Ц.Хосбаяр: Онгирч байгаа юм биш, П.Орхон олимпийн аварга болно

 Ц.Хосбаяр: Онгирч байгаа юм биш, П.Орхон олимпийн аварга болно

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай уулзаж ярилцлаа. Түүний хувьд 2014 оны Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 2017 оны Дэлхийн аварга П.Орхон нараар овоглох Монголын чөлөөт бөхийн нэр бүхий олон тамирчдыг дасгалжуулдаг үндэсний мэргэжлийн багш гэдгээр нь бид андахгүй сайн мэднэ. Ц.Хосбаяр багшийн гол зорилго бол энэ жил Дэлхийн аварга төрүүлсэн бол ирэх 2020 онд Олимпийн аваргыг гаргахаар бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Багшид амрах зав, амсхийх чөлөө байдаггүй. Амралтын өдрүүдэд ч “Алдар” спорт хороон дээрээ хүүхдүүдтэйгээ ид ажиллаж, дасгалжуулдаг. Бэлтгэлийн цагаас нь хугаслаж, Дэлхийн аваргуудыг төрүүлсэн “аварга” багштай ярилцсанаа ийнхүү хүргэж байна.

-Шинэхэн Дэлхийн аваргын гаргасан амжилтын талаарх яриа хуучраагүй сэдэв хэвээрээ байна. Одоо П.Орхоныг олимп л хүлээж байна гэлцэх. Мэдээж багшийн хувьд их итгэл найдвар тавьж байгаа байх?

-Би дээхэн үед цахим хуудсанаас П.Орхоныг зурсан гоё зургийг нь олж харлаа. Түүн дээр “Алдар” спорт хороо “Аваргууд академи”-д ганцхан олимпийн алтан медаль үлдлээ. Үүнийг бид авч чадна аа” гээд бичсэн байсан. Ганц П.Орхон бишээ, манай С.Цэрэнчимэд, Г.Отгонжаргал гээд хүүхдүүд байна. Дээр нь Б.Болор-Эрдэнэ маань хүч түрээд цахиур хагалаад гараад ирлээ. Хүнд жинд П.Номин-Эрдэнэ, Даваанасан гэсэн охидууд ч бий. Эрэгтэйчүүдийн хувьд Б.Гүндсамбуу, Ц.Цогбадрах зэрэг шижигнэсэн залуучуудаа 2020 оны олимпод сойно.

-Өнгөрсөн жил тантай ярилцаад сууж байхад “Энэ жил “Алдар”-аас Дэлхийн аварга төрнө. Би итгэлтэй байна” гэж ярьж байсан тань биелэлээ олжээ. Таныг хоёр ч Дэлхийн аварга төрүүлсэн “аварга” багш хэмээн ард түмэн хүндэлдэг.

-Би онгирч байгаа юм бишээ. Монголд хоёр өөр Дэлхийн аварга төрүүлсэн дасгалжуулагч багш надаас өөр байхгүй. Мэдээж хоёр өөр тамирчинг Дэлхийн аварга болгосонд бахархаж байна. Гэхдээ ганцхан би баярлаж бахархах биш, манай арми, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Алдар” спорт хорооны удирдлагууд их дэмжиж дэм өгсөн. 2001 онд намайг “Алдарт” эргээд ирэхэд орон тооны гуравхан тамирчинтай байсан. Гэвч өнөөдрийн байдлаар 140-өөс дээш тооны хүүхдүүд долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж байна. Мөн үүн дээр “Аваргууд академи” гэсэн статустай хэдэн нөхдөө ярихгүй байхын аргагүй. Манай О.Пүрэвбаатар, Наранбаатар гавьяатууд их дэм, түлхэц болж байна.

-Төв аймгийн Батсүмбэр суманд “Аваргууд академи” бэлтгэл хийх тусгай байртай болсон гэлүү?

-Тийм, сэргэлтийн баазтай болсон. Эрэгтэй, эмэгтэй хоёр тусдаа дотуур байр буюу сэргэлтийн бэлтгэлийн баазаа бариад бараг ашиглалтад орсон. Одоо бид нар амжилт гаргахад ямар ч саад бэрхшээлгүй боллоо.

-Тэгэхээр “Алдар” спорт хорооноос Олимпийн аварга төрөхөд нэг их эргэлзэхгүй, харин ч итгэлтэй байх шигээ?

-Сэтгэлийн хөөрлөөр хэлж байгаа юм биш. Гарцаагүй олимпийн аварга төрүүлнэ. П.Орхон олимпийн аварга болно. Хүмүүс анх С.Цэрэнчимэдийг Дэлхийн аварга болоход “Ганц удаагийн тохиолдол, азаар аварга боллоо” гэх мэтээр ярьж, хэлж, бичиж байсан. Дараа нь мөнгөн медаль авахад нь тэгсхийгээд чимээгүй болсон. Гэвч одоо хоёр дахь Дэлхийн аварга төрлөө. Тэгэхээр бид сэтгэлийн хөөрлөөр ярьж байгаа юм бишээ. Одоо олимпоос наана жил болгоны Дэлхийн аваргын тэмцээн байна. Энэ жил 23 насны Дэлхийн аваргын тэмцээн шинээр бий болсон. Үүнд манайхаас ямар ч байсан 7-8 тамирчин явна гэсэн зорилготой бэлтгэлээ хийж байна.

-Олон улсын тэмцээнд явах гэхээр хөрөнгө мөнгөний асуудал толгойны өвчин болдог. Ер нь төр засаг чөлөөт бөхийн тамирчдаа хэр дэмждэг вэ?

-Би “Алдар” спорт хороон дээрээ байдаг болохоос нэг ч удаа шигшээ багийн дасгалжуулагч болж үзээгүй. Би Өсөхөө даргадаа “Гадагшаа явах саналаас татгалзлаа. Би шигшээ баг руу орохгүй. “Алдар” спорт хороон дээрээ байж байгаад Дэлхийн аварга, Олимпийн медальтан төрүүлнэ” гэж амласан. Энэ жил П.Орхоныгоо Дэлхийн аварга болгоно гэсэн амлалтаа биелүүллээ. Харин төр засгийн зүгээс тамирчдадаа хэрхэн дэмжиж, дэмжлэг үзүүлдэг талаар шигшээ багийнхан мэдэх байх. Шигшээ багаас П.Орхон сүүлийн хоёр сар л цалин авч үзсэн. Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар цалингаа авч үзээгүй байна.

-Ингэхэд багш, дасгалжуулагчдын цалин хэр бэ?

-Нийтийн жишгээр 550 мянган төгрөгийн цалин авч байна.

-Амжилт гаргаад ирсэн тамирчдыг дэмжиж цалинжуулах компани, байгууллагууд хэр байдаг вэ?

-С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран хоёрыг ивээн тэтгэдэг компани бий. Сая П.Орхоныг аварга болоод ирэхэд хүмүүс дэмжиж байна. Гэхдээ тамирчдаас шалтгаалах зүйл их бий. Амжилт гаргахгүй тамирчдыг хэн дэмжих вэ дээ. “Батсол” компанийн захирал Батсайхан хоёр тамирчинг цалинжуулж байна. Бас нэг компани Б.Болор-Эрдэнийг цалинжуулж эхэлсэн байгаа.

-Шигшээ багийн тамирчдын амжилт болоод “Алдар” спорт хорооны тамирчдын амжилтыг хооронд нь их харьцуулдаг болжээ?

-Энэ талаар ярихаар хүмүүс хэрүүлийн шинж чанартай хүлээж авч хардаг байх. Яагаад манай бэлтгэл илүү байгаа юм бэ гэхээр 1989 онд УБИС-т чөлөөт бөхийн дасгалжуулагчийн анхны анги нээгдсэн байдаг. Тэр ангид би, Сэлэнгийн Ж.Ганзориг гэх мэт манай чөлөөтийн хэдэн нөхдүүд элсэн орсон. Дараа жил нь гавьяат П.Сүхбат талийгаач, заан Ц.Баярсайхан нар элсч, 1993 онд төгсч байсан. Тиймээс би өөрийгөө Чөлөөт бөхийн анхны Монголын мэргэжлийн тусгай дасгалжуулагч гэж онгирдог. Тэр ангиас өнөөдрийг хүртэл би ганцаараа дасгалжуулагчаар ажиллаж байна. Тодотгож хэлбэл, Монголд төгссөн үндэсний дасгалжуулагч гэдгээрээ би илүү.

 -Өдөрт хэдэн ээлжээр хичээллэдэг вэ. Амралтын өдөр гэж бий юу?

-Ганцхан бүтэн сайн өдөр амардаг. Өдөрт 140-150 хүүхэд дөрвөн ээлжээр хичээллэж бэлтгэл сургуулилалт хийж байна. Хүнд жингийнхэн ирчихвэл таван ээлжээр хичээллэдэг. Надад бол амрах, амсхийх зав байдаггүй шүү дээ. Өдөрт хоёр цагийн амралт олдохоор буйдан дээр хэсэг амраад авдаг.

-Насны хувьд хамгийн бага нь хэдэн настайгаасаа эхэлж хичээллэдэг вэ?

-Гурван жилийн өмнөөс эхлэн 6 настайгаас нь авч дасгалжуулж эхэлсэн.

-Сүүлийн үед Чөлөөт бөхийн холбооны нэр хүнд их унаж байна гэсэн шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж ойлгох вэ?

-Нэр сүр нь унаж байгаа гол шалтгаан нь амбийц хөөсөн хэдэн удирдлагуудтай шууд холбоотой. Хууль бус холбоог тарааж шинээр байгуулах ёстой. Нэг жишээ хэлэхэд, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн болох гэж байхад холбооны Нарийн бичгийн дарга Батбаяр Тайландад 10 гаруй хоног юу хийж яваа юм бэ. Өсвөрийн аваргын тэмцээн болох үед Баянхонгор аймагт зургаан багийн тамирчид цугларалт хийгээд хувийн мөнгөөрөө Тайланд руу явсан. Тэд холбооноос нэг ч төгрөг гаргуулаагүй. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болоход Сэлэнгэд мөн цугларалт хийгээд тэмцээндээ явахад холбооноос нэг ч төгрөг гаргуулаагүй. Гэтэл бодит байдал дээрээ өсвөр үе болон залуучуудаа холбоо дэмждэггүй нь нэр хүнд нь унах нэг шалтгаан болж байгаа юм. Хоёрдугаарт бодлого барьж байгаа удирдлагууд бодлогоо зөв барьж чадахгүй байна. Шигшээ багийн дасгалжуулагч багш нарыхаа бэлтгэлийн чанарт нь шаардлага тавих хэрэгтэй. Мөнгө төгрөгөө олж чаддаггүй юм бол ядаж бэлтгэл дээр нь шаардлага тавиач. Багш нарыг нь чанаржуулах. МЧБХ бол бид нарт юугаар тусалдаг вэ гэхээр гадагшаа явах виз дээр л тусалдаг. Тэд тамирчдын визийг гаргаж өгөхөөс өөр зүйлээр тусалдаггүй. Дээр нь өсвөрийн шигшээ баг болон залуучуудаа дэмждэггүй ийм холбоогоор бид яах юм бэ.

-Монголын чөлөөт бөхийн холбоо мөнгөгүй байдаг юм уу. Яагаад тамирчдад тэмцээнд явах мөнгийг нь гаргаж өгдөггүй юм бэ?

-Мөнгөтөй байх боломж бий. Удирдах зөвлөлийн 17 гишүүн байдаг. Дүрмээрээ бол  тэд жилд 20 сая төгрөг, дэд ерөнхийлөгч 50 сая, Ерөнхийлөгч нь 100 сая төгрөг өгөх ёстой. Ингээд бодохоор жилдээ нийт 490 сая төгрөг холбоонд орж ирэх боломжтой. Гэвч найзан дундаа орчихсон хэсэг нөхдүүд мөнгөө өгдөггүй, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг Нарийн бичгийн дарга нь хурааж авч чаддаггүй юм билээ.

-Чөлөөт бөхийн холбоонд үүсээд байгаа асуудал, хэл ам яавал намжих вэ?

-Удирдлагуудыг нь сольж байж энэ асуудал намжина даа.

-Танд гадны хоёр ч улсаас дасгалжуулагчаар ажиллуулах санал ирсэн гэсэн. Саналаас татгалзах шалтгаан юу байв?

-Надад Катар болон БНХАУ-аас санал ирсэн. Би татгалзсан. Татгалзах шалтгаан гэвэл Өсөхөө аваргадаа амласан ёсоор “Алдар” спортын хорооны “Аваргууд академи”-аас Дэлхийн аварга төрүүлэх, сая аваргаа ч төрүүллээ. Одоо олимпийн аварга төрүүлэх зорилготой.

-Олимпийн аварга төрүүлсний дараа дахин санал ирвэл яах вэ?

-Олимпийн аварга, медальтан төрүүлсэний дараа л шийднэ дээ.

 Ярилцсан сэтгүүлч О.САЙХАНЦЭЦЭГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.