Б.Отгонболд: Байт харвааны түүхэнд шинэ хуудас нээсэндээ баяртай байгаа

 Б.Отгонболд: Байт харвааны түүхэнд шинэ хуудас нээсэндээ баяртай байгаа

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболдтой байт харвааны хөгжил, амжилтын талаар ярилцлаа.

-Байт харвааны хөгжлийг тамирчин хүний нүдээр дүгнэж үнэлбэл?

-Энэ жил  Монголын байт харвааны холбоо болон байт харвааны тамирчдын хувьд онцлох жил байлаа. Учир нь бид “360” гэсэн байт харвааны өөрсдийн гэсэн талбайтай боллоо. Үүнийг бүх ард түмний санхүүгийн болон сэтгэл санааны хөдөлмөр зүтгэлийн хандиваар бий болголоо.

Ирэх жил битүү ордонтой болох гэж байна. Тиймээс ирэх жилээс бид заавал гадаад руу өндөр өртөг зардлаар бэлтгэл сургуулилт хийхгүйгээр эх орондоо улирал, цаг агаарын нөхцөл харгалзахгүй хичээллэж, бэлтгэл сургуулилтаа базаах бүрэн боломж бололцоотой болно.

Энэ бол Монголд байт харваа үүссэн гэх 58 жилийн түүхэнд хийгдээгүй асар том ажил, бас бүтээн байгуулалт боллоо хэмээн тамирчид бид сэтгэл маш хангалуун байгаа. Энэ дашрамд Монголынхоо байт харвааны холбооны удирдлагууд, үе үеийн тамирчин дасгалжуулагчдадаа, тэдний ар гэрийнхэн, Монголынхоо нийт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Энэ жилийн хувьд манай байтын тамирчид Азийн наадамд бахдам сайхан амжилт үзүүлсэн. Чиний хувьд хоёр ч төрөлд оролцсон. Энэ талаараа товч ярихгүй юу?

-Солонгост болсон Азийн наадамд манайхан маш амжилттай оролцож, байт харвааныхаа түүхэнд бас нэг шинэ хуудсыг нээсэндээ баяртай байгаа. Миний хувьд Азийн наадмын тоглолтод эрэгтэй баг болон холимог багийн гэсэн хоёр төрөлд баг хамт олонтойгоо оролцсон.

Энэ жил манай байтынхан бүтээн байгуулалтын ажилтай байж байгаад бэлтгэл сул оролцсон тал бий. Гэхдээ бас туршлага дутсан зүйл ч бий. Гэхдээ бид дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг БНСУ-ын багийг ялсан ч Япон, Хятадын багт хожигдон хүрэл медалийн үзүүрээс атгаад л алдсан.

-Одоо манай тамирчдыг ямар тэмцээнүүд хүлээж байна. Олимпийн эрх олгох тэмцээнүүд байгаа байх?

-Ирэх жилийн зургадугаар сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Түүн дээр олимпийн эрх олгоно. Бидний хувьд ирэх жил асар хариуцлагатай жил байх болно. Тиймээс бид одооноос бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хийж байгаа.

-Байт харвааны спортоор хичээллэхийн ач тусын талаар залууст хэлж, уриалбал...?

-Хамгийн гол нь тэсвэртэй болдог. Шантралыг даван туулах чадвартай, тууштай болдог. Хоёрдугаарт, биеийн эрүүл мэндэд тустай. Түүгээр зогсохгүй насны хязгаар заадаггүй учраас найман настай балчраас 80 настай буурал хүртэл хичээллэх боломжтойгоороо давуу талтай.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.