Б.Оюун-Эрдэнэ: Том боломжийг Монголын ард түмэн бидэнд олголоо

Б.Оюун-Эрдэнэ: Том боломжийг Монголын ард түмэн бидэнд олголоо

Олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Байт харвааны зориулалтын энэ талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босч байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм. Ийнхүү тамирчдын төлөөлөл болсон Зэвт-Асар клубийн тамирчин, пара байт харвааны шигшээ багийн тамирчин, спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Байтынхан хамтын хүчээр олон нийтийг уриалан оролцуулж сайхан талбайтай боллоо. Өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Таны сэтгэгдлийг сонсох гэсэн юм?

-Мэдээж маш өндөр байна. Байт харвааны олон улсын жишигт нийцсэн ийм сайхан талбайтай болж байгаад тамирчид бид маш их баяртай байгаа. Талбайтай болох их үйлсэд бүгдээрээ л чадах чадахаараа тус дэмээ хүргэж байлаа.

Өмнө нь талбайгүй байхад бэлтгэл сургуулилалтаа хийхээс эхлүүлээд асуудал маш их тулгардаг байсан. Энд тэндхийн компанийн хашаанд харвах, түрээслэх гээд бөөн асуудалтай тулгараг байлаа. Одоо өөрсдийн гэсэн талбайтай болсноор тамирчдын амжилт, дээшлэх, мөн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцох боломж нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Таны хувьд өмнө нь ямар амжилт үзүүлж байв. Та бүхний хөлс хүч, сэтгэл зүрх шингэсэн байт харвааны талбай өнөөдөр ашиглалтад орж байна. Түүнээс хойш ямар тэмцээнүүд таныг хүлээж байна вэ?

-Урьд нь би Лондонгийн паралимпод есдүгээр байрт орж байсан. Мөн Рио Де Жанерогийн олимпод есдүгээр байрт орж, холимог багаараа дөрөвт орж байсан. Азийн наадам, 2019 оноос эхлээд олимпийн эрхийн тэмцээнүүд эхэлж байгаа. Тэгээд Токиогийн олимп болно. Тиймээс олимпийн эрхээ авч, амжилттай оролцохыг хичээж байна даа. Байтын бүх тамирчид над шиг өөр өөрсдийнхөө өмнө тавьсан зорилгынхоо төлөө хөлс хүчээ гаргаж байгаа. Тиймээс бүгд энэ талбай дээрээ тасралтгүй бэлтгэлээ хийх байх гэж бодож байна.

-Пара байт харваагаар үндэсний шигшээд хэдэн тамирчин байдаг юм бэ?

Пара байт харвааны дөрөв таван тамирчин байгаа. Эмэгтэй ганц тамирчин нь би. Бусад нь эрчүүд.

-Байтынхан өөрсдөө санаачлан манлайлаад, төрөөс нэг ч төгрөг авалгүй олон нийтийн 100 хувь тусламж дэмжлэгээр ийм сайхан  талбайтай болж байна. Таны хувьд энэ ажилд хэрхэн тусалсан бэ?

-Хүнд хүчир ажлыг нь хийж чадахгүй болохоор өөрийн чадах зүйлээрээ л гар бие оролцлоо. Цэвэрлэгээ, ногоон байгууламж зэрэг зүйл дээр нь өдөрт ирж тусалж байна. Ийм гоё талбайтай болоход бүх төрлөөр тус дэм хүргэж байгаа хандивлагч, зохион байгуулагчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Бид эндээ өвөл зунгүй бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой болох юм билээ. Энэ их боломжийг Монголын ард түмэн бидэн олгож байна. “Баярлалаа” гэж ахин дахин хэлье.

М.Уянга

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.