Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо

Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо

Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд эхэлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргууд тодорлоо.

Тэмцээн Монголын байт харвааны холбооноос санаачлан ард түмний хандиваар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулсан “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбайд боллоо. Нийт 12 байгууллагын 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Харваачид ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог баг гэсэн төрлөөр өрсөлдөж нийт 45 багц медалийн төлөө өрсөлдсөн ба байгууллагын дүнгээр “Алдар” спорт хорооныхон тэргүүллээ.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр биднийг очиход медалийн төлөөх харваанууд явагдаж байлаа. Бусад спортыг бодвол нас, жингийн ангилал гэх зүйлгүй учир насанд хүрсэн бүх хүн оролцох боломжтой. Гэхдээ ахмадууд оролцоогүй. Учир нь энэ долоо хоногийн бямба гаригт байт харвааны ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар товлогджээ.

Байтынхан зориулалтын талбайгүйгээсээ болж улсын аваргын энэ тэмцээнээ өнжих үе ч байдаг байсан тухай тамирчид ярьж байлаа. Харин өөрсдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн барьж байгуулсан талбайдаа тэд өнөө жил сэтгэл тэнэгэр харваж байгаа нь харагдсан. Цаашид Улсын аварга шалгаруулах тэмцээнээ өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад нас гээд тогтмол зохион байгуулж байх боломжтой талаар тамирчид, болон зохион байгуулагчид ярьж байлаа. Түүгээр зогсохгүй байтын тамирчид энэ талбай дээрээ хэнээс ч гуйхгүй бэлтгэл сургуулилалтаа хийж, олон улс, дэлхий, цаашилбал олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа намируулах боломж бүрдэж байгаа нь хамгийн том боломж, завшаан хэмээн тэд монголчууддаа баярлаж, өөрсдөөрөө бахдаж суугаа биз ээ.

Тэмцээний үер талбайд 100  гаруй тамирчид, мөн дэмжигчид гээд олон хүн цугласан байсан ч тэд өөрсдийн бүтээсэн зүйлдээ эзний сэтгэлээр хандаж, бүртийх ч хоггүй байсанд ч баярлах сэтгэл төрж байлаа.

Тэмцээний дүнг хавсарган хүргэе.

Компаундын төрлөөр

Эрэгтэй хувийн дүнгээр

1-р байр          Г.Шандан                   Спортын дэд мастер             “Алдар” спорт хороо

2-р байр          Д.Энхтөр                    Спортын мастер                    “Зэвт Хасар” клуб

3-р байр          П.Жамьянгомбо       Спортын мастер                    “Зэвт Хасар” клуб

Эмэгтэй хувийн дүнгээр

1-р байр          Б. Батдулам               Спортын мастер                    “Зэвт Хасар” клуб

2-р байр          Б.Мөнгөнчимэг                                                         “Алдар” спорт хороо

3-р байр          Б.Энхтамир                Спортын дэд мастер             “Алдар” спортхороо

Холимог багийн дүнгээр

1-р байр          “Зэвт Хасар” клуб

2-р байр          “Алдар-2”  баг

3-р байр          “Алдар-1”  баг

Байгууллагын дүнгээр

1-р байр          “Алдар” спорт хороо

2-р байр          “Хангарьд”  клуб

3-р байр          “Нийслэл өргөө” клуб

Рекурв төрлөөр

Эмэгтэй хувийн дүнгээр

1-р байр          Б.Урантунгалаг                     ОУХМ                         “Добуу мэргэн” клуб

2-р байр          Г.Уянга                       Спортын дэд мастер          “Хангарьд” клуб

3-р байр          А.Энхтуяа                 ОУХМ                                     “Хангарьд” клуб

Эрэгтэй хувийн дүнгээр

1-р байр          Г.Мягмардорж           ОУХМ                                     “Нийслэл өргөө” клуб

2-р байр          Ө.Эсэхийт                  Спортын мастер                    “Алдар” спорт хороо

3-р байр          Б.Адьяасүрэн             ОУХМ                                     “Хангарьд” клуб

Эрэгтэй баг

1-р байр          “Алдар” спорт хороо

2-р байр          “Хангарьд” клуб

3-р байр          “Нийслэл өргөө” клуб

Эмэгтэй баг

1-р байр          “Алдар” спорт хороо

2-р байр          “Хангарьд” клуб

3-р байр          “Нийслэл өргөө” клуб

Холимог багийн дүнгээр

1-р байр          “Хангарьд-1” баг

2-р байр          “Хангарьд-2 баг

3-р байр          “Нийслэл өргөө -2 баг

Г.Мягмардорж: Бүтэн жил завсарласан ч том амжилт гаргаж чадлаа

Рекурв төрлөөр харваж, ганцаарчилсан төрлөөр улсын аварга болсон ОУХМ Г.Мягмардоржтой уулзсан юм. Тэрбээр “Нийслэл өргөө” клубээс харвадаг бөгөөд жил гаруй завсарлаж байгаад эргэн спортдоо ирсэн тухайгаа ярилаа.

-Дөнгөж сая алтан медалийн төлөөх харваагаа хийж, улсын аварга боллоо. Танд халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Би байт харваагаар хичээллээд есөн жил болж байна. Урьд нт бүх ар түмний спартикадад гурван удаа түрүүлж байсан ч улсын аварга болж байгаагүй. Анх удаа улсын аварга болж байна.

Байтынхан маань шинэ талбайтай болоод анхны улсын аваргаа зохион байгуулж байна. Шинэ талбай дээр зохион байгуулагдсан анхны тэмцээн дээр аварга болж байгаадаа маш их баяртай байна. Багаар болон холимог багийн харваагаар мөн хүрэл медаль хүртсэн баяртай байна.

-Таны харвасан рекурвийн төрөл юугаараа онцлог вэ?

-Рекурвийн төрөл нь 70 метрээс харвадаг бөгөөд түрүүлж зурргаан оноо харвасан нь түрүүлдэг. Нэг сэтэндээ хоёр оноо авах боломжтой байдаг. Би сая зургаа дөрьийн харьцаатай яллаа.

-Шинэ талбайн харвасан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Маш их сандарлаа. Өмнө нь нэг ч харваж үзээгүй цоо шинэ талбай шүү дээ. Миний сандрал ч өмнө өмнөх тэмцээнүүдэд ийм их байж үзээгүй. Шинэ талбайнхаа салхийг мэдэхгүйгээс болсон байх. Яг харваа хийхэд нэлээн ширүүн салхитай байлаа. Ана мана үзэлцсээр л гарч ирлээ. Өрсөлдөгч маань бэлтгэл сайтай бйана. Чанга байлаа.

-Таны хувьд бэлтгэл хэр байв. Бэлтгэлээ хаана хийж байв?

-Би бүтэн жил харваагүй байж байгаад сүүлийн таван өдөр идэвхтэй бэлтгэл хийж байгаад улсын аваргын тэмцээнд орлоо. Асар их сандралтай байсан гол шалтгаан маань ч энэ байсан байж мэдэх юм.

Б.Урантунгалаг: Нийт 10 удаа улсын аварга болж байна

Байт харвааны ОУХМ Б.Урантунгалаг рекурвийн төрлөөр улсын аварга болсон юм. Энэ нь багийн болон ганцаарчилсан төрлөөр улсын аварга болж байгаа түүний 10 дахь удаагийн амжилт юм. Ийнхүү түүнийг алтан медалийн төлөөх харваагаа хийсний дараа сэтгэгдлийг нь сонссон юм. 

-Танд баяр хүргэе. Амжилтаасаа хуваалцаач.

-Баярлалаа. Би “Добуу мэргэн” клубээс харвадаг. 2015 онд анх ганцаарчилсан төрлөөр улсын аварга болж байлаа. Түүнээс хойш өнөөдөр дахин аварга болж байна. Маш баяртай байна.

-Таны олон удаа аварга болж байсныг мэдэх юм. Яг хэдэн удаа аварга болж байсан билээ?

-Багийн болон ганцаарчилсан төрлөөр нийт 10 удаа улсын аварга болж байна. Өнөө жил яг 10 дахь нь. Яг хэд хэдэн онд гэдгээ нарийн санахгүй байна. Миний хувьд хамгийн том амжилт гэвэл энэ л байна даа.

Г.Шандан: Компаунт нь олимпийн төрөлд багтдаггүй ч бусад тэмцээнд бүгдэд нь багтдаг

Энэ үеэр “Алдар спорт” хорооноос  харвадаг спортын дэд мастер Г.Шанданг компаунт төрлөөр харваад улсын аварга болсных нь дараа сэтгэгдлийг нь сонслоо.

-Байт харвааны компаунт төрлөөр харваад улсын аварга боллоо. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ спортоор хичээллээд жил 6 сар болж байна. Өнгөрсөн хавар заалны улсын аваргаар дэд мастерын цол хангаад, одоо насанд хүрэгчдийн гадаах тэмцээний улсын аваргад түрүүлсэндээ баяртай байна.

-Өрсөлдөгчид хэр байв. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байв?

-Энэ жилийн хувь манай тамирчид шинэ талбайн бүтээн байгуулалтын ажилд өөрсдөө оролцоод, түүнээс шалтгаалан тамирчид маань бэлтгэл жаахан дутуу дулимаг байсан тал бий байх. Гэхдээ тамирчдын хувьд жигд сайн байлаа. Миний хувьд энэ намар болох Азийн наадмын бэлтгэлдээ гарчихсан байсан болохоор бусад тамирчдаас арай бэлтгэл сайтай байв уу гэж өөрийгөө дүгнэлээ. 

-Байт харваа нь рекурв, компаунт гэсэн хоёр төрөл байдаг. Таны харвадаг компаунт төрөл нь рекурв төрлөөсөө юугаараа онцлог вэ?

-Байт харваа нь рекурв буюу олимпийн, компаунт буюу олон улсын гэсэн хоёр төрөлтэй. Миний хичээллэдэг компаунт төрөл нь олимпод ордоггүй. Гэсэн ч олимпоос бусад Дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадам гээд бүхий л тэмцээнүүдэд багтдаг.

Нумны хувьд их өөр. Рекурв төрөл бол биеийн хүч илүү шаарддаг, байнгын бэлтгэл сургуулилалт шаарддаг. Компаунт төрөл харьцангуй бага. Гэхдээ л спорт юм хойно байнгын биеийн бэлтгэлжилт шаарддаг. Компаунт төрөл нь анх үүсэхдээ ангийн чиглэлээр үүссэн. Түүнээс хойш олон улсын спортын төрөл болтлоо хөгжиж чадсан харваа юм. Дэлхийд маш жигд хөгжсөн байдаг. Монгол хөгжөөд найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ төрлөөр харьцангуй нас тогтсон гэх үү 30 гарсан хүмүүс хичээллэвэл амжилт гаргах боломжтой гэж хардаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.