“Загреб-2018” -аас нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ

“Загреб-2018” -аас нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ

“Загреб-2018” чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий тав дахь өдөр буюу 7 сарын 6-ний өдөр (өнөөдрөөс сонгомол бөхийн төрөл эхэлж байна) охидын 46 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Саори Ёшида, “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. 
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Д.Эрдэнэтулга “Манчестер-1998”, Ц.Намуунцэцэг, А.Батцэцэг нар “Сомбатхей-2011”, З.Сумъяабазар “Снина-2014”-д үзүүрлэж байв.
46 кг-д 18 бөх барилдснаас Д.Отгонжаргал 1/8 шигшээд өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Энэтхэгийн Деви Санжуг, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шор нарыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд Японы Сакүра Мотокид 2:6-гаар ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд мөн охидын 53 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн улсын аварга, 2016 оны “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын аварга, “Женко” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Эрдэнэсувд хүрэл медаль хүртэв. Тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ээс Монголын бөхчүүдийн 15 дахь медалийг эх орондоо авчирч байна. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчид нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Эрдэнсувд тэгшитгэлд Хорватын Лаура Цицковичийг оноогоор цэвэр, 1/8 шигшээд Египетийн Хала Имбаби Ахмедийг 6:1-ээр ялсан ч шөвгийн наймд Энэтхэгийн Меенкши Меенкшид 0:6-гаар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд Унгарын Николетт Нагиг 10:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Лейла Кастрог 6:0-ээр ялснаар шагналын тавцанд зогссон юм.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар “Женко” клубийн дөрвөн шавийгаа Хорватын нийслэлд сойсноос Д.Отгонжаргал мөнгө, Б.Эрдэнэсувд хүрэл, М.Мөнхгэрэл тав, Б.Оюунгэрэл долдугаар байрт орсон амжилттай нутагтаа ирэхээр болж байна.Энэхүү амжилтыг гаргахад үргэлж туслаж дэмжиж байдаг Женко группын хамт олонд, (Талх Чихэр ХК, Баянгол Зочид Буудал), Женко клубыг үүсгэн байгуулагч Чөлөөт бөхийн Сайн санааны тоглолтын аварга ОУХМ Х.Баттуул, МУГД, ОУХМ Т.Сүхбаатар мөн үүсгэн байгуулагч ОУХМ С.Мөнхсүх нарт талархахын зэрэгцээ баяр хүргэе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.