбоо хариуцаж байгаа юу?

-Тийм ээ, бүх зардлыг хариуцаж байгаа.

-Яагаад “Зэв”-ийг сонгосон юм бэ. Дөнгөж л шинээр байгуулагдаж байгаа холбоо шүү дээ?

-Монголынхоо тамирчдыг дэлхийн тавцанд гаргах зорилгоор “Зэв” холбооны капитанаар Д.Дагвадорж аварга ажиллаж байгаа. Би аваргыг бөмбөрцгийн хүн гэж боддог. Гадна, дотны ямар ч хүнтэй холбогдчихдог, харилцаа холбоо сайтай хүн шүү дээ. Тийм учраас ямар ч асуудалгүй гэсэн үүднээс өөрийгөө бэлтгэж, “ZEV Fight Night-1”-д оролцсон.

-“ZEV Fight Night-1” тулааны урлагийг энтертайменттай холбож өгснөөрөө Монголдоо анхдагч. Таны хувьд энтертаймент чиглэлийн тулааны шоу, тэмцээнийг хэр судласан бэ. Тулааны бэлтгэлээ энтертайменттай хослуулахад тодорхой хувирал гаргана гэх зэргээр тооцоо судалгаа хийсэн үү?

-Энэ талаар судалсан зүйл байхгүй. Өөрийнхөөрөө л сэтгэлзүйн бэлтгэлээ хангасан. Энтертаймент чиглэл гэхээсээ илүүтэй өрсөлдөгчөө ялахыг л гол зорилгоо болгодог. Янз бүрийн өшиглөлт,  цохилт хийхийг хүмүүс энтертаймент гэж ярих нь бий. Миний хувьд өөрийнхөөрөө байхыг илүүд үзсэн.

-Тамирчин бүрт өөрийн гэсэн мэх, техник гэж байдаг. Таны  хувьд тулааны спортод гаргууд эзэмшсэн арга техник чинь юу вэ?

-Унаган мэх гэдэг шиг үү. Тийм мэх бий бий.  Хүн нэг цохилтыг мянга, арван мянга давтаж байж сурдаг гэдэгчлэн  миний хувьд өшиглөлтөөр давамгайлж, давшилдаг.  Үрамаваши /эргэлттэй өшиглөлт/, оширигири /эргээд гэдэс рүү нь өшиглөх/ гэх мэт өшиглөлтийн техникүүд бий.  

-Тамирчдын хувьд санхүүгийн бэрхшээл нэлээд тулгардаг юм шиг санагддаг. Хэрэв нууц биш бол  “Зэв” холбооны зүгээс тамирчныхаа ар гэрийг  баталгаатай байлгах үүднээс ямар нэг урамшуулал олгодог уу?

-“Зэв” холбоотой нарийвчилсан гэрээ байгуулаагүй. Японд болох тэмцээнд оролцсоны дараа байгуулах байх. Одоогоор бол ингэнэ тэгнэ гэсэн зүйл байхгүй.

-Та цагдаагийн ахмад цолтой. Зөвхөн тулаан гэхгүйгээр цагдаа байхын хамгийн сайхан нь юу байдаг юм бэ?

-2007 онд цагдаагийн курст суралцсан.  Хууль сахиулахын сургуульд  хуулийн чиглэлийн хичээл заахаас гадна, бие бялдарыг хөгжүүлэх, цагдаа ямар байх ёстой талаар багш нарынхаа үнэтэй зөвлөгөөг сонсч байлаа. Бие бялдарын бэлтгэлийн үеэр турник, гар дээр суниалт, маршинд гүйх, бокс, гардан тулаан, каратэ гээд бүхий л төрлийн хичээлийг заадаг. Тэр үед өөрийгөө гардан тулаанд илүү авьяастай юм болов уу гэж бодсон. Тэгээд л тулааны спортоор хичээллэсэн.

-Тамирчдын бэлтгэл сургуулилтын үндэс нь турник байдаг. Таныг ч гэсэн хүүхэд байхаасаа л турниктай нөхөрлөдөг байсан гэж дуулсан юм байна?

-Тамирчдын ерөнхий бэлтгэлд гар дээр суниалт, турник ордог юм. Манай гэрийн хажууд ахын маань байрлуулсан  турник байдаг байсан юм. Өглөө босоод турник дээрээ суниана. Өдөр хичээлээ тарж ирээд л суниана. Ажил төрлөө амжуулчихаад орой ч гэсэн тэр турник дээр л өнждөг байлаа. Эхэндээ зүгээр л суниах дасгал хийдэг байсан. Дараа нь бусад хүүхдүүдийн хийдэг бүхий л дасгалыг хийж сурсан. Одоо ч гэсэн турник дээр байнга л суниадаг.

-Монголын тулааны спортод таныг “Монгол Бойка” гэх юм билээ?

-Хүнд цохилтын аварга Юрий Бойка гэх тулаанчын тухай гардаг Оросын дөрвөн ангитай кино байдаг юм. Найз Бямба-Эрдэнэ маань надад хоч өгөхдөө тэр дүрээр нэрлэчихсэн юм билээ. Би эхэндээ мэдээгүй байсан. Найзын маань л надад өгсөн хоч нь тэр. Чамайг ингэж нэрлэлээ шүү л гэж хэлсэн. Би хувьдаа өөрийгөө тэр дүртэй адилхан гэж бодохгүй байна. Кино, амьдрал хоёр ондоо шүү дээ. Яах вэ, намайг гар, хөлөөрөө тодорхой хэмжээний тулааны техник үзүүлчихдэг болохоор л ингэж нэрлэсэн байх.

-Шантрах үе гарах уу. Ер нь рингэнд хийсэн хамгийн  сэтгэлд үлдсэн тулааныхаа талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Шантрах үе бий бий. Рингэнд гараад хүн зодох, эсвэл хүнд зодуулаад гэмтэж, бэртчихвэл “Таван цаас олохгүй байж яах гэж энэ спортоор хичээллэдэг юм бол” гээд л шантрах үе гарна. Гэхдээ яагаад ч юм цаанаасаа л тулааны спорт руу татагдаад байдаг юм.  Тамирчдыг рингэнд байхыг хараад огшоод,  өмнөөс нь гарчихмаар ч юм шиг санагддаг. 2010 онд мэргэжлийн тулааны спортын анхны гавьяат Ж.Нарантунгалаг ахтай “MGL Fight”-аар аваргын төлөө гар зөрүүлж явснаараа бахархдаг. Тэр тулаан л сэтгэлд үлдсэн дээ.

-Заавал тулааны спорт гэхгүйгээр өөрийн чинь хувьд үлгэр жишээ авч явдаг тамирчин бий юу?

-Миний л бодол шүү. Би Н.Түвшинбаяр аварга шиг барилддаг, Д.Нармандах шиг чөлөөтийн мэхтэй, Оросын гардан тулааны амьд домог Фёдор Емельяненко шиг зодолддог болох юмсан гэж боддог. Би өөрөө мэргэжлийн тамирчин биш. Ажлынхаа зав чөлөөгөөр л хичээллэдэг учраас мэргэжлийн гэж хэлж болохгүй байх.

-Мэргэжлийн тамирчны карьер хөөх талаар бодож байна уу?

-Тэгэлгүй яах вэ, Ний нуугүй хэлэхэд, тулааны спорт Монголд төдийлөн сайн хөгжөөгүй учраас одоогоор эдийн засгийн хувьд боломжгүй байна.

-Тулааны спортыг дөнгөж л хөгжиж байгаа гэж хэлж болно. Гэхдээ хүүхдүүд их сонирхон хичээллэх болжээ.  Гэсэн хэдий ч, жүдо, чөлөөт бөх шиг төрийн дэмжлэг алга. Өөрөө энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Тулааны спортыг хөгжүүлье гэсэн төрийн дэмжлэг хэзээ ч байхгүй юм байна. Гэхдээ Монголын бизнесмэн, чинээлэг эрхмүүд  хурдан морины уралдаан гэхээсээ илүүтэйгээр монгол хүнийг дэлхийд гаргахад дэмжлэг үзүүлдэг болоосой гэж хүсдэг. Манай тамирчид чадъя гэснээ чаддаг. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй байгаа юм.

-Цагдаагийн байгууллагаас тамирчдаа хэр дэмждэг вэ?

-Би “Ирвэс” клубт харьяалагддаг. Цагдаагийн дүүргээсээ хамаараад клубууд нь өөр. Тухайн цаг үеийн байдал, ачаалал зэргээс шалтгаалаад ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилт хийж л тэмцээнд оролцдог.

-Үндэсний бөхийн барилдаанд түрүүлэхэд цол нь өсөх  тохиолдол байдаг. Өөрийн тань хичээллэж буй спортоор амжилт гаргасан тохиолдолд цол нэмэх үү?

-Тэмцээнд амжилттай оролцоход цалингийн хувь, тодорхой хэмжээний гавьяа шагнал олгоно. Гэхдээ би цагдаагийн алба хаагч учраас хүний амь аварч, гэмт хэрэг илрүүлээгүй л бол цол нэмэх нь хэцүү. Бөх шиг хөгжөөгүй учраас тэр байх.

-Ойрын ирээдүйд тавьж буй  зорилгынхоо тухайд?

-Одоо би 30 хүрчихлээ. Тийм учраас ойрын хэдэн жилдээ олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээнд оролцож,  чансаагаа ахиулах л  зорилготой байна. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахад, өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.