Тивийн түүхийг дэлгэцнээ бичнэ

Тивийн түүхийг дэлгэцнээ бичнэ

“Эртний түүхт Монгол Улс өвлийн олимпийн наадамд  1964 оноос эхлэн оролцож байна”

 “Монгол Улс олимпийн түүхэнд шинэ амжилтуудыг үзүүлж байгаа”

“Пёнчан 2018” өвлийн олимп хөшгөө нээж, цэнгэлдэх хүрээлэнд Монголын далбаа морилох агшинд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг ийнхүү онцлов. Монгол Улс дэлхийтэй гараа атган, хүн төрөлхтөний эв нэгдлийн билэгдэл Олимпийн наадамд оролцон буйг ертөнц ингэж дүгнэн тольдов.

Дэлхийн тавцанд монгол улсын тамирчид нэрээ дуудуулж, оролцох энэ л агшин бол бидний түүх юм. Олимпийн наадамд оролцон буй хором бүрийг зургийн хальснаа буулгаж, дэлгэцнээ тодруулах нь бидний үүрэг бөгөөд тусгаар улсын том хариуцлага. Харин Монгол Улс энэ үүргээ биелүүлж, Олимп хэмээх их “Зочин”-ыг гэртээ уриад 14 жил болжээ. Анх 2004 онд айл бүрийн дэлгэцийн хойморт ТВ5 сувгаас Афины зуны олимп шууд хүрч, монголын ард түмэн тамирчдаа уухайлан дэмжиж байсан нь телевизийн түүхэнд шинэ хуудас нээж байлаа. Түүний араас монголын үзэгчид 2006 онд Турины өвлийн олимп, 2008 онд Бээжингийн зуны олимп, 2010 онд Ванкуверийн өвлийн олимп, 2012 онд Лондонгийн зуны олимп гээд нийт 30 гаруй тив дэлхийн наадмыг монголын телевизүүдийн дэлгэцнээс шууд хүлээн авч үзсэн юм.

Олимпийн дэвжээг талын монголтой холбосны үр нь төрийн бодлого спортын салбарыг дэмжиж эхэлсэнтэй холбон ойлгож болохоор. Түүний араас олимпийн аваргууд олон төрж, монголчууд телевизийн дэлгэцийг шимтэн үзэнгээ тамирчдынхаа дээлийн захыг мушгин суух болсон. Тамирчдын араас өргөсөн ерөөл медаль болон түүчээлж, дэлхийд монгол улс нэрээ тод гаргасан юм. Энэ мэт дурьдвал олон боломж бидний өмнө нээгджээ. Бид хэвлэлийнхэндээ урам өгч, алга таших учиртай.

Тэд тивийн түүхийг дэлгэцнээ бичиж байна.

Пёнчаны өвлийн олимп дэлхийн хөгжил, технологийн үсрэнгүй хөгжлийг гайхуулах аж. Дэлхийд анхны гэж хэлж болох 5G байгууламж босгосон нь олон улсын анхаарлын төвд орж, интернэт хөгжлийг мэдрүүлж байна. Мөн робот үйлчилгээ зочдод газарчлах нь олимпийн уралдаан тэмцээнээс гаднах сонин хачны нэгээхэн хэсэг байна. Таныг дэргэд нь очсон мэт сэтгэгдэл үлдээхээр үйл явдлуудыг шуурхай дамжуулахаар ТВ5 телевиз ажиллаж, 16 хоногийн турш олимпийн мэдээллээр цангааг тань тайлж байна.  

Энэ жил монголын тамирчид Олимпийн наадмаас медаль хүртсэний түүхэн 50 жилийн ой тохиож байгаа. Түүхэн тэр он цагаас хойш Монгол Улс дэлхийн дэвжээнээс нийт 26 медаль хүртэж, олон улсад эх орноо сурталчилжээ. Энэ шагнал түүчээлж, бид өвлийн олимпийн төрлөөс медаль хүртэх ирээдүй ойрхон гэдэгт итгэнэ..

                                                              Д.Үжин  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.