Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн цолыг хураа, эсвэл...

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн цолыг хураа, эсвэл...

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допинггүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 31 бөхийг допингийн шинжилгээнд хамруулснаас тав нь бүдэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэдний нэг нь шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй “В” сорьцын шинжилгээнд хамхагдах хүсэлтээ илгээсэн бол нөгөө 4 нь шинэилгээний хариуг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд мэдэгдэл хийжээ. Тодруулбал, Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар хийлээ.

Улсын гарьд Ө.Бат-Оршихын хувьд  “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байна” гэжээ.

Улсын баяр наадмын үеэр буюу цол ахих барилдааны үеэр бөхчүүдийг шинжилгээнд хамруулаагүй учраас цолыг хураахгүй хэмээн албаныхан ярьсныг цахим орчинд хүмүүс шүүмжилж эхэллээ. Хүмүүс “Цолыг нь шууд хураа, эс бөгөөс өмнө нь ийм шалтгаанаар цолоо хураалгасан бөхчүүдийн цолыг эргүүлэн олго. Аавын хүүхдийг алаг үзэх муухай” хэмээн шүүмжилж байгаа юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.