П.Цагаан олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдад баяр хүргэлээ

П.Цагаан олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдад баяр хүргэлээ

 “Дайчин чанар-тэсвэрийн талбар”-360* талбайд өнөөдөр Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан сүүлийн саруудад болсон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, багш дасгалжуулагчидтай уулзан баяр хүргэж, урамшууллаа.

Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотноо 9 дүгээр сарын 25-29-нд болсон "Олон улсын хүүхдийн наадам"-ын хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн тамирчин Т.Абылай мөнгө, охидын багийн тэмцээнд "Нийслэл Өргөө" клубын тамирчин М.Золзаяа, "Нийслэл Өргөө" клубын тамирчин Б.Баясгалан, Төв аймгийн тамирчин О.Анужин  нар хүрэл медаль, холимог багийн тэмцээнд Төв аймгийн тамирчин О.Анужин Буриадын тамирчинтай баг болон харваж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилттай ирсэн юм. Багийн дасгалжуулагчаар Ж.Отгон, Ө.Цэрэнмядаг, шүүгчээр багийн ахлагч Б.Цэцгээ ажиллажээ.

2018 оны 9 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд Малайзь улсын Пенан хотноо болсон Ази Номхон далайн орнуудын Ахмад мастеруудын наадамд байт харвааны төрлөөр оролцсон тамирчид мөн л өндөр амжилт үзүүлсэн байна. Эрэгтэйчүүдээс СМ Б.Ганзориг, СМ Ж.Дашдорж нар мөнгөн медаль, СМ Б.Лхагвасүрэн хүрэл медаль, эмэгтэйчүүдээс ОУХМ Ш.Бямбасүрэн алт, Х.Отгонтуяа мөнгө, СМ П.Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Дасгалжуулагчаар Добу Мэргэн клубын дасгалжуулагч Б.Золбоо, багийн ахлагчаар Ш.Оюунчимэг нар баг тамирчдаа удирдан оролцжээ. Тус наадам спортын 22 төрлөөр зохион байгуулагдаж, Монгол уУсаас 130 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон байна. Ахмадын Зөвлөлийн дарга Н.Бямбасүрэн тэмцээнд тамирчид, дасгалжуулагчдаа амжилттай бэлтгэснийг энд онцлон дурдая.

Энэ үеэр П.Цагаан хүүхдүүдэд байт харвааны анхны хичээлээ заалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны олон улсын стандартын талбай баригдсанаас хойш олон хүн нас, хүйс харгалздаггүй, эрүүл агаарт хичээллэх боломжтой энэ спортыг сонирхох нь олширсон юм. Тус талбайд байт харвааны холбооны удирдлагууд, багш дасгалжуулагчид тэр ч байтугай тамирчид  ч байт харваагаар хичээллэхийг хүссэн хүн бүрт хичээл заах юм байна.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.